Categories
гадаад мэдээ

Багдад хотын ногоон бүс дэх суулт өндөрлөлөө

Иракийн парламентын ордон руу дайран
орж, үймээн дэгдээсэн исламын шашны шийт урсгалын жагсагчид Багдад хотын
засаг захиргааны төвлөрсөн дүүргийг орхин явж эхэллээ. Ногоон бүс
гэгддэг энэ дүүрэгт жагсагчид 24 цагийн турш суулт хийсний эцэст зохион
байгуулагчдын уриалгаар ийнхүү тарж байгаа юм байна. Шийтийн хуварга,
эдүгээ улс төрд хүчин зүтгэж байгаа Моктада ас-Садрын дэмжигчид суултад
олноор оролцсон гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Иракийн шинэ засгийн газрын
бүрэлдэхүүнийг эцэслэн шийдвэрлэх явц удааширч байгаад уурлаж бухимдаж
байгаагаа илэрхийлэх зорилгоор иргэд энэ удаагийн суултыг зохион
байгуулжээ. Авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэхийн тулд Иракийн ерөнхий
сайд Хайдер аль-Абади намын төлөөлөл гэхээсээ илүү салбар салбарын
чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн шинэ засгийн газар эмхлэн байгуулах
санаачлага гаргасан. Харин Иракийн парламентад суудалтай шийт урсгалын
нам хүчнүүд энэ асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй хэвээр байгаа юм.

Багдад хотын ногоон бүсэд суулт хийсэн
эсэргүүцэгчид парламентдаа технократ засгийн газар байгуулах эсэх
асуудлаар санал хураалт зохион байгуулах, тус улсын одоогийн
ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын даргыг огцруулж, шинэ сонгууль
явуулах зэрэг шаардлага хүргүүлсэн байна. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй
нөхцөлд энэ 7 хоногийн сүүлээр дахин суулт зохион байгуулна гэдгээ мөн
илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *