Багш нар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг “Боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч онцлох хүн”-ээр шалгаруулж, шагнажээ. Өнгөрсөн бямба гарагт Монголын багш нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ардын багш есөн эрдэнэ” ёслолын ажиллагааны үеэр энэ шагналаа гардуулсан байна. Тус холбооноос жил бүр боловсролын чанарт ахиц гаргахын төлөө зүрх сэтгэлээсээ хөдөлмөрлөж байгаа багш, менежер, судлаач эрдэмтэн, сургууль, засаг дарга нарыг шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Энэ удаад 25,000 гаруй багшийг төлөөлж салбарынхаа сайдыг шагнаж байгаа нь түүхэнд анх удаа юм байна. Харин яагаад шагнах болсон талаар “Монголын багш нарын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэцгээгээс тодруулахад, “Манай холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Монголын бараг бүх багш манай холбооны гишүүн. Тиймээс бид боловсролын хөгжилд сэтгэл зүрхээ зориулж яваа хүмүүсээ тодруулж, урамшуулдаг. Боловсролын салбарт маш олон шинэчлэл хийгдэж байсан. Гэвч үндэсний хэв шинжийг агуулсан, хүүхэд нэг бүрээ гэсэн ийм ажил үндэсний хэмжээнд хийгдэж байгаагүй. Багш бүрийнхээ сэтгэлд нийцсэн, тэднийхээ хөгжилд анхаарсан ийм бодлого өмнө нь гарч байгаагүй. Өмнө нь нэг ангийн 30 хүүхдээс сайн гэснийг нь л улам хөгжүүлээд явдаг байсан бол энэ засгийн шинэ бодлогоор хэний ч хүүхдийг орхилгүй хүүхэд бүрийг жигд хөгжүүлнэ. Авьяас, чадвар, сонирхол дээр нь тулгуурлан хөгжүүлнэ гэж байгаа. Энэ бол хамгийн чухал нь. Мөн багш нартаа ажиллах эрх чөлөөг нь олгосон. Юм болгоныг яамнаас заадаг байсныг болиулсан. Энэ нь багшийн хүүхэддээ зарцуулах цагийг өсгөхөөс гадна маш их итгэл, урам өгч байгаа хэрэг юм. Энэ жил хэрэгжиж байгаа бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг өнгөрсөн жил үндэсний 40 лаборатори сургуульд бүтэн жил туршсан. Үнэхээр гайхамшигтай үр дүнгүүд гарсан. Тийм болохоор Л.Гантөмөр сайдыг бид урамшуулах ёстой. Энэ бол ганц холбооны удирдлагуудын биш бүх багш нарын шийдвэр гэж хэлж болно” гэсэн юм.