Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших “Хайрхан” хорооллын “Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж, дарамталж цамцаар нь шээс арчуулж буй мэдээлэл хоёр хоногийн өмнө /2019.04.19/ олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав.
Бага насны хүүхдэд ёс буй шаардлага тавьж зургийг нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн СӨХ-ийн ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг тодруулбал, “Хайрхан СӨХ”-ны ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн юм. Ингэхдээ тус байрны оршин суугчдынхаа фейсбүүк группэд “Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ” хэмээн бичжээ.