Өнөөдөр “Хөдөө гэр” төслийн хэвлэлийн бага хурал НҮБ-ын байрны хурлын зааланд боллоо. Тус төслийн зорилго нь тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд, байгаль хамгаалагч малчдын оролцоог нэмэгдүүлэх, сурган чадвахжуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон амжилттай нэвтрүүлэх юм. Уг төсөл нь 2017 оны зургадугаар сараас 2019 он хүртэл хоёр жилийн хугацаанд зохиогдоно. Төслийн хүрээнд Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Дундговь аймгуудын ойн нөхөрлөл, байгаль хамгаалагч малчдын бүлэг хамрагдаж үйл ажиллагаагаа явуулах аж.
Ойн нөхөрлөлүүд нь хүний хүчин зүйлтэй холбоотой зөрчлийг багасгах, өөрийн нутаг, байгалиа хамгаалах харуулын үүргийг сайн дураараа эрхлэн гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар ямар ч албан ёсны урамшуулал, цалингүй ажилладаг байна.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах аргуудын нэг нь нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх явдал хэмээн албаны хүмүүс хэлж байна.
Нэрт гарсан цөөн газарт аяллаар явж буй хүмүүс шавах, даац хэтрүүлэх байдал сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Гэтэл Монгол орон өргөн уудам, байгалийн үзэсгэлэнт болон түүхийн ховор нандин дурсгал бүхий газрууд их байдаг.
Төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй аялал их байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд нь цөөн хэдэн үзэсгэлэнт газрууддаа байрлан гадны жуулчдад өндөр үнээр үйлчлэх сонирхолтой байдаг гэнэ. Иймд хариуцлагатай аяллыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлж өртөг багатайгаар аялангаа ойн нөхөрлөлүүдээ дэмжиж, тэдэндээ хөрөнгө оруулан, байгалиа хамгаалахад хүн бүр өөрсдийн хувь нэмрээ оруулахыг уриалав.
С.НАРАНЖАРГАЛ