53 УДААГИЙН БАГШ НАРЫН БАЯРЫН ТАВД НЬ Л ОРОЛЦООГҮЙ
Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь баярын өдөр өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү бэлгэшээлт өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн хүндэт профессор Далхсүрэнгийн Төмөрийнд өнжсөн юм. “Тэнгэр плаза” худалдааны төвийн ардхан байрлах гэртээ биднийг урив. Орцоор нь ороод дээш гарахад гэрийнх нь хаалга онгорхой, биднийг хүлээж суулаа. Мэнд усаа мэдэлцээд орцгоов.
Төмөр багш гэрийнхээ хойморт налайн сууна. “Өнөөдөр Монголын болон дэлхийн багш нарын албан ёсны өдөр болохоор ёс болгож ширээ заслаа” хэмээн инээмсэглэн байв. Бид ч баяр хүргээд тухлан суув. “53 жилийн 47 жилд нь багшийн хувьд оролцсон байна. Тавхан жилд нь орж чадаагүй юм байна. Тэр яахав, сургуулиа төгсөөгүй байсан юм” хэмээн хуучлав. Тэрбээр багшийнхаа гарааг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас эхэлсэн нь энэ л нутагт төрж өсч, хүний зэрэгт хүрсэн болохоор хөдөлмөрийн гараагаа ч эндээс эхлүүлсэн гэнэ. Түүний хань Д.Чанцалням мөн л түүнтэй ижил монгол хэл, уран зохиолын багш. Ардын боловсролын тэргүүний ажилтан. Тэд 1972 онд гэр бүл болжээ. Хоёр охин, дөрвөн хүүтэй. Ач, зээ нийлээд хорь гаруй болж өнөр өтгөн айл болсон байна. Тэдний ач, зээ нар нь эхнээсээ их, дээд сургуулиа амжилттай төгсөөд ажлын гараагаа эхлүүлээд байгаа гэнэ. Сонирхолтой нь Төмөр багшийн анхны шавийн охинтой отгон хүү нь гэрлэжээ. “Шавьтайгаа худ ураг ч болж явна, хүний амьдрал баялаг юм даа” хэмээн Чанцалням гуай хуучлав. Төмөр багш дуу цөөтэй хүн юм. Өөрийнхөө тухай яриач гэхэд “юу ярих уу” гээд инээмсэглэнэ. “Би чинь ярихдаа тааруухан, өөрөө өөртөө дүгнэлт өгөхдөө дургүй л дээ. Бичихдээ бол ч сайн. Ярихаар үг орж ирэхгүй хэрнээ бичихээр хаанаас орсон юм бүү мэд. Үгнүүд нь ар араасаа урсаад л байдаг” гэв.
Хүү Мөнхбаяр нь IT-ийн мэргэжилтэй учраас аавыгаа байнга юм бичээд байхаар гар нь өвдөнө гээд компьютер дээр хэд гурван юм зааж өгчээ. Нээх сүртэй ч юм заагаагүй байхад хаанаас ч сурсан юм бүү мэд нэг мэдэхэд гэр бүлийнхээ тухай дүрст бичлэг, баримтат кино хийчихсэн, компьютерийн программын бүхий л үйлдэл дээр ажиллаад сурчихсан байсан. Би уг нь тийм их юм хэлээгүй дээ. Нэг орж ирэхэд кино үз гээд зурагтаа нээн үзүүлтэл аавын хийсэн манай гэр бүлийн тухай баримтат кино буюу аялгуут цомог байсан” гэж хүү нь инээмсэглэлээ.
Төмөр багш, өөрийнхөө тухай ярьж байхаар үзүүлье гээд бидэнд өөрийн хийсэн баримтат нэвтрүүлгээ үзүүллээ. Энэ жил Төмөр багшийн төрж өссөн Дундговь аймгийн Дэрэн сумын сургуулийн 80 жилийн ой тохиожээ. Сургуулийн захиргаанаас Төмөр багшийн нэрэмжит Хөдөлмөр алдрын танхимыг байгуулахаар болсноо дуулгаж. Тиймээс хавраас хойш өөрийнхөө хөдөлмөр алдрын танхимд зориулан нэлээд зүйлийг бүтээжээ. Тэрбээр сүүлийн найман жилд 11 төрлөөр бодит, баримтат, түүхэн, дуу хөгжимтэй, нэмэлт тайлбартай 484 ширхэг аялгуут цомог хийжээ. Түүнийг хаана ч томсгон телевизийн баримтат кино шиг үзэж болно. Энэ кино цомгоосоо хувилж олшруулаад хүүхдүүддээ, найзууддаа, шавь нартаа, ахан дүүстээ, багш нартаа бэлэглэдэг гэнэ. Нэг киноны үргэлжлэх хугацаа 3-30 минут. Харин Youtube-рүү орж, “tumurbagshiinkino” гэж хайвал 18 баримтат цомгийг сонирхон үзэж болох аж. Мөн цахим орчинд “Д.Төмөр багшийн зөвлөгөө” гэж хайхад монгол кирилл, бичгийн хэд хэдэн зөвлөгөө, угийн бичгээ хөтлөх аргачлал, хүүхдийг багаас нь хэрхэн хэлц үгийн уран сайхнаар ярьж бичиж сургахад зориулсан гэх мэтээр 100 гаруй удаагийн зөвлөмжүүдийг нягтлан үзэж судалж, сурч болох юм байна. Тэрбээр мөн гэрэл зургийн хорхойтон. Түүнд маш олон зургийн цомог байдаг. Түүнийг давхарлан тавибал 1м 75 см зузаантай, цувруулан тавибал 1030 метр гаруй урт болно гэнэ.
ЭЭЖ, ОХИН ХОЁУЛАА СУР ХАРВААЧ
Төмөр багшийн аав Далхсүрэн гуай нутгийн нэртэй уяач хүн байжээ. Аавыгаа даган даага сургасаар, намар хичээлдээ ирэхэд сургуулийн захиргаанаас гардуулсан сайшаалын үнэмлэх хамгийн анхны шагнал бөгөөд 11 даага сургасан гэсэн үгтэй, гуравдугаар ангид сурч байхдаа авсан үнэмлэхийг одоо хүртэл нандигнан хадгалж яваагаа үзүүллээ.
Ууган охин Мөнхсоёл нь Монгол Улсын “Гоц харваач” цолтой. Гэргий Чанцалням нь охиноо дагаж сур харвасаар яваад төдөлгүй үндэсний сурын спортын мастер цолтой болсон ажээ. Ийм л спортлог айл юм.
Төмөр багшийнхан их бүтээлч айл юм. Хийе, бүтээе, ажиллая, амьдаръя гэсэн чин хүсэлтэй, аливаад бүтээлчээр ханддаг, цагийг үр ашигтай өнгөрөөдөг, хорт зуршлаас хол байвал ээж аав, багш ч бай үр хүүхдэдээ, ач зээ нартаа байнга үлгэр дуурайл үзүүлдэг гэсэн зарчмаар аж төрдөг. Төмөр багш гэргийтэйгээ энэ л жишгээр амьдарч иржээ. Бусдад үглэж биш, үлгэрлэж сургахыг хичээдэг. Чанцалням гуай ярихдаа “Айл гэрийн амьдралд хүргэн бэрүүд их чухал үүрэгтэй юм байна. Бид хоёр хүргэн, дөрвөн бэртэй. Айлын хүргэн бэрүүд хослон амьдрах хорвоогийн жамаар жаргал зовлонгоо хуваалцаж, нэгнээ дэмжиж, амьдрал ахуйгаа босгож, өөд нь татаж, аав ээжийгээ асран халамжлаад сайхан байдаг юм байна. Бидний итгэл найдварыг хүлээж байгаа үр хүүхдүүдээс минь илүүгээр хайр халамж, сэтгэл санаа гаргаж байдаг хүргэн, бэрүүддээ маш их баярлаж, бахархаж явдаг юм. Энэ бүхэн зөв үлгэрлэн дуурайж хүмүүжүүлсэн, авьяасыг нь хөгжүүлж байгаа ханийн минь буян заяа юм уу даа гэж харж сууна” гэв.
Төмөр багш юмхнаар юм хийж чаддаг их хөдөлмөрч бүтээлч хүн. Тэр занг нь хажуу дахь хань нь ч даган дуурайж хамтдаа бүтээх их хүсэлтэй. “Хамтдаа хийхээр цаг их гардаг. Үлдсэн цагаа бид хийж бүтээх цаг гэж нэрлэдэг, хүмүүс бол чөлөөт цаг гэдэг. Чөлөөт цаг гэдэг бол хийж бүтээх цаг байх ёстой. Би тэгж бодон хэрэгжүүлж ирсэн” гэж Төмөр багш хуучлав.
АМРАЛТ ГЭДЭГ НЬ НЭГ АЖЛЫГ НӨГӨӨГӨӨР СОЛИХ
Түүний хүү Мөнхбаяр “Манай аав чөлөөт цаг гэхээр зүгээр суудаг хүн биш. Амралт гэдгийг нэг ажлыг нөгөөгөөр солих гэж ярьдаг. Юм бичиж байсан бол ном, сонин уншина. гэрээ цэвэрлэлцэнэ, тавилгаа өөрчилнө. Бид социализмын үеийн хүүхдүүд. Гэхдээ бид их ардчилсан өссөн. Яагаад гэвэл аав, ээж хоёр аль болох бие даалгадаг. Аливаа юмыг заавал өөрсдийнхөөрөө ингэ, тэг гэж тулгадаггүй. Бие даах чадварыг багаас маань суулгасан. Бид хэдий өсч том болоод тусдаа гэр бүл зохиогоод амьдарсан ч бие биенээсээ нуух зүйл байдаггүй. Аливаа нэгэн зүйлээ ингэлээ, тэглээ гэж байнга хэлдэг. Одоо ч гэсэн аав, ээж хоёр ямар нэгэн асуудал гарахад дураараа шийдвэр гаргадаггүй. Заавал ч үгүй бидэнтэй ярьдаг. Бидний саналыг байнга тусгана. Аав минь шинийг санаачлагч, хөдөлмөрч, суралцагч, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг, залуу сэтгэлгээтэй. Энгийн хэрнээ эгэлгүй хүндээ, миний аав” хэмээн аавынхаа тухай ярилаа.
ТӨМӨР БАГШИЙН ГЭР БҮЛИЙН САНААЧИЛГЫГ УЛСАД НЭВТРҮҮЛЖ БАЙЖЭЭ
Гэрийнх нь тохижилтыг харахад нээрээ л орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг гэр бүл аж. Хүмүүс хэрэглэж сурсан, нүд дассан гээд тавилгаа сольдоггүй. Гэтэл Төмөр багшийн гэр бүл тийм биш юм. Тавилгыг орчин үеийнхээр шинэчилж байдаг нь нүднээ илт. “Хичээлээс, ажлаас ороод ирэхэд л гэрийнхээ тавилгыг өөрчилчихсөн байдаг. Тэгэхээр өөр айлд ороод ирсэн юм шиг, шинэ орчин хүлээж авдаг. Тэр нь бидэнд таалагддаг байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Өглөө аавынд орж ирэхэд юмнуудынх нь байр солигдчихсон л байна” хэмээн охин Мөнхсарнай нь ам уралдан ярина. Гэртээ тавьсан бэлэг дурсгалын зүйлүүд ч, өөрсдийн захиалгаар хийлгэсэн сувинерүүд бүгд бэлгэдлийн чанартай ажээ. Эднийх 21 төрлийн цуглуулгатай. Тэр цуглуулга дунд заан, загас, морь гээд төрөл бүрийн зүйлүүд бий. Гэрийн эзэгтэй ээж гэдгээ бодоод, бас бэлгэдлийг нь бодож, сүүлийн үед жижигхэн данх, гутлан хэлбэртэй аяга цуглуулах хоббитой болжээ. Төмөр багш өөрөө үндэсний агуулгатай сийлбэр захиалгаар хийлгэх дуртай гэнэ. Сийлбэрүүд нь нутаг орноо, аав ээжийгээ, үр хүүхдээ, мэргэжлээ дээдлэн хүндэлсэн утга агуулгатай байгаа нь сонирхол татаж байлаа. Тухайлбал, сийлбэрийн сууриуд нь аймаг, сумынхаа газрын зурагны дүрстэй, тэр нь яв цав тохирдгоороо онцлогтой байлаа.
Түүгээр ч барахгүй, өөрсдийнх нь нэгдүгээр ангийн дэвтрүүд байгааг ч үзүүллээ. Бичиг гэж уран зураг шиг “яаж ингэж бичдэг байна аа” гэж бодогдохоор сайхан бичсэн байлаа. Хүүхдүүдийнхээ хичээлийн дэвтрийг ч цуг хадгалжээ. Тэдний гэр бүл 1974 онд “Соёлч гэр бүл” болж, 1983 оноос “Соёлч, ажилсаг, эвсэг гэр бүл “ гэсэн туршлага нь Улс орон даяар нэвтэрч эхэлжээ. Олон аймаг сумдаар аялан туршлагаа хуваалцаж, хүмүүс Төмөр багшийнхны ажил, амьдралыг сонирхон ирж үздэг, туршлагыг нь судалдаг байжээ.
УУРЛАЖ ҮЗЭЭГҮЙ БАГШ
Төмөр багшийнд 1972 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд очиж багшлахад анхны шавь нь болж байсан Ц.Дуламсүрэн зочлон ирсэн байв. Түүнээс багшийнх нь талаарх сэтгэгдлийг сонсоход “Багшийн анхны шавь нарын нэг нь би. Багш хүнд байх тэр бүх чанаруудыг шингээсэн эгэлгүй хүн. Урлагийн хүн цаанаасаа төрмөл авьяастай байдаг гэдэг. Төмөр багш тийм л төрмөл заяат багш хүн. Би багшийнхаа ажил мэргэжлийг өвлөн эзэмшээд 34 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Багш гэдэг ямар сайхан мэргэжил вэ, тэр дундаа Монгол хэлний багш болоход үлгэрлэн дуурайж ийм л багш болно гэж жигүүр хайрласан хүн нь миний багш. Бидний 1972 оноос эхлээд бичсэн шүлэг, зохион бичлэг тавьсан дүнтэйгээ, төрөл бүрийн гэрэл зургуудаар баяжуулсан нь одоо хэр нь хадгалаастай байдаг. Манай багшийн санаачилсан “Тулгуур дохио” буюу “Нүдлэн сэтгэх зураглал”-ын арга нь улсад тэргүүн туршлага болсон. Тэр тэргүүн туршлага Монгол Улсад нэвтэрч чадсан. Сурагч байхад багш хичээл заана гэдэг бидний хувьд хүсэн хүлээдэг, баяр баясгалан болдог тийм л хичээл байлаа. Тэгээд ер нь уурлана гэж байхгүй. Байнга инээж хөхөрч, хүүхдүүдийг ойлгуулсан, тайлбарласан, даган дуурайлгасан тийм л хүн. Багшийг яаж уурлалгүй хичээлээ заадаг байсныг одоо хүртэл бодоод олдоггүй юм. Нэг ангийн 20 сурагчаас 13 нь багшийн мэргэжлийг эзэмшсэний тав нь монгол хэлний багш болсон. Бидний бахархал минь юм” гэв.
Төмөр багш багаасаа физикийн хичээлд сонирхолтой байсан болохоор хичээл заадаг анги нь одоогийн IT-ийн танхим шиг байдаг байж. Тэр үеийн хичээлийн гол техник хэрэгсэл болох Лити 60, Украин 5, пянз тоглуулагч, магнетфон зэрэг сургалтын хэрэгслээ багшийн ширээн дээрээсээ удирддаг болгосон байдаг байжээ. Мөн хөдөлгөөнт, мэдлэг шалгах цахилгаан самбартай байж. Уран зохиолын хичээл дээр ерөөл, магтаал, үлгэр домог заахдаа баянхуур хөгжмөө ашигладаг байжээ. Бидэнд ч хөгжмөө дарж сонирхуулав. Хөгжмөө дарахдаа нүд нь гэрэлтээд л баясгалантай нэгэн болохыг анзаарав. Төмөр багшаар хичээл заалгасан ямар ч хүүхэд хичээлд нь дуртай болохоос ч аргагүй юм. Тоглоомын аргаар бүхэл бүтэн цогц хичээлийг заадаг. Одооны сургалтад хэрэглээд байгаа аргыг тэр үед хэрэглэж байжээ. Түүний хичээл заалгадаг математикийн сонгоны ангийн хүүхдүүд “Бид чинь монгол хэлний сонгон”-ы ангид орчихсон юм биш үү” гэж хөөрөлдөж байсан түүхтэй гэнэ. Маш олон шавь нь ч энэ тухай байнга дурсдаг гэнэ. Мөн “Хөдөлгөөнт кабинет”-ыг анх санаачлан улс орон даяар нэвтрүүлжээ. Бүхий л хичээлийг нэг хайрцагт багтаагаад аймаг сумдаар явж хүүхдүүдэд заадаг байж. Энэ санаачилгууд нь түүнийг Монгол Улсын анхны бүтээлч 12 багшийн нэг болгожээ. Хүү Мөнхбаяр нь 1993 онд хотод оюутан болж иржээ. Тэрбээр аав, ээжийгээ хотод амьдрах ёстой хүмүүс гэдгийг ойлгож, ятгасаар 1994 онд Төмөр багшийнх хотод шилжин иржээ. Түүнээс өмнө багш “хөдөөнөө л насыг барна” гэдэг байж.
ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙН ИЖ БҮРЭН ҮЗҮҮЛЭНГ БЭЛЭН БОЛГОЖЭЭ
Төмөр багшийг тэтгэвэртээ гарахад маш олон сургууль багшлаач гэдэг хүсэлт тавьжээ. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад “тэтгэвэртээ гарснаараа гаръя, нэг ч гэсэн залуу хүнийг ажилтай болгоё” хэмээн шийдэж тэтгэвэртээ гарсан ч ажилтай байснаасаа ч илүү зүйлийг хийж бүтээсэн хэмээн хүүхдүүд нь хэлж байв. Анх монгол хэл, уран зохиолын иж бүрэн үзүүлэн хийнгээ компьютер дээр ажиллаж сурчээ. Тэр үзүүлэн нь Монгол Улсын бүх Ерөнхий боловсролын сургуульд хүртээл болж чадсан байна. Харин сүүлийн хоёр жил, үндэсний бичгээ 30 гаруй жил заасан өөрийн туршлагадаа тулгуурлан хичээлийн иж бүрэн үзүүлэнг бэлтгэн бэлэн болгожээ. Энэ үзүүлэн нь сургалтын хэрэглэгдэхүүн болох төдийгүй, сурах орчинг ч бүрдүүлэх ашиг тустай. “Үүнийг олны хүртээл болгож чадах юм бол өв соёл, үндэсний бичгээ авч үлдэх том алхам болно. 2025 он гэхэд монголчууд хос бичгээр бүхий л албан бичгээ хөтлөх тухай хууль гарчихсан. Бүхий л насныхан үндэсний бичгээ сурахад уг үзүүлэн хялбар дөхөм болно. Энэ л үзүүлэнгээ бүх нийтийн хүртээл болгочих юмсан гэдэг ахмад багш миний чин хүсэл байна. Төр засаг, түмэн олон минь жаахан дэмжлэг үзүүлээсэй” гэж санаашрангуй хэлэв. Үзүүлэнгээ сонирхон үзүүлэхэд нь “нээрээ л ямар ч насны анхлан суралцагч нар амархан сурч болохоор энгийн хийжээ” гэж бодогдов. Түүний хичээл дээр даалгавар хийдэггүй хүүхэд гэж огт байхгүй. 80 минутын хичээлийг ийм хурдан дуусаж байгаа юмуу гээд шавь нар нь дурамжхан дуусгадаг байж. Чанцалням багш ханийнхаа 70 насны ойд зориулан 70 шүүст ургамал тарьжээ. Ер цэцэглэдэггүй нэг цэцэг нь сүүлийн хэд хоногт улаан цэцэгс дэлгэрч, сайхан ургажээ. “Та нарыг л ирэхийг бэлгэдээд байж” хэмээн гэрийн эзэгтэй инээмсэглэсээр биднийг үдсэн юм.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН