Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагаас Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан, байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны дүнг өнөөдөр зарлалаа. Энэхүү тэмцээнийг гуравдахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа ба энэ удаагийн тэмцээнийг хоёр сэдвийн хүрээнд явуулж зургаан байрт шагнал гардууллаа. Эхний сэдвийн хүрээнд тэргүүн байрыг “Ургаж байгаа мод” бүтээлээр Х.Цэнгэжав, хоёрдугаар байрыг “Өнөөдрийн идэх хоолоор маргаашийн ирээдүйг солих уу” бүтээлээр Ц.Чойжамц, гуравдугаар байрыг “Говийн нар инээж байна” бүтээлээр Б.Батзориг нар шалгарлаа. Хоёрдахь сэдвийн хүрээнд Д.Энхмарт тэргүүн байрт шалгарсан бол хоёрдугаар байрт “Уур амьсгалын өөрчлөлтөөс дайжиж биш зохицож амьдарья” бүтээлээр Д.Өлзийсайхан, гуравдугаар байрт “Батоникийн цэцэрлэгийг авраач” бүтээлээр А.Мөнхтуул нар тус тус шалгарсан байна.
Бичлэгийн тэмцээнд нийт 20 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 14 бүтээл шалгарчээ. Уг бүтээлүүдийн дийлэнх нь өдөр тутмын сонинд хэвлэгдсэн бөгөөд энэ жилийн хувьд сайтуудад нийтлэгдсэн бүтээл их ирсэн нь монголын сэтгүүл зүй орчин үеийн хандлагаар цахимжиж байна хэмээн Хэвлэлийн хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Ц.Тамир хэллээ. Мөн энэ үеэр Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны, Сав газрын удидлагын хэлтсийн дарга Х.Түвшинбаяр “Монгол орны усны сав газрын захиргаа 2012 онд байгуулагдаж нийт 21 сав газрынг хамгаалах ажлыг хийж байна. Усны асуудал бол манай улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг. Ширгэж байгаа нуур, шургаж байгаа гол усыг хамгаалах, байгаль орчин зөв зохистой ашиглах, иргэдэд экологийн боловсрол мэдлэг олгохоор зорьж ажилладаг. Энэ ажлын хүрээнд Улз голын сав газарт уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох тиөсөл хэрэгжүүлж байна. Мөн олон нийтэд мэдээлэл хүргэх үүднээс байгаль орчны сэтгүүлчдийн дунд нийтлэлийн уралдаан зарлах, сэтгүүлчдийг хөдөө орон нутаг руу дагуулж явах гэх мэт олон ажил зохион байгуулж байна” гэлээ.