Categories
мэдээ цаг-үе

Бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг их байна

Урин дулааны цагт иргэд хөдөө хээр аялал зугаалгаар явахдаа олон эрсдэл дагуулж байдаг гэдгийг холбогдох албаныхан хэлж байв. Тэр тусмаа эцэг эхчүүд, асран хамгаалагчид бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахгүйгээс болж, гэмт хэрэгт их холбогдож, золгүй байдлаар хүүхдээ алдах тохиолдол ихэссээр байгаа аж. Тухайлбал, сүүлийн үед бага насны хүүхэд усанд осолдож амь насаа алдах, 14-16 насныхан газ үнэрлэж мансуурах, могойд хатгуулах, тээврийн хэрэгслээр зорчихдоо хүүхдэд зориулалтын суудал хэрэглүүлдэггүй, мөн халуун бүгчим үед хүүхдийг машинд цоожилж үлдээх зэрэг үйлдлүүд нүдэнд ил тод харагдаж байдаг. Ийм үйлдлүүд аюултай, эрсдэлтэй учраас ЦЕГ, нийслэлийн онцгой байдлын газар болох холбогдох албаныхан бага насны хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж, алхам бүртээ анхаарал болгоомжтой байхыг сануулсан юм.

УСАНД ОСОЛДОХ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ

Санамсар болгоомжгүйгээс усанд осолдож, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа гэж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээллэв. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 31 иргэн усанд осолдож амь насаа алджээ. Өнгөрсөн тав, зургадугаар сард загасчилж байгаад нэг, болгоомжгүй байдлаар найм, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нэг, амь насаа хорлож нэг иргэн тус тус амиа алдсан байна. Харин бага насны есөн хүүхэд усанд унаж амь насаа алдсан гэв. Иймээс иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулав.

ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ МОГОЙД ХАТГУУЛСАН 7-8 ХҮҮХЭД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА ГЭВ

Сүүлийн өдрүүдэд гол устай газар болон хээр тал, уулын бэл, тэр ч бүү хэл хашаан дотроо могойд хатгуулж, Гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байгаа гэнэ. Өнгөрсөн жилийг бодвол энэ жил бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулан ирэх тохиолдол ихэссээр байгаа аж. Могой ихэвчлэн хүний хөл, гарын хэсэгт хатгадаг бөгөөд цөөн тохиолдолд нүүр болон хүзүүн тус газарт халддаг байна. Иргэд могойд хатгуулсныхаа дараа эмнэлгийн байгууллагад хандаагүйгээс болж цусны бүлэгнэл үүсдэг. Ингэснээр ам цангах, царай цонхийх, ухаан алдах, таталт өгөх, цаашлаад зүрхний үйл ажиллагаа алдагдаж амь нас хохирдог гэнэ. Энэ талаар Гэмтэл согог судлалын төвийн хүүхдийн тасгийн их эмч Б.Солонго ярихдаа “Могойд хатгуулах тохиолдол улирлын шинж чанартай, харьцангуй өөр өөр байдаг. Яг одоо могойд хатгуулж болзошгүй улирал юм. Дулааны улирал эхлэхээр сард дунджаар 15-20 могойд хазуулсан гэх тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тохиолдол 8-9 сар хүртэл үргэлжилдэг. 0-10 хүртэл насны буюу бага насны хүүхдүүд могойд хатгуулж ирж байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулбал их тохиолдол юм. Зарим тохиолдолд хатгуулаад их удаж, хор нь биеэр нь тархан хүндэрсэн байдалтай ирж байна” гэв. Манай улсын хэмжээнд ойролцоогоор 250 гаруй төрлийн могой байдаг гэсэн тоон баримт бий. Тэгэхээр хордуулах ямар төрлийн могой вэ, ямар хортой вэ гэдгээс хамаарч эмчилгээ хийдэг гэнэ. Могойн хортой эсэхээс хамаарч хатгуулсан хүүхэд маш их уйлж орилдог байна. Цаашлаад амь насаа алдах аюултай байдаг аж. Могойд хатгуулсны улмаас одоогийн байдлаар амь нас нь хохирсон тохиолдол бүртгэгдээгүй.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхдийн тасагт одоогоор 7-8 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хамгийн бага нь гурван настай. Өнгөрсөн жил хамгийн доод тал нь зургаан сартай хүүхэд могойд хатгуулсан ирж байсан гэв. Гэхдээ энэ жил ойгоос бага насны хүүхэд ирээгүй байна. Хамгийн гол нь иргэдэд анхааруулж хэлэхэд бага насны хүүхдэдээ анхаарал сайн тавих хэрэгтэй. Мөн хүүхдээ хөдөө орон нутгаар аялж зугаалж байгаа үедээ тэр дундаа могой ихтэй газар хараа хяналтгүй орхихгүй байхыг албаныхан онцлов.

СУУЖ БАЙГААД БОСОХДОО МОГОЙН ДЭЭР ДАРААД ХАТГУУЛЖЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн тасагт могойд хатгуулсан долоон настай хүү Б.Өнөржаргал хонинд явж байгаад могойд хатгуулсан байна. Тэрбээр “Би энэ сарын 5-ны өдөр ирж эмнэлэгт хэвтсэн. Гэрээсээ хол, Төв аймгийн Эрдэнэ суманд айлын морь унах гэж очсон. Тэр айл “Хонинд яваад ир” гээд би гэрээсээ гарсан. Морь хашигнаад явахгүй байхаар нь мориноосоо буугаад, уулын энгэрт хэсэг сууж байгаад газар тулаад босохдоо харалгүй могойн дээр дараад хатгуулчихсан” гэж байлаа. “Нэг мэдэхэд ухаан алдчихсан байсан. Босоод ирсэн чинь айлын хүмүүс ирчихсэн байсан. Тэр өдрөө орой 17:00 цагийн үед сумын эмнэлэгт ирсэн. Тэндээсээ гэмтлийн эмнэлэгт 19:00 цагт ирсэн” хэмээсэн. Түүний биеийн байдал одоо гайгүй, эмнэлэгт 24 хоног хэвтсэн гэнэ. “Эхэндээ гараа хөдөлгөж болохгүй маш их өвдөж байсан. Хоол идэж чадахгүй, хөл гар суга руугаа хавдаад, бас шээж болохгүй байсан. Одоо бол гарын хуруу сайн хөдлөхгүй байгаа тэрнээс биш гайгүй болж байна” гэж ярьж байв.

ХҮҮХДҮҮД ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙ ҮНЭРЛЭЖ, МАНСУУРАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

Өсвөр насны хөвгүүд шингэрүүлсэн хий үнэрлэж мансуурч, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол сүүлийн үед их байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн II хороонд байрны гадаа хүүхдүүд ахуйн хий үнэрлээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн I хэлтсийнхэн очиж шалгасан байна. Ингэхэд тус дүүрэгт оршин суух 15 настай Х, Хан-Уул дүүрэгт оршин суух 16 настай Я, Ө, 14 настай У нар шингэрүүлсэн хий үнэрлэж байжээ. Тэд дэлгүүрээс хоёр газ худалдаж аваад дуусгасан гэдгээ хэлсэн гэнэ. Ингээд үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэв.

Мөн бага насны хүүхдүүд бие биенийгээ дээрэмдэж, зодож, дээрэлхсэн хэрэг гарчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцаж, зөв зам руу нь чиглүүлж өгөх хэрэгтэйг анхаарууллаа.

ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛД СУУЛГААГҮЙГЭЭС ТАВАН ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр гэр бүлтэйгээ автомашинд зорчиж явсан 0-10 хүртэлх насны таван хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна. Тодруулбал, Морингийн давааны хойд замд “T.Сresta” маркийн автомашин “T.Carina” маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 67 настай С, 65 настай Д, ой 10 сартай Т, ой 9 сартай Э нарын хоёр том хүн, хоёр хүүхэд гэмтжээ. Мөн 52-ын давааны урд замд “T.Pruis” маркийн автомашин “T.Vitz” маркийн автомашинтай мөргөлдөж 23 настай А, 36 настай Э, зургаан настай Э, 10 настай Н нарын дөрвөн том хүн, хоёр хүүхэд гэмтсэн хэргүүдийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа гэж мэдээллээ. Иймээс жолооч нар хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, зайлшгүй зогсолтын үед авах арга хэмжээг бүрэн аваагүйн улмаас мөргөлдөх, онхолдох хэлбэрээр зам тээврийн осол гаргаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа аж. Мөн бага насны хүүхдийг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн урд талын суудалд, өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй, цонхоор гар, толгойг нь гаргаж хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн ослын үед хүүхэд толгой, аарцаг нуруу, хөл, нүүрний хэсэг, цээж, хэвлийдээ гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирч байгааг Замын цагдаагийн алба хаагч хэлэв. Иймээс эцэг, эх, эмээ өвөө, ах эгч нар бага насны хүүхдийг тээврийн хэрэгслээр авч явахдаа арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал болон бусад аюулгүй байдлыг хангасан нэмэлт хэрэгсэл хэрэглэн, зөв тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөв.

БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ АВТОМАШИНДАА ҮЛДЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Тиймээс энэ өдрүүдэд үр хүүхдээ автомашиндаа битгий үлдээгээрэй гэсэн сэрэмжлүүлгийг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг эхчүүдэд өгч байна. Тухайлбал, гадаа 30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторх температур 70 хэм болдог байна. Энэ тоог дэлхийн олон улс оронд хэмжээд тогтоосон байдаг аж. Ийм халуун машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15-хан минутын дотор цус харвах аюултай байдаг гэнэ. Өмнөх жилүүдэд машиндаа хүүхдээ цоожилж үлдээсний улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан тохиолдлууд гарч байсан. Харин энэ жилийн хувьд онцгой байдал болон эмнэлэг, цагдаагийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл ирээгүй байна. Хэрвээ хүүхдээ хараа хяналтгүй машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад, хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм. Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж, ажлаа амжуулахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхаарууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *