Сүүлийн жилүүдэд иргэд цахим мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний хөрөнгөө алдсан тохиолдлууд ихээр гарсаар байна. Тэдний зарим нь амьдарч байгаа байр, унаа, компаниа хүртэл зарж тогложээ.
Цахим мөрийтэй тоглоомонд бүрэн донтож, гурван жилийн дотор 1 тэрбум 200 сая гаруй төгрөг болон гэр бүлээ алдсан байна.
Иргэн Ц нь одоогоос 3 жилийн өмнө цахим мөрийтэй тоглоом тоглож эхэлжээ. Энэ хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг алдаж, 500 сая төгрөгийн өр төлбөрт орж, гэр бүл найз нөхөд, өмч хөрөнгөө алдсан байна.
Иргэн Ц: “Би сүүлийн гурван жилийн хугацаанд тоглож байна. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хохирлын хэмжээ нийт 1 тэрбум 200 гаруй сая төгрөг байгаа. Өөрийн мөнгө хүнээс зээлж авсан гээд л нийт хэмжээ.
Хамгийн анх манай ойрын найз онлайнаар покер тоглодог байсан. Би мэддэг байсан ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад л болох юм байна гэж бодоод тоглож эхэлсэн. Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөнгөө алдаад ирэхээр буцаагаад богинохон хугацаанд олоод авчхаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожигдох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөнгөөр тоглодог өрөөнүүдэд ороод алдах хэмжээ нь ч улам их болчихсон. Ний нуугүй ярихад би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглож эхлээд хадгаламж руу гаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Дараа нь бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж, түүнийгээ алдсан. Өрөө авах хүмүүс эхнэр рүү минь ярьж эхэлсэн. Ингээд л хэрүүл үүсэж, эхнэр салсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.
Эхэндээ би луйвар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод л өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед л тоглогч нарын хөзрийг бүгдийг цаанаас нь хянаад хараад байж байдаг юм байна гэдгийг мэдсэн. Онлайн покерийн Монгол сайт ч байгаа, гадаад ч байгаа. Тэд бүгд л луйвар” гэжээ.
Иргэн Ц мөрийтэй тоглоом тоглохын тулд 500 сая төгрөг хүнээс зээлжээ. Үүнийгээ төлж барагдуулж чадаагүй тул одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.