АНУ-д нэгдүгээр сарын 20-нд Жо Байдены Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох билээ. Тус ёслолын аюулгүй байдлыг хангахаар үндэсний гвардын хэдэн мянган цэрэг Вашингтон хотод очихоор болсон байна.
Ойролцоогоор 30 мужийн арми болон үндэсний гвардын агаарын хүчин үүрэг гүйцэтгэж АНУ-ын 46 дэх Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолыг хамгаалахаар болжээ. Үүнд 4000 гаруй цэрэг оролцохоор болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Вашингтон дахь үндэсний гвардын хэвлэлийн төлөөлөгч, түрүүч Крейг Клаппер “Дөрвөн жил тутамд үндэсний гвардын оролцдог хамгийн том арга хэмжээ. Одоогийн байдлаар хэд хэдэн мужаас нийт 4000 цэрэг үүрэг гүйцэтгэхээ илэрхийлээд байгаа бөгөөд энэ тоо цаашид 7000 болон өсч магадгүй. Гэхдээ эсрэгээр улам цөөрч ч магадгүй байна. Энэ нь тангараг өргөх ёслолын зохион байгуулалтаас шууд хамаарна. Яг одоо бол ёслолын зохион байгуулалт тодорхойгүй байгаа” хэмээн тайлбарлажээ.
Эргэн санавал Дональд Трампын тангараг өргөх ёслолд үндэсний гвардын 7800 орчим цэрэг оролцож байсан билээ. Гэхдээ энэ жилийн хувьд цар тахлаас шалтгаалан ёслол илүү цомхон болох төлөвтэй байна.
Үндэсний гвардын цэргүүд ёслолын өдөр Вашингтон хотын цагдаа нартай хамтран хэв журам, хууль сахиулж, цугларалтуудыг хянаж, замын хөдөлгөөн зохицуулж, харилцаа холбоо, яаралтай тусламжийн үйлчилгээнд туслах зэрэг үүрэг гүйцэтгэх юм.
“Бид олон хүнийг нэг дор цугларахаас сэргийлж зарим зам, гудамжийг хаан, хөдөлгөөнд хяналт тавих болно. Тангараг өргөх ёслол болоход хэд хоногийн өмнөөс бидний ажил эхэлдэг. Одоо ч манай зарим бие бүрэлдэхүүн Вашингтонд очин ажиллаж байгаа” хэмээн Клаппер ярьжээ.
Энэ жил үндэсний гвардын 5200 гаруй цэрэг Вашингтон хотод дайчлагдаж, Жорж Флойдын үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохицуулсан билээ. Харин өдгөө Гвардын эрх мэдэлтнүүд тангараг өргөх ёслолын өдөр элдэв бослого болохгүй хэмээн найдаж байгаа ч бүх аюулд бэлэн байгаагаа илэрхийлж байна.