Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлж БСШУСЯ-ны гадна жагслаа.
Жагсаал зохион байгуулагч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ц.Мөнхтуяа хэлэхдээ “2017 оны наймдугаар сараас эхлэн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг ярьж тэмцлээ. Ямар ч үр дүнгүй. Өнөөдөр боловсролын салбарт 70 гаруй мянган хүн ажиллаж байна. 90 гаруй хувь нь байр орон сууцгүй. Энэ багш нарын захаас нь асуухад л айлын хашаа, айлын гэр, орон сууц түрээсэлж, хажуу өрөөнд гундуу амьдарч байна. НОСК-иас 972 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Тиймээс багш нартаа тодорхой хувь, квот олж өгөхийн төлөө Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байгаа. Багш нарын цалин бага учраас ипотекийн найман хувийн зээлэнд хамрагдаж чаддаггүй. 20 гаруй жил багш нарын өмнөөс хэн ч дуугардаггүй, хэн ч үг хэлдэггүй ноомой хүлцэнгүй байсаар ирсэн. Түүнээс гадна хүү багатай, урьдчилгааны хөнгөлөлттэй, хямд өртөгтэй орон сууцны зээлийн хөтөлбөр гаргаж хэрэгжүүл гэж шаардаж байна” гэлээ.