Categories
гадаад мэдээ

Байден, Путин нар Украины асуудлаар ярилцлаа

АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар Украины хямралын асуудлаар нэг цаг орчим хугацаанд утсаар ярилцжээ.

Өмнөх өдөр нь Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан өвлийн олимпын наадам дуусахаас өмнө ОХУ-ын цэрэг Украины газар нутагт халдан довтлох магадлал өндөр болсныг анхааруулж байв.

Москвагийн эрх баригчид дайн дэгдээх төлөвлөгөөгүйгээ удаа дараа мэдэгдэж байгаа ч Украины умард, өмнөд, дорнод гурван талд 100,000 гаруй цэрэг, зэвсэг техник хуримтлуулаад байгаа юм.

“АНУ холбоотнуудынхаа хамтаар дипломат яриа хэлэлцээнд оролцоход бэлэн байгаагаас гадна нөхцөл байдал яаж өөрчлөгдөхөөс шалтгаалаад бусад тохиолдолд ч бас ижил бэлтгэлтэй байгааг ерөнхийлөгч Байден ерөнхийлөгч Путинд тодорхой илэрхийллээ” гэж Цагаан ордноос мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч бас Украинд халдвал өргөн хүрээнд хүмүүнлэгийн гамшиг үүсгэх аюултай бөгөөд ингэвэл эрс шийдэмгий, хатуу хариу арга хэмжээ авахаа ОХУ-ын ерөнхийлөгчид анхааруулсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин утсаар ярих үеэрээ дайн гарах тухай зохиомол айдас үүсгэж, Украины армид орчин үеийн зэвсэг техник цутгаж буй АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнуудыг шүүмжилсэн тухай Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.

Энэ үйлдэл нь Украины дорнод хэсэгт үүссэн хямралыг зэвсгийн хүчээр шийдвэрлэх сэдлийг Киевийн эрх баригчдад өгч байгааг бас шүүмжилсэн байна.

“Эзлэн түрэмгийлэх тухай гүтгэлгийн ард Украины зэвсэгт хүчинд өдөөн хатгалга явуулах боломж бүрдэж байна” гэж Ушаков мэдэгджээ.

Ерөнхийлөгч нарын яриа тодорхой үр дүнд хүрээгүй ч яриа хэлэлцээгээ цааш үргэлжлүүлэхээр санал нэгдсэн байна.

Өчигдөр Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников, зэвсэгт хүчний командлагч, хошууч генерал Валерий Залужний нар нэлээд хатуу үгтэй мэдэгдэл гаргажээ.

“Бид дайснаа цэцэг барьж биш, харин Стингер, Жавелин, танк эсэргүүцэгч, нисэх онгоц эсэргүүцэгч зэвсэгтэй угтахад бэлэн байна. Тамд тавтай морил!” гэж тэдний мэдэгдэлд өгүүлсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яам өчигдөр Украины талаас цэргийн ажиллагаа явуулж болзошгүй байгаатай холбогдуулан Киев дэх элчин сайдын яамны бүрэлдэхүүнийг “цомхотгох” арга хэмжээ авснаа мэдэгджээ.

“Цагаан ордны хэнээрхэл улам бүр гаарч байна. Англо-Саксончуудад ямар ч үнээр хамаагүй дайн дэгдээх хэрэгцээ байгаа бололтой. Өдөөн хатгалга, худал мэдээ, сүрдүүлэг нь тэдний асуудлаа шийддэг шалгарсан арга юм” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ үеэр мэдэгдсэн байна.

Өрнөдийн зарим хэвлэлүүд ОХУ-ын цэрэг Украинд халдан довтлох хугацааг ирэх долоо хоногийн Лхагва гараг гэж мэдээлжээ.

Эх сурвалж: Associated Press

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *