Categories
мэдээ цаг-үе

Багын багштай багачуудын талаар хөөрөлдөж өнжлөө

Багачуудыг ном эрдэм сургаж, зөв хүн болгож төлөв­шүүлэхэд багшаас багагүй сэтгэл, мэдлэг, ур чадвар, авьяас билэг шаардагдах нь гарцаагүй. Өөрт байгаа бүхнээ хүний бяцхан үрсийг сургахад зориулж чадаж байж “Багын багш” хэмээн өргөмжлөгддөг биз ээ. Ийм өргөмжлөлийг хэдийнэ хүртэж, сурагч, эцэг эхчүүдийн хүндлэлийг дааж яваа Х.Нарантуяа багштай багачуудын эв дүйг олж сургах арга барилынх нь талаар ярилцаж өнжлөө. Түүнийг багш нар “Багын Нараа” гэдгээр нь анддаггүй юм билээ. 93 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Х.Нарантуяаг “Өдрийн сонин”-ы хоймор дахь “Танайд өнжье” буландаа урьсан нь Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөртэй холбоотой.

Нараа багш баасан гаригийн 13.30 цагт нийслэлийн удирдлагуудаас шагнал гардаж авах учраас өглөө эрт гэрт нь зочиллоо. Гэрийн эзэн Ч.Батцогт ханийнхаа баярт зориулж бялуу, чихэр, жимс тэргүүтнээр ширээ засчээ. Нараа багш цай аягалангаа “Үдээс хойш баярын арга хэмжээтэй гээд та нарыгаа арай эрт дуудчихав уу даа” гэж зовонгуй асууна. Гэргийнх нь баярын өдөр учраас Ч.Батцогт гуай гал тогоонд эзэн суусан бололтой, зууш бэлтгээд завгүй. Эзэгтэй бид хоёрын яриа багш нарын баярын тухай дурсамжаас эхлэв. “20 настай үе. Багш болсон жилээ энэ баярыг энгийн л өдөр гэж боддог байлаа. Тэгтэл шат дагаад сурагчид зогсчихсон баяр хүргээд л, тэднийхээ дундуур нь алхахад маш их айж, Төрийн ордны Ёслолын танхимд алхаж байгаа мэт сүрдмээр санагдаж билээ. Тэр өдрөөс хойш 35 жил багш нарын баярын өдөр хүүхдүүдтэйгээ баярлаж, хамт олонтойгоо догдолж байна” гээд социализмын үед сүртэй тэмдэглэдэг байснаа, зах зээл эхэлсний дараахь хэдэн жилд хүмүүс боловсролыг биш наймааг чухалчилдаг болж, багш гэдэг мэргэжил үнэ цэнгүй байх үед энэ баяр хамт олны хүрээнд л өрнөдөг байсан. Сүүлийн хэдэн жилд багшийг хүндэлдэг болсон талаар ярилаа. “Баярын хурал дээр эцэг эхийн зөвлөлийнхөн орж ирээд талархал илэрхийлэхэд л багш нар цэлмээд явчихдаг юм шүү дээ” гэж ярихад л догдолж байгаа нь мэдрэгдэх юм. Баярын хуралдаа өмсөх гоёлын даашинз, үсээ яаж янзлуулах гээд эмэгтэйчүүдийн дотно шивнээгээ ч бид хоёр алгассангүй.

СУРАГЧТАЙГАА ДЭЭС ТОГЛОЖ БАЙГААД НАМЫН ДАРГАД ТООГДОВ

Нараа багшийг мэргэжлээ сонгоход аав нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Түүний аав Б.Хоролтогоо хуульч, эдийн засагч, багш мэргэжилтэй хүн байжээ. Тэднийх 13 хүүхэдтэй өнөр айл учраас хүүхдүүдээ өсгөх үүрэг ээжид, харин гэрийн төсөв санхүүг зохицуулах үүрэг аавд ноогддог байж. Тиймээс ч аав нь багшлахынхаа хажуугаар давхар ажил хийдэг байсныг мэргэжлийг нь өвлөсөн охин дурсана. Ажлынхаа талаар хүүхдүүдтэйгээ ярилцдаг, тэднийгээ гэрийн ажилд сургахдаа өөрөө үлгэр үзүүлдэг гэх мэтчилэнгээр Нараа багш аавыгаа дурсахдаа нүд нь гэрэлтээд л явчих юм билээ. Тэрбээр айлын дунд охин. Эгч, дүү хоёр нь өөртэй нь тэрсхэн учраас гэрийнхээ ажил хийхдээ нэгэнтэйгээ барьцдаг байсан юм уу даа. Нэг өдөр аав нь цаасан дээр гурвуулангийнх нь нэрийг бичиж, униндаа өлгөөд өдөрт хэн, ямар ажил хийснээр нь дүн тавьж, сарын эцэст урамшуулал олгох болсны дараа охид гэрийн ажилд мундаг сайн болсон гэдэг. Нэг өдөр аав нь “Ангийн маань хүүхэд намайг түшиж зогсож байгаад унтчихсан. Аав ээж нь ирж автал хоёр цаг өвөр дээрээ унтууллаа” гэж ярихыг сонсоод бяцхан охин нь “Хүний хүүхэд өвөр дээрээ унтуулаад байхдаа яахав дээ” гэж харамлаж, бас ойлгоогүй өнгөрсөн гэдэг. Хожим 16 настайдаа аавынхаа ярьсныг захидал болгож бичээд багш нарын баяраар уншихад сургуулийн захирал нь “Энэ хүүхэд багш болох сэтгэлтэй нөхөр байна” гэж үнэлжээ. Түүнээс хойш л аав шигээ багш болно гэдэг бодол салахаа больж. Багшийн сургуулийн ганц хуваарийг багш нарынхаа “Энэ багш болох чин хүсэлтэй нөхөр” гэсэн дэмжлэгийн хүчээр авч Багшийн сургуульд орсон Х.Нарантуяа ажлын гараагаа V сургуульд түр ажиллах болзолтойгоор эхэлсэн гэдэг. 20 настай залуу багш гуравдугаар ангийг дааж авсан эхний өдрөө сурагчидтайгаа дээс тоглож байгаад МАХН-ын даргын хараанд өртөж “Хүүхдийн төлөөх сэтгэлтэй” гэж үнэлэгдэж байсныгаа дурсаж ярихдаа “Ямар юмных нь сэтгэл байх билээ. Өөрөө адилхан хүүхэд байсан учраас л цаг нөхцөөж байсан нь тэр биз” гэж үгүйсгэх янзтай. Дааж авсан ангиа амжилттай төгсгөөд сургуульдаа үлдэх эрхтэй болж V сургуульдаа 17 жил ажиллахдаа ажлын үзүүлэлтээр ч, эцэг эхчүүдийн үнэлгээгээр ч сайнд тооцогддог байж. Дараа нь урилгаар Гоц авьяастнуудын буюу 93 дугаар сургуульд багшлахаар очиж байжээ. Тэр үед Гоц авьяастнуудын сургуулийн багш нэр хүндтэйгээс гадна, цалингийн нэмэгдэл авдаг байсан үе.

“Мэргэжилдээ дурласан л бол ажлыг аяндаа сайн хийдэг юм билээ” гэхэд нь зөрүүлээд “Хүний олон хүүхдийн төлөө сэтгэл гаргах ч яггүй байх шүү” гэчихлээ. Тэгэхэд Нараа багш инээж байснаа “Нарийн яривал, эхний арван жилд түүн шиг худлаа юм байхгүй. Эргээд харахад хүүхэд дотор орно гэдэг огт өөр юм билээ. Хүүхэд дотор ороод, тэднийхээ төлөө ажиллах сэтгэлтэй болсны дараа хүүхэд харахаар л өөрийн эрхгүй хайр хүрээд байдаг. Эхний арван жилд ангидаа орсон хүүхдийг бүртгээд л явуулдаг байсан бол одоо “Энэ хүүхэд надтай холбогдож байгаа юм шүү” гэж чин сэтгэлээсээ хайрлаж, хардаг болчихсон. Тийм хандлагатай байхад аяндаа тэр хүүхдийн төлөө өөрийнхөө зориулж чадах бүхнийг зориулдаг болчихдог” гэв. Зөөврийн компьютерээс Нараа багшийн хичээл зааж байгаа хэд, хэдэн бичлэгийг сонирхож үзлээ. Бичлэг үзэж суухад нэг л дулаан, хүүхэд бүр ээж аав руугаа харж байгаа мэт багшдаа дотно байгаа нь мэдрэгдэх юм. Бусад багш нарт үлгэр болгож үзүүлэхийн тулд Нараа багшийн хичээлийг дүрсжүүлдэг юм байна. “Залуу байхад ийм бичлэг хийсэн бол бэлтгэж бэлтгэж, жүжиглээд өнгөрөөх байсан биз. Харин одоо өдөр бүр хүүхэдтэйгээ яаж ажилладаг түүнийгээ л хийж байгаа нь энэ” гэж тайлбарлаад “Эхний жилүүдэд дурсамж хичээлээ бэлтгэж байгаад автоматаар заачихдаг байсан, харин одоо хүүхдүүдтэйгээ уйлан хайлан бага ангийнхныхаа дурсамжаа ярилцдаг болсон байна лээ” гэж нэмэрлэв. Хүүхдүүдээ хэдхэн хором шуугилдахад бид “Толгой эргэлээ сүйд боллоо” гэцгээдэг дээ. Тэгвэл Нараа багш эсрэгээрээ чимээгүй оргиод байвал толгой нь өвддөг болчихсон нь мэргэжлийн онцлог гэлтэй.

ХҮНИЙГ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХИЙН УЧИР

Нараа багштай ярилцаж суухад “Сайн анги” гэдэг үг давтагдаад байхаар нь “Та бага ангийнхныг юугаар нь сайн гэж дүгнэж байна вэ” гэхэд “Сайн хамт олон л бүрдүүлвэл аяндаа болчихдог юм. Хоёрдугаар ангиасаа эхлээд л хүүхдүүд нэгийгээ ховлох, муулах гээд эхлэнэ. Ингээд задарч эхлэх үед ховыг нь хүлээж авахгүй, болохгүй байгаа хүүхэдтэй тусад нь уулзаж ярилцаад эхлэхээр нэгийнхээ мууг үзэх шаардлагагүй болчихдог. Нэгнийхээ мууг анзаарч, түүнийгээ бусдад ярих шаардлагагүй болчихоор аяндаа хичээлдээ анхаарлаа хандуулаад явчихдаг юм” гээд өөрийнхөө арга барилыг ярилаа. Зарим багш нар сурагчийнхаа сурлагад анхаараад хүмүүжлийг нь орхигдуулснаас болж амьдралд хөл тавиад алдах, эндэх тохиолдол гардаг гэнэ. Онц авахын төлөө бүхнээ зориулсан хүүхэд бусад хүмүүжлээ орхигдуулах тал байдгийг ч бодолцох шаардлагатайг ярилаа. Багаасаа л хамт олон гэдгийг мэдэрсэн, бусаддаа атаархаж, жөтөөрхөж өсөөгүй хүүхдүүд насан туршдаа тийм л байдаг гээд “Номин талст” хамтлагийн Хаазааг жишээ болгов. Хаазаа Нараа багшийн шавь. Тэдний ангийнхан жил бүрийн цагаан сараар багшдаа золгодог гэсэн. Багштайгаа уулзах бүрдээ “Загасны мах яалаа багшаа” гээд инээдэм болдог гэнэ. Тэр нь ийм учиртай. Хаазаа дунд ангид орсныхоо дараа хичээл орж байхад хөвгүүдтэйгээ нууцаар загасны дарсан мах багагүй идэж. Загасны мах нууцаар иднэ гэж юу байх билээ. Үнэр нь ангиар нэг тарахгүй юу. Анги даасан багш нь дөнгөж төгссөн залуу бүсгүй байсныг ч хэлэх үү. Гомдож, уйлаад сүйд болж. “Хангэрэл (Хаазаа) чи яв. Бага ангийнхаа багшийг дуудаад ир” гэж. Хаазаа эмээж, эмээж Нараа багшийгаа дуудсан юм уу даа. Тэгээд Хаазаагийн ангийнхан багынхаа багштай зогсож байгаад залуу багшаар нэг их загнуулсан гэдэг.

Хүүхдийг зөвхөн онц сургахын төлөө биш харин хүн болгож төлөвшүүлэхийн тулд тулж ажиллах, авъяасыг нь хөгжүүлэх арга барил 93 дугаар сургуулиас гаралтайг олон багш ярьдаг. Одоо боловсролын салбарт үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа шинэчлэл л дээ. Тиймээс ч багш бид хоёрын яриа хүүхдийг хөгжүүлэх арга барил руу шилжээд нарийн ширийн рүү нь орчих нь тэр. Хүн болж төлөвших гэж байгаа амьтдыг онц сайнаар нь үнэлээд уралдуулаад байх нь сайн арга биш. Тэнгэр, газар шиг зөрүүтэй хүүхдүүдийг хооронд нь харьцуулж, үнэлэх боломж ч байхгүй. Харин зөв хүн болгож төлөвшүүлэх нь багшийн гол үүрэг гэдгийг ярианаас нь ойлголоо. Багш гэдэг хичээл заах биш, хүнтэй ажиллах хүн гэдгийг л ойлгоод дараа нь ажлаа хийх ёстойг Нараа багш чухалчлав. Нэг ангийн 40 хүүхэд, түүний цаана 80 эцэг, эх нийлээд 120 хүнтэй ажиллаж байж сая хүнээр хүн хийдэг гэдгийг өөрийнхөө арга барилыг жишээ болгож ярихыг сонсоод багшийн ажил яггүй юм даа гэж бодож суув. “Аав ээжүүд “Манай хүүхэд сурлагадаа хэр байна” гэж хамгийн түрүүнд асуудаг. Миний арга барил бол сурлагынх нь талаар биш яаж хамтрах талаар ярилцаж ойлголцдог. Тиймээс ч долоо хоног бүр эцэг, эхчүүдийн цуглаан хийхэд хүүхэдтэйгээ харилцах арга барилаа хүртэл нэгтгээд авчихдаг” гэлээ. Бага ангийнхан аав, ээждээ ярьдаггүй нууцаа багштайгаа хуваалцдаг, бас гэртээ болсон үйл явдлыг багшдаа “ховлодог” гэдгийг бид мэддэг. Нараа багш нь ч хүүхдүүдтэйгээ олон нууцтай. Нэг удаа гэрийнхээ даалгаврыг хийгээгүй сурагч “Аав согтуу ирээд. Бид айгаад” гэж ярихдаа уйлчихаж. Нараа багш тэр сурагчийнхаа ээжтэй ярилцаж байгаад эцэг эхийн хуралд аавыг нь суулгаж дөнгөжээ. Тэр хурал дээр архи хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар багагүй ярьж. Дараа нь аавтай нь тусгайлан уулзахдаа хүүг нь магтаж, өөрийг нь дуурайсан учраас мундаг байгаа юм гэх мэтчилэн ярилцжээ. Түүнээс хойш аав хүүдээ илүү анхаарал хандуулж, архинаас хөндийрсөн гэнэ.

Х.Нарантуяа багш бол найм, долоо, зургаан настнуудыг нэгдүгээр ангид хүлээж авсан боловсролын бодлогын хэд, хэдэн үеийг өнгөрөөсөн гэдгээрээ арвин их туршлагатай. Тиймээс ч найман настай нэгдүгээр ангийнхан, зургаан настай жаалуудын ялгааг асуув. Бие, бялдрын хувьд ялгаа маш их мэдрэгддэг гэнэ. Үүнээс гадна нийгмээ дагасан ялгаа маш их анзаарагдаж байгааг багш ярилаа. Социализмын үед бүх зүйлийг нэг л өнцгөөс хардаг. Мэдээлэл бага, хүн бүр мэдээллээр цангачихсан байдаг учраас багшийн хэлснийг л тэр чигээр нь хүлээж авдаг байж. Хүүхэд том хүний ярианд оролцож болохгүй гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлэхийг нь хүртэл хаачихдаг байсан учраас тэр үеийн хүүхдүүд ичимхий, дорой байсныг ч нуусангүй. Харин одоогийн зургаан настнуудыг нүдний цангаа тайлагдчихсан. Мэдээллийн хэрэгсэл, интернэтээс мэдээллээ аваад ханачихсан хүүхдүүд багшаас нарийн учрыг нь асуух, тайлбарлуулах сонирхолтой байдаг аж. Тиймээс ч зургаан настай жаалууд хорин хэдэн жилийн өмнөх найман настнуудаас сэтгэхүй талдаа хамаагүй илүү гэнэ. Харин биологийн онцлогийн хувьд социализмын үеийн олон хүүхэдтэй, ясли цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд борогдуу одоогийн тав, зургадугаар ангийнхан шиг байсан бол одоогийн зургаан настнууд хэтэрхий нялхамсуу, бүхнийг аав ээжээрээ хийлгээд сурчихсан байгаа нь анзаарагддаг болжээ. Хүүхдийнхээ гутлыг тайлж, нүүрийг нь угааж өгч эрхлүүлсээр байгаад хэтэрхий нялхамсуу болгосон нь сэтгэлгээ, бие даах чадварт нь сөргөөр нөлөөлж байгааг нь ярианыхаа дундуур эцэг, эхчүүдэд анхаарууллаа.

Нараа багш энэ хичээлийн жилд зургаан настнуудыг хүлээж авсан. УИХ-ын гишүүн Г.Уянгын хүүхэд тэдний анги гэнэ лээ. “Зургаан настнууд ямар хөөрхөн гээч. Анхаарал нь ердөө хэдхэн минут төвлөрнө. Тэр үед нь л хичээлээ ойлгуулах ёстой. Зарим нь ангидаа ирээд уйлна, хичээлээ хийж байгаад унтчихна. Хөгжилтэй зүйл өдөрт хэдээрээ тохиолдоно. Тийм сайхан энерги дунд байгаа хүн хөгширдөггүй юм билээ” гээд бяцхан сурагчдынхаа хөгжилтэй явдлыг ярьж өглөө. Багш ангийнхандаа “А” үсэг зааж өгчихөөд нэг сурагчаас “Энэ ямар үсэг билээ” гэж асуутал гайхаж, гайхаж “Та мартчихсан юм уу. А шүү дээ” гэж хариулсан гэдэг. Анзаараад байхад Нараа багш хүүхдүүдээ ярихдаа илт сэргээд явчих юм. Тэгснээ үе, үе нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. “Хүүхдүүдээрээ захидал, зохион бичлэг хийлгэх их дуртай. Захидлыг нь цуглуулж байгаад бага ангиа төгсгөхөд нь ном болгож дурсгадаг. Тэр захидлуудыг нь уншихад ямар сайхан мэдрэмж төрдөг гээч” гэж ярихдаа нулимсаа арчих аж.

НАЙМААНД ДӨРГҮЙ, БИЗНЕС СЭТГЭЛГЭЭГҮЙ ЭЗЭГТЭЙ

Нараа багш ажлынхаа талаар, шавь нарынхаа тухай яриад байвал нэг өдөр хангалтгүй санагдав. 35 жил багшилж, зургаан зуу гаруй хүүхдэд “А” үсэг заасан багшид арвин их туршлага, ярьж хөөрөх зүйл их байлгүй яах билээ. Хань нь “Манай хүн их яриа. Хүүхдүүдийнх нь тухай яриад байвал нүд нь сэргээд л явчихна” гэх юм. Ч.Батцогт гуай жолооч мэргэжилтэй. Контенинтал зочид буудалд ажилладаг аж. Танилцаж, дотноссон үе рүү яриа хандуулбал, бүр бага нас руу нь яваад оччихно. Учир нь тэр хоёр нэг гудамжинд тоглож өссөн хоёр. Хожим нэг нь цэргээс, нөгөө нь Багшийн сургууль төгсөж ирээд дотносож гэр бүл болсон гэдэг. Тэднийх дэрсхэн өссөн гурван хүүтэй. “Манай хадмууд Говь-Алтайн хүмүүс. Намайг дархан бэр гээд хир халдаахгүй. Манай хүн ч их тайван. Гэртээ дөрвөн эр хүний дунд, ажил дээрээ түмний олон хүүхдийн дунд жаргаж яваа эмэгтэй гэж өөрийгөө боддог доо” гэх далимдаа ханиа магтаад авав. Долоон жилийн өмнө том хүү нь банкнаас 150 сая төгрөг зээлж дэлгүүр ажиллуулъя гэхэд “Тийм их мөнгийг яаж төлдөг юм бэ” гэж уулга алдаад хоцрогдсоноороо дуудуулж байсан гэдэг. Одоо том хүү нь өөрийн гэсэн бизнесээ босгочихсоныг ярихдаа “Бид хоёр ч өртэй л бол дууссан гэдэг сэтгэхүйтэй хоцрогдсон хүмүүс юм билээ” гээд инээв. Дунд хүү нь эхнэр, хүүхэдтэйгээ Канадад, бага нь эндээ бизнес эрхэлдэг гэнэ. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан болохоор хоёулхнаа нам гүм байдаг янзтай. Ширээн дээр нь “Хаан төрийн нууц”, “Ногоон нүдэн лам”, “Хөх судар”, “Онцгой эрх”, “Манан будан”, “Тавилан” романууд өрөөстэй. Хоёр том хүү нь нэг, нэг охинтой. Том ач нь хааяа ирж нар гаргадаг. Бага ачийгаа санаад сүйд болж байгаагаа ярина. Ач нарынхаа зургийг ширээн дээрээ өржээ. Нөхөр нь зураг даруулах дургүй болохоор гэр бүлийн зураг байхгүй гэж учирлах юм. “Зах зээл эхэлсний дараа дэрсхэн өсч яваа гурван хүүхэдтэй. Өмсөж зүүх, идэж уух нь хэцүү. Төрийн алба цалин багатай хэцүү л байлаа. Наймаа хийе ч гэж бодож үзсэн” гээд 500 мянган төгрөгийн зээл аваад Эрээн рүү явахдаа “Еэвэнгийн сар”-ыг мэдэлгүй очоод шатсан тухайгаа инээдэм болгож ярив. “Бид хоёр шиг хүн наймаанд дөргүй юм билээ. Олон эцэг, эхтэй харьцаж байсан наймаа хийж чадна гэж бодсон ч бараагаа сурталчлахаар худлаа яриад байгаа юм шиг санагдаад болдоггүй юм билээ” гэв. Зусландаа байшин барьж, хүүхдүүдэд давтлага өгдөг болсноо “Зуны амралтаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ давтлага авъя гэдэг. Тэднийгээ гэртээ суулгаад давтлага өгдөг байлаа. Тэгтэл нэг сурагчийн маань ээж “Зуслангаас хүүхдээ зөөхөд хэцүү байна. Та зуслан дээр өдөр өнжүүлэх ажиллуулаач” гэхээр нь зээл авч байгаад зуслан дээрээ байшин барьж авлаа. Одоо зээлээ төлчихсөн. Зуны улиралд хүүхдүүдэд давтлага өгөөд овоо хэдэн төгрөг олчихдог болсон. Бизнес сэтгэлгээгүй хүн хүний хэлснээс л санаа авах юм байна” гэлээ.

Энэ мэтчилэн ярилцаад сууж байтал Нараа багшийн шагнал авах цаг боллоо. Тэрбээр заах арга барилаараа нийслэлд тэргүүлжээ. Тиймээс Бөхийн өргөөнд очиж Нийслэлийн удирдлагуудаас өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Дараа нь хамт олонтойгоо баяраа тэмдэглэхээр явсан юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *