Украин Өрнөдийн холбоотнуудтай байлдааны нисэх онгоц, алсын тусгалтай пуужин нийлүүлэх яриа хэлэлцээг яаралтай горимоор эхлүүлсэн тухай Киевийн эрх баригчид мэдээлэв. Өрнөдийн холбоотнууд нь “дайн яаж явагдаж буйг сайн ойлгосон” тул газраар довтлох танкуудыг агаараас дэмжих зэвсэг нийлүүлэх хэрэгтэй гэж үзсэнийг Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк мэдэгдсэн байна. Гэхдээ Өрнөдийн зарим түншүүд нь олон улсын харилцааны архитектурыг өөрчлөхөөс болгоомжилж, зэвсэг нийлүүлэх асуудалд “хуучинсаг” байр сууринаас хандаж буйг тэр хүлээн зөвшөөрсөн юм. “Бид тэдэнтэй тулж ажиллах шаардлагатай. Бид түншүүддээ дайны бодит дүр зургийг танилцуулж, зэвсэг нийлүүлэх нь яг ямар ач холбогдолтойг тайлбарлаж, Европ тивийн аюулгүй байдлыг хангах ач холбогдлыг нь ойлгуулах хэрэгтэй байна” гэж Подоляк хэлжээ.
Өрнөдийн холбоотнууд танк нийлүүлэх шийдвэрээ зарласны дараа Оросын арми Украины газар нутагт үзүүлэх агаарын цохилтоо нэмэгдүүлсэн юм. Зөвхөн Баасан гарагаас Бямба гарагийн өглөөг хүртэлх хугацаанд Оросын талаас Украины газар нутагт нийт 10 пуужин харваж, агаараас 26 удаа довтолж, 81 удаа их буугаар галласан байна.Энэ үеэр Херсон мужид хоёр энгийн иргэн алагдсан тухай “Associated Press” мэдээлжээ.