Categories
мэдээ нийгэм

“Байгаль орчин, эдийн засгийн данс байгуулах чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын семинар болж байна

Семинарын нээлтийн үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа “Дээрх төслийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүй, мэдээллийн туслалцаа үзүүлсэн байгууллагууд, техникийн туслалцаа үзүүлж, удирдан зохион байгуулж хамтран ажилласан Азийн хөгжлийн банкны баг хамт олонд талархал илэрхийлье.

Үндэсний статистикийн хороо дэлхийн улс орны статистикийн байгууллагуудын адил НҮБ-ын статистикийн комиссын 43-р чуулганаар батлагдсан улс орны эдийн засаг, байгаль орчны харилцаа холбоог илэрхийлэх байгалийн хөрөнгийн нөөц, түүний өөрчлөлтийг тодорхойлох олон зорилтыг агуулсан олон улсын статистикийн стандарт арга зүйн баримт бичиг болох Байгаль орчин, эдийн засгийн дансны систем нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Материалын урсгалын дансыг 2005-2013 оны гүйцэтгэлээр 2014 онд анх туршилтаар байгуулж байсан. Туршилт тооцоонд үндэслэн Материалын урсгалын данс байгуулах аргачлалыг 2015 онд боловсруулж, мөрдөн ажиллаж байгаа. Төслийн хүрээнд Материалын урсгалын данс байгуулах аргачлалыг шинэчлэн, эрчим хүчний болон байгаль орчны татварын данс байгуулах аргачлалыг шинээр боловсруулах, холбогдох мэдээлэл цуглуулах, үр дүнг боловсруулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Мөн ердийн тоон мэдээллүүдийг хэрхэн ашиглах тухайлбал, НӨАТ-ын мэдээллийн баазыг ашиглаж статистик мэдээлэл боловсруулах боломжтойг гаргаж ирсэн нь нэг ололттой тал. Наад зах нь шатахууны хэрэглээг НӨАТ-ын баримтаас гаргаж авна гэсэн үг. Энэ мэт төслийн хүрээнд бий болсон, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх эерэг үр дүн цөөнгүй бий.

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны Үндэсний хөтөлбөр батлагдсан. Үүнд Байгаль орчин, эдийн засгийн дансыг үе шаттай нэвтрүүлэхээр тусгасан. Манай байгууллага энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч ажиллах болно.

Төслийн хүрээнд байгуулсан эдгээр дансны мэдээлэлд үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилго болон ногоон хөгжлийн үзүүлэлтүүдийг тооцох боломж бий болж байна. Мөн Байгаль орчин, эдийн засгийн талаарх бодлого боловсруулж, шийдвэр гаргахад үндсэн суурь мэдээлэл нь болно гэдэгт итгэлтэй байна. Гаргасан мэдээллээ бусдад ойлгомжтой, илүү сайн хүргэх тал дээр ч анхаарч ажиллах болно” гэв.

Семинарын үеэр Үндэсний статистикийн хорооны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга, мэргэжилтнүүд “Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа”, “Материалын урсгалын данс 2015-2016”, “Байгаль орчны татварын данс”, “Эрчим хүчний данс 2015-2016” илтгэл тавьж эдгээр асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *