ЭМЯ-наас Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг үндэсний хэмжээнд, Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг өвөлжилт хүндрэх хандлагатай аймаг, сумдад хуваарилан түгээж эхэллээ.
А аминдэм нь хүчтэй антиоксидант /үл исэлдүүлэгч/ тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааг дэмжин, өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.
А аминдэмийг жилд хоёр удаа 5, 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэллээ.
Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /ОНБТБ/ нь 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд 1 граммаар савлагдсан. Энэ нь хүүхэд, эхчүүдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын өдрийн хэрэгцээг хангадаг тул биеийн дархлааг сайжруулах, бичил тэжээлийн дутлаас сэргийлэх, хүүхдийн хооллох дуршлыг идэвхжүүлэх, өсөх, хөгжих, сурах чадвар нэмэгдэх юм.