Categories
мэдээ цаг-үе

Бадархундагын рашаан уснаас аавдаа аваад очно доо

“Өдрийн сонин”-ы №173 (5438) дугаараас авч нийтлэв.

Отгонтэнгэр уулын өвөр бие, далайн түвшинөөс дээш 2000 метр өндөрт эргэн тойрон том том морин чулуу, хад асгаар хүрээлэгдсэн, мөнгөн аяга мэт үзэгдэх хунхад мэлтэлзэн долгиотох нэгэн нуур бий. Түүнийг өвөр “Бадархундага” гэнэ. Мөнх цаст Очирваань уулын “энгэр түлхүүр” гэх нь ч бий. Өвөр Бадархундага нуураас Энэтхэгийн Ганга мөрөн газар доогуураа хүйн холбоотой гэж эртний ном сударт тэмдэглэсэн байдаг. Тэр л ариун дагшин рашаан уснаас хүртэх гэж алсаас зорьж ирсэн мянга мянга хүн Чулуутын голыг хэдэнтэй өгсөж уруудна. Ар Бадархундагаас нь эх авч урсдаг Чулуут хэмээх уулын гол цэнгэгийнхээ хэрээр уухад магнай хага ташим, туулахад чөмөг хага ташим хүйтэн аж. Арга ч үгүй биз. Ар, өвөр Бадархундага нууранд долдугаар сарын эхэн үе хүртэл зүрхэн эсвэл навчин хэлбэртэй мөсөн жингэлүүд хөвдөг гэнэ билээ. Биднийг очиход тийм өвөрмөц содон мөс нуурын мандалд хөвж үзэгдсэнгүй.

Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх, тахих ёслолын хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газрын албан хаагчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуут бид нэгэн гал болж Төрийн тахилгат Очирваань уулын сав газар зорчсон билээ. Уг нь Отгонтэнгэр уулыг тахих ёслол өнгөрсөн зургадугаар сард болох ёстой байсан ч УИХ-ын сонгууль, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт зэрэг төр, нийгмийн олон үйл явдал давхацсан тул ийнхүү хойшлуулж долдугаар сарын 22-ны өдрийг хүргэсэн юм. Энэ нь ч сайн хэрэг болж. Нутгийн хөгшид хэлэхдээ “Бадархундага нуур баринтагаа бүрэн тайлсан хойно Төрийн тахилга болж байгаа нь нүдээ олсон хэрэг боллоо” гэж байв. Баринтаг тайлах гэдэг нь мөнөөх мөс цасан жингэлүүд цагийн аясаар цайнд хийсэн ёотон шиг нуурын уснаа уусан алга болохыг хэлдэг аж. Энэ талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч тахилгын үеэр хэлсэн үгэндээ дурдсан буй.

Өмнөх сурвалжлагадаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, тахилгын үйл явдлын талаар өгүүлсэн тул энэ удаад Бадархундага нуур болон 30 мянга гаруй хүн чуулсан Очирваань уулын тахилгын эргэн тойрноос тоймлон хүргэе.

Манай цуваа Завхан аймгийн Отгон сумаас хайрханыг зорин явах үед гол усанд боогдсон, шаварт суусан олон машинтай таарав. Отгон сумын урдуур урсах Богдын голд Чулуут, Бор бургас зэрэг хэд хэдэн уулын гол цутгадаг нь аян замын олныг ийнхүү “адал явдал”-тай учруулжээ. Замд саатсан машины зарим нь шаварт сууж хоносон байх. Гол усны гарам нь олон машины дугуйнд ухагдсан тул жижиг тэрэг гарахад түвэгтэй болж нутгийн тракторчинд завшаан болсон нөхцөл байдалтай ч таарав. Улаан трактор ус шаврыг ажрахгүй туулдгаараа тэнд ёстой од болж, тухайн машиныг шавраас татаж гаргахдаа хол ойроос шалтгаалж 10-20 мянган төгрөгийн тариф тогтоогоод амжсан байв. Нийтдээ 5500 орчим авто машин Отгонтэнгэр уулын бараа харагдах хөндийд дүүрчээ. Нэг олзуурхмаар нь тэр олон машин тэрэг, энхэл донхол замд яваа гэхэд нэг ч муу юм үзэгдсэнгүй. Ухаандаа, мөргөлдсөн, онхолдсон ч юм уу аваар осол гаргасан машин байсангүй гэж хэлэх гээд байна л даа. Магадгүй Монгол түмний шүтээн болсон Очирваань бурханы ач ивээлээр элдэв гай барцад сүсэгтэн олон, хишигтэн түмнээс холуур өнгөрөв бололтой.

Отгон сумаас 65 км зайд Отгонтэнгэр хайрхан дүнхийн харагдах хөндийг өгсвөөс агсран урсах Чулуут гол хөндөлсөж урдуур нь Дорнын их яруу найрагчийн хэлсэнчлэн “Зүүрмэглэгч хун шиг цагаан гэрүүд”-ийг үүдэн хоймрын зайтай жирийлгэн барьжээ. Барагцаагаар 300 орчим гэр барьсан байсан ч 35 мянган хүнд ноогдуулхад дэндүү бага тоо юм. Зочид төлөөлөгчдөд ч ор дэр нь хүрэлцээ муутай байлаа. Мөн 00-ийн асуудал хурцаар тавигдаж, гарын 10 хуруунд багтах төдий цөөн тооны модон жорлон байнга шахам 50,60 хүний оочертой байв. Энэ мэт зохион байгуулалтын олон ажилд холбогдох албан тушаалтнууд нь сэтгэл гаргаагүй мэт санагдсаныг нуух юун. Нэгэнт гэр бараа хүрээлцээгүй тул гэр буудалд тухалчихна гэж бодож очсон хүмүүсийн олонхи нь машиндаа хонож, цөөн тооны хувийн бэлтгэл сайтай хүмүүс майхнаа зоож тухалцгаасан юм. Азаар бороо хур орж олон түмнийг тух алдуулсангүй. Цаст Очирваань уулын зулай цагаан оройд шингэх нарны улбар туяа ягааран тусаад наран шингэв.

Үүр цайв уу үгүй юу Чулуутын голыг өгсөн морьтой хүмүүс цувж эхлэв. Тэд Бадархундага нуурыг зорих аж. Отгонтэнгэр хайрхан уул толгодын цаанаас дүнхийж байснаа бодвол бидний буудалласан газраас бараг бэлд нь тулаад ирчихсэн шиг харагдана. Бадархундага нуурын хавцалт хонхорхой энүүхэнд мэт үзэгдэнэ. Гэвч тэндээс Бадархундага нуур хүртэл дахиад 10 км зам туулна гэж сонсоод нүдэндээ итгэмгүй байлаа. Тахилгын ёслол үйлдэх гол шүтээнт овоо нь Бадархундагаас гурван км-ийн наана аж. Сүүлийн үеийн жийп машины чадал чансааг сорисоор эмнэг адуу шиг цовхчсон ширүүн урсгалт Чулуутын голыг хоёронтоо гарч төрийн тахилгат овооны бэлд хүрвэл алсаас дүнхийн хөхрөгч Отгонтэнгэр хайрханы өнгө нь жаахан бараантаж харагдана уу даа гэхээс өөр зүйл анзаарагдсангүй. Аргагүй л хангайн нурууны ноён оргил Богд Очирваань бурхны шүншигт уулын сүр жавхлангийнх нь дэргэд хүний бие жижигдэж, орон зайн баримжаа ч төөрөлднөм зээ.

Тахилгын овооноос Бадархундага нуур хүртэл гурван км зайтай аж. Бадархундага нуурын рашаан уснаас хүртэж, хүслээ шившин өргөлөө өргөх гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй. Гэвч тахилгын овооноос дээш эмэгтэй хүн гарахыг хориглосон тул эрчүүд л тэрхүү өгсүүр замыг туулах аж. Уулын зам бартаа ихтэй, газрын дээр гэлтгүй шавар намаг, хад асган дундуур зурайх морин жимийг дагаад л морьтой явган холилдон өгсөцгөөчихнө. Естой л нөгөө хөлдтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хүрнэ гэдэг шиг найман настай балчираас 80 настай өтөл хөгшинтэй Бадархундагын бартаат замд учирч байв. Авынхаа гараас чаргуудан ядарсандаа уйлагнаж явах бяцхан хүү байхад, хүүгийнхээ гараас хөдлөн дэмнүүлж яваа өвгөнтэй ч таарав. Дүнхэр уулынхаа барааг ширтэн тааваараа гишгэлэх хүрэн торгон дээл, саарал бүрх малгайтай, 80 нас хүрч яваа болов уу гэмээр нэгэн өвгөн хүүтэйгээ хамт миний өмнөхөн талд өгсөж явна. Хүү нь хул шар өнгийн монгол цамц, өмсөж хөлдөө пүүз жийсэн нь их л хөнгөхөн харагдана. Тэднийг амармагц би доохно талд нь амарч, босоод өгсөхөд нь даган хөдөлж явсан болохоор тэндний дунд өрнөх яриа хөөрөө, уур амьсгалыг ажиглан явав. Өвгөн 2012 оны төрийн тахилгын үеэр хайрханы бэлд анх ирж байсан аж. Өнөө жил хоёр дахь удаагаа иржээ. Ер нь Очирваань ууланд хүн гурван удаа ирж мөргөх учиртай юм гэнэ. Бадархундагын рашаанаас хүртсэн хүн тэр жилийнхээ засал номыг хийлгэсэнтэй адил болдог ч гэнэ. Өгсөх тусам амралт улам ойрхон болоод байсан тул тэднийг хүлээлгүй цааш өгслөө. Огцом өгсүүр гүвээ өөд зүтгүүлсээр орой дээр нь гарч амрахдаа тэднийг харвал аав хүү хоёр гутлаа солиод өмсчихсөн ирж яваа харагдана. Өвгөний хөл арай хөнгөрсөн янзтай товор товор алхана. Өөдөөс ирж яваа хүнээс нуурын баримжааг асуувал дахиад нэг гүвээ давна гэв. Гүвээний орой дээр амарч суухад “Хайрхан зон олноо сайхан хүлээж авч, сүүн гэгээ татуулсан тэргүүнээ харууллаа. Сайхан байна шүү” гэх цагаан амтны гэгээн үгс хаа сайгүй сонсогдоно. Нээрээ ч тахилгын өмнөх орой цаст цагаан тэргүүнээ үүлэн дунд нуугаад байсан хайрхан Тахилгын өглөөнөөс эхлэн орой дээрх үүлээ хөөж, үлэмж гэгээн төрхөөрөө дүнхийсээр байсан юм. Тээр дээр харагдах гүвээний доохно талд хүмүүс бужигнаад байсан тул ширүүхэн алхсаар хүрч очвол үүдэн хоймрын зайтай хоёр вансэнбэрүү цэцэг ургасан байв. Нэг нь нөгөөгөөсөө арай намхан ургажээ. Хүмүүс өндөр ургасан вансэнбэрүүний дэргэд суун Отгонтэнгэр уулын зулай цагаан тэргүүнийг оруулан зураг даруулцгаах аж. Харин хүмүүсийн үймээнээс болсон уу, цомирлогоо хувих цаг нь нэгэнт болсон ч юм уу ямартай ч хоёр цэцэг хоёул дэлбээ хумижээ. Хүмүүс “Вансэмбэрүү цэцэг үнэхээр хосоороо ургадаг юм байна. Энэ жижиг нь эм нь байх, энэ нь эр нь юм шиг байна. Үнэхээр үүдэн хоймрын зайтай ургасан байна шүү” хэмээн жиг жуг хийнэ. Морьтой нэг нь тэнд түр саатаж, дөрөө шүүрэн мордоод цааш хөдөлнө. Явган хүмүүс харин яггүй цуцах аж. Үүрсэн цүнх улам хүндэрнэ. МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгын зураглаач Н.Одбаяр 12 кг жинтэй камераа үүрэн зүтгүүлсээр биднийг гүйцэж ирлээ. Өөрөө жин ихтэй гэхэд Бадархундага нуурын сайхан зураглал хийх гэж их л хичээн яваа нь энэ. Харин түүний хамтрагч, сэтгүүлч Б.Пүрэв камернийхаа хөлийг үүрч, гутлаа тайлж бариад хөл нүцгэн өгсөж яваа харагдана. Нэг талаар хөл хөнгөн боловч нөгөө талаар хад асган дундуур хөл нүцгэн явна гэдэг тэвчээр хатуужлаа сорьж байгаа хэрэг гэнэ. Эрт дээр үед шилийн сайн эрчүүд уул хангайд мөргөхдөө хөл нүцгэн явдаг байсан гэнэ билээ.

Уухайн түрлэг Бадархундага нуурын хүнхэрлэг асга хавцалд ойж цуурайтах аж.

Нуурын хөвөөгөөр эгнэсэн зон олон мөргөн залбирлаа үйлдэн, өргөлөө өргөх бүрийд нуурын мандал мөнгөн аяга тэргүүтнийг цүлхийн тосч авах агаад уухайн түрлэг залган авч цуурайтсаар Отгонтэнгэр хайрханы оройд тулж хумсын чинээхэн цас элтрэн унаад намжих шиг санагдана. Бадархундага нуурын уснаас хүртэхэд сүү шиг зөөлөн амт ам дүүрэн тархаад хоолой мөнгөлөн урсах. Өнө эртнээс нааш энэ нууранд алт мөнгөн аяга, мөнгөн эд эдлэлээ өргөсөөр ирсэн нь нуурыг цалин цагаан мөнгөний зөөлөн уусмал амттай болгожээ. “Амьд явахад алтан аяганаас ус ууна” гэх ардын зүйр үг бий. Харин Бадархундагын уснаас хүртэнэ гэдэг алтан аяганаас ус уухаас ч илүү хувь ерөөл гэлтэй. Нуурын ёроолд хэчнээн цэн лан алт, мөнгө байгааг хэн мэдэх. Цуцан цуцан очиход цул мөнгөн Бадархундагын рашаан уснаас цангаагаа тайлан хүртвээс нүд нээгдэх шиг болов. Сайхан гарсан айргийг уух тусам араанд ааруул амтагддаг шиг Бадархундагын уснаас балган балган хүртэх тусам цалин цагаан мөнгөн рашаан хамаг биеэр минь тархан тамиржуулмуй.

Мөнөөх хоёрын хүү нь аавыгаа үүрээд шавар намаг туучин ирж явааг хараад хөл муутай аавыгаа эрхгүй санан нулимс мэлтэлзээд ирэв.

Нуруун хөвөөнд уухайн түрлэгтэй уулын салхиар илбүүлэн зогсохдоо Бадархундагын рашаан уснаас аавдаа аваад очно доо гэж бодов.

Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *