Европын клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн аварга Байерн Мюнхен баг өчигдөр ФИФА клубуудын ДАШТ-ий финалд Мексикийн Тигрес багийг 1-0 гэсэн харьцаатай хожиж, сүүлийн 12 сарын дотор зургаа дахь цомоо хүртлээ.
Германы Байерн Мюнхен баг дасгалжуулагч Ханси Фликийн удирдлага дор сүүлийн 12 сарын дотор ФИФА клубуудын ДАШТ, УЕФА Аваргуудын лиг, УЕФА Супер цом, Бундеслиг, Германы супер цом, DBF-Покал зэрэг тэмцээнүүдэд түрүүлж, хүртэж болох бүхий л цомуудыг хүртэв.
Тэднээс өмнө нь 2009 онд Пеп Гвардиолагийн удирдаж байсан Барселона баг оролцсон бүх зургаан тэмцээндээ түрүүлж байсан түүхтэй.
Байерн Мюнхен клубуудын ДАШТ-ий хагас шигшээд Азийн клубуудын аварга Аль Ахли багийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, финалын тоглолтонд Хойд, Төв Америкийн клубуудын аварга Тигрес багийг Бенжамен Паварын ганц гоолоор хожлоо. Тус тэмцээний шилдэг тоглогчид олгодог алтан бөмбөгийн эзнээр Байерн Мюнхен багийн Польш довтлогч Роберт Левандовски тодорсон бол мөнгөн бөмбөгийн эзнээр Тигрес багийн Франц довтлогч Андре-Пьер Жиньяк, хүрэл бөмбөгийн эзнээр Байерн Мюнхен багийн Герман хамгаалагч Жошуа Киммих нар тодорчээ.
Харин ФИФА клубуудын ДАШТ-ий хүрэл медалийн эздээр Египетийн Эль Ахли баг Бразилын Палмейрас багийг хожиж шалгарав.
2021 оны ФИФА клубуудын ДАШТ ирэх арванхоёрдугаар сард Япон улсад зохион байгуулагдана.