Categories
мэдээ нийгэм

​Бага насны хүүхдийн амиа хорлолт хэрээс хэтэрчээ

Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн судалгааны дүнгээр сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Бидний гэрэлт ирээдүй юунаас болж амьдралаас залхав?

Хоногт дунджаар 1-2 хүн амиа хорлон нас барж байгаа гэсэн судалгаа хэний ч сэтгэлийг сэртхийлгэмээр мэдээ. Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар амиа хорлох үзэгдэл нь “өвчин” бөгөөд нийгэм болон сэтгэлзүйн хүчин зүйлтэй шууд холбоотой байдаг аж. Эдгээр хүчин зүйлсэд, эдийн засгийн, соёлын, шашны, ажилгүйдлийн шалтгаанаас гадна хувь хүний сэтгэлзүйн байдалхамгийн ихээр нөлөөлж байна. Тухайлбал, сэтгэлийн дарамт,хямрал, сэтгэцийн зарим өвчин буюу сэтгэл гутрах эмгэг, архи, мансууруулах бодис хэрэглэх эмгэг зэрэг багтдаг.

Хүний амь нас хохирч байгаа учир нөгөө талаас хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж шийдвэрлэдэг. Тиймээс Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын шалтгаан нөхцөл, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлалаар тодорхойлох, мөрдөн байцаалтын шатанд дээрх тохиолдлыг бүрэн шалгаж тогтоохын тулд 7000 гаруй мэдээллийг цуглуулж нэгтгэн өргөн цар хүрээтэй судалгаа хийжээ. Статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож үзэхэд амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурахаар байна. Гэвч өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан байна.

Амь хохирогчдын амиа хорлохоос өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл ихэнх тохиолдолд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлоно гэж заналхийлэх, амиа хорлох арга зам, хэрэгслийг эрж хайсан, сэтгэл зүйн хувьд мухардаж, амьдралын зорилгогүй болсноо илэрхийлэх, уурлаж хилэгнэх эсвэл өшөө авахыг эрэлхийлэх, бодлогогүй үйлдэл хийдэг байж. Мөн согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх, найз нөхөд, гэр бүл, нийгмээс өөрсдийгөө тусгаарлах, сэтгэл тавгүйтэх, цухалдах эсхүл зан ааш нь огцом өөрчлөгдөх, нойргүйдэх, байнга унтах, бусдад ачаа дарамт болж байна гэж үзэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байсан нь амь хохирогчид сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсныг ньхаруулдаг .

Манай улсад сэтгэл зүйч бэлтгэдэг сургууль нь байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийг ажлын байраар хангадаггүй, сэтгэл зүйчийн мэргэжлийн ач тусыг ойлгож мэдэхгүй байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн таван жилд амиа хорлосон 2055 тохиолдлоос 605 нь 10-14 насны буюу өсвөр насныхан байсан байна. Сурагчдын дунд явуулсан асуулгаар, сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж хариулсан нь судалгаанд хамрагдагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг. Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэрийг гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл болоод байна.

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд 88 хүн санаатайгаар эм ууж, амиа хорлохоор завдсаныг, эмч нар аварсан гэх тоо бий. Эдгээр иргэдийн 20 орчим хувь нь амьд үлдсэндээ харамсаж, дахин амиа хорлох оролдого хийж байжээ. Жишээлбэл: Өмнө нь тодорхой шашин шүтдэг 2 охин гэрээслэл бичиж амиа хорлосон, Эрдэнэтэд есөн давхраас 13, 14 настай хоёр охин амиа хорлосон, мөн 2017 онд Хан-Уул дүүрэгт 14 давхраас 2 охин нөхөрлөл мандтугай гэж ханан дээр нь бичээд хамтдаа үсэрч амиа хорлосон, 10-р ангийн 2 охин орцонд өөрсдийгөө боомилсон гэх мэт маш олон тохиолдол бий. Үүний цаана бидний мэдээгүй хичнээн хэрэг байгаа бол гэдгийг бодох л асуудал.

Эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ хаана юу хийж явааг лавлаж, ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойр байх хэрэгтэй. Түүнчлэн хүнийг амиа хорлох шийдвэр гаргахад зөвхөн сэтгэлзүйн байдал бус эдийн засгийн хараат байдал маш ихээр нөлөөлдөг бөгөөд тухайн улс орны эдийн засгийн байдал сайжрахтай зэрэгцээд амиа хорлолтын статистик буурдаг гэдгийг бусад орны туршлагаас харж болно.

Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль, гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр амиа хорлох алхмыг сонгож байгаа нь харамсалтай.

Мэдээж хүний сэтгэлзүйтэй нягт холбоотой тул энэ үйлдлийг хуулиар хүрээлэх арга байхгүй. Судлаачдын үзэж байгаагаар, нийгмийн сэтгэлзүй дээд зэрэгтээ хүртэл өвчилсөн учир ийнхүү бага насны хүүхдээс эхлээд үхэх тухай бодох болсон. Харин олон улсын туршлагаас үзэхэд өндөр хөгжилтэй европын улс орнууд болон Япон, Солонгос гэх мэт улсуудад бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулж өгсөн байдаг. Мөн сургууль, цэцэрлэг бүрт сэтгэлзүйчийн орон тоо байх ба өдөр бүр хүүхдүүдийг ажиглаж, тэдэнтэй ярилцдаг байна. Дээрх арга туршлагыг хэрэгжүүлсэн Япон улсад гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд амиа хорлолт 18 хувиар буурсан гэх мэдээлэл бий.

Тиймээс магадгүй томчуудын хувьд энгийнболовч хүүхдийн сэтгэхүйн хувьд хүнд байгаа тэр асуудлыг олж харж ярилцах ньтүүний амийг аврах боломж байж мэдэх юм. Цаашлаад зөвхөн хүүхдүүд, өсвөр насныхны бус олон ажилтантай албан байгууллага дэргэдээ сэтгэлзүйчтэй болох нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх нөлөөллийн арга хэрэгжүүлэх гээд олон улсын туршлагыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь үр дүнтэй болов уу.

М.БОЛОР-ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *