Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргасан багш нар энэ сарын 21, 26-ны өдрүүдэд ажил хаяхаар болсон. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг энэ сарын 19-нд багш нарыг төлөөлж буй хүмүүс Түр хорооныхонд хүргүүлсэн байдаг. Тэдний ажил хаялт зарлах болсон шалтгаан нь Засгийн газраас цалин нэмүүлэх албан шаардлагад нь хариу өгөөгүйтэй холбоотой юм. Иймээс Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нар өнөөдөр ажил хаях шийдвэрээсээ буцаагүй байна. “Багшийн цалинг нэмүүлэх Түр хороо”-ныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв. Тус хорооны тэмцэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өчигдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд хандан “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн энэ сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ.