Categories
мэдээ нийгэм

“Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн уурхайд техник, технологийн шинэчлэл хийлээ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэл хийх зайлшгүй хэрэгцээг харгалзан, үүнд шаардагдах хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээр шийдвэрлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон.

“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зардал бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангуулахад нэн түрүүнд шаардлагатай байгаа 6,7 мᶾ-ын хүчин чадалтай экскаватор гурав, автосамосвал 100 тн даацтай зургаа, 60 тн даацтай найм, гинжит бульдозер хоёр, нийтдээ 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брендийн 19 ширхэг машин техник авлаа.

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулж, энэхүү тендерт Японы таван компани оролцсоноос тендерийн баримт бичгийн бүрдэл зэрэг бусад холбогдох шаардлагыг “Трансвест Монголиа” ХХК (“KOMATSU” худалдааны төлөөлөгч) хангаснаар шалгарсан юм.

Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, “Эрдэнэс Монгол” гурван талын хамтын ажиллагааны хүрээнд хоёр уурхайн техникийн тодорхой хэсгийг шинэчлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу амжилттай гүйцэтгэж дуусах шатандаа явж байна. Коронавирус цар тахалтай холбоотойгоор нүүрс тээврийн хоёр автомашин Замын Үүдийн хилийн боомт дээр хүлээгдэж байгаа бөгөөд бусад машин техникийг хоёр уурхайд хүлээлгэн өгч ажилд гаргаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *