Categories
мэдээ нийгэм

Багш нар цалин нэмэгдүүлэх шаардлагыг дахин хүргүүллээ

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ талаар Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах төвийн гишүүн А.Санжмятав “Монгол улсын эдийн засаг эхнийхагас жилд 6,3 хувиар өссөн. Татварын орлого 30 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс харахад Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн нь багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж буйг илтгэж байна.Энэ асуудлаар наймдугаар сарын 03-ны өдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хоёр засгийн газрын нүүрийг үзээд буй ч өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн ч үнийн дарамтаас шалтгаалж багш нарын цалин буурч байна. Тийм учир бодит байдалд тулгуурлан багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байна” гэв

БЗД-ийн 44-р сургуулийн багш С.Сарантуул “Бид долоодугаар сарын 26-ны өдөрэнэ асуудлаар төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас салбарын сайд руу хүргүүлж асуудлаа шийдвэрлэ гэсэн. Жилийн турш цаасны хооронд л явж байна. Бодит байдал дээр хөрсөн дээр буусан зүйл огт алга. Багш нар шаардлагыг тавьж байна. Үүнд,

– Монголын ирээдүй болсон хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах баталгааг хангаж, уул уурхай болон архи тамхины орлогын 5 хувийг хүүхдийн хөгжилд зарцуулах

– Ард иргэддээ амласан амлалтаабиелүүлэх

– Төрийн албан хаагчдын ажиллах орчинг олон улсын стандарт жишигт нийцүүл. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэл тэмцлийг үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна” хэмээв.

БЗД-ийн 84-р сургуулийн багш Б.Цэрэндолгор “Багш нарын цалинг нэмэгдүүлснээр хүүхдүүдэд чанартай боловсрол олгогдоно гэж үзэж байсан. Засаг төр албан тушаалтны асуудлыгөдрийн дотор шийдвэрлэчихээд хүүхдийн төлөөх асуудлыг бүтэн жил шийдвэрлэж чадахгүй байна. Өнөөдөр Монгол улсад хүүхэд эндэж, гэмтэж, осолдож байхад засаг төр дорвитой ажил хийгээгүй. Бид одоо хариуцлага тооцох цаг болсон” гэв.

Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн, орон нутгийн багш нарын төлөөлөл С.Мөнхсаруул ” 1980-аад оны багш бид нар ажил мэргэжилдээ үнэнч байж улсынхаа боловсролын төлөө өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж байна. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр багш нарын амьдрал улам доройтсон. Үр дүнгийн урамшуулал 45 хувь байдаг ч хэзээ ч бүрэн авч үзээгүй. Би 35 жил хөдөлмөрлөөд тэтгэвэрт гарсан боловч үр хүүхэд гаргасан, боловсролоо дээшлүүлсэн гэх шалтгаанаар жил хассан. Цалин нэмэгдүүлэх санал дээр орон нутгийн багш нар санал нэг байдаг ч үзэл бодлыг нь боогдуулж, дарамталж байна” гэлээ.

Багшийн цалинг нэмүүлэх түр хороо шаардлагынхаа хариугэнэ сарын 22-нд ирүүлэхийг шаардав. Хэрэв бодит үр дүнд хүрэхгүй байвал ажил хаялт зарлана хэмээн мэдэгдлээ.

А.АНУЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *