Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг өнгөрсөн хичээлийн жилд 40 сургуульд туршсан. Туршиж боловсруулсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-өө энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. Шинэ хөтөлбөрийн дагуу энэ жилээс эхлэн бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичгүүд гээд бүгд шинэчлэгдэж байгаа юм. Бага боловсролын чанарыг сайжруулахын тулд нэн тэргүүнд үндэсний хэмжээний бүх сургуулийн захирал, сургалтын менежер, багш нарт шинээр баталсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг танилцуулах шаардлагатай.
Тийм учраас БШУЯ-аас өнгөрсөн өдрүүдэд бүх ЕБС-уудын захирал, сургалтын менежерүүдэд сургалт зохион байгуулсан байна. Харин энэ өдрүүдэд аймаг, сум, дүүрэг бүрийг бүсчлэн хувааж, шинэ хөтөлбөрөөр хичээлээ хэрхэн явуулах талаар бага ангийн багш нарт сургалт явуулж байна. Сургалтанд 17099 багш оролцож байгаа аж.