Categories
мэдээ нийгэм

Баабарыг “Ардын бослого” гэж хэлснийх нь төлөө цагдаа шалгаж эхэлжээ DNN.mn

Нийтлэлч Баабар буюу Б.Батбаярыг хуулийн байгууллагаас дууджээ. Тодруулбал, түүний эсрэг иргэн Б.Зинамидар прокурорын байгууллагад гомдол гаргасан байна. Гомдлын агуулга нь нийтлэлч Баабарын 1990 оны гуравдугаар сард Социал демократ намын хурал дээр илтгэл тавихдаа 1932 оны лам нарын бослогыг ардын бослого гэж нэрлэсэн нь буруу, үүнд арга хэмжээ авч өгнө үү гэж Улсын ерөнхий прокурорт ханджээ.

Гэтэл УЕПГ-аас Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хандаж “Сүхбаатар дүүргийн XX хорооны иргэн Б.Зинамидараас тус прокурорын газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянаад, мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт, прокурорын хяналтын харьяаллыг танай дүүргийн прокурорын газарт тус тус тогтоож, шалгуулахаар хүргүүлэв” гэжээ

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс нийтлэлч Баабарыг мэдүүлэг өгөхийг хүсчээ. Энэ талаар цахим сүлжээнд хүмүүс “35 жилийн өмнө хурлын илтгэлд хэлсэн үгийн хэргээр энэ олон жилийн дараа гомдол босч ирдэг нь сонин байна. Ийм хэрэг өөрийнх нь институтад хамаардаггүй гэж Улсын ерөнхий прокурор гомдол гаргагчид буцаадаг болохоос цагдаад хандан шалгуулах ёсгүй баймаар юм. Орост бохир, заль мэхний сэдэлтэй зохиомол хэрэг боохдоо өндөр настан, ахмад дайчдаар гомдол өгүүлдэг арга дэлгэрсэн. Тэндээс санаа авсан байж болох. Навальныйг ахмад дайчныг нийгмийн сүлжээнд харлуулсан гэж шоронд хийж. Зөнөөд юу ярьж буйгаа мэдэхгүй өвгөний ач хүү нь гэх ажилгүй нөхөр гомдолд өвгөнөөр гарын үсэг зуруулсан байсан” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байв.

Харин хууль зүйн талаас энэ үйл явдлыг хуульчид “Прокурорын байгууллагын албан бичгээс харахад хэрэг бүртгэлт биш бүр мөрдөн байцаалт явуулах буюу аль дээр хэрэг үүсгэчихсэн байгаа дүр зураг харагдаж байна. Хамгийн ноцтой нь цагдаа шалгаад прокурор хянаад Түүх ийм байж. Түүнийг Баабар буруу бичсэн байна” гэж дүгнэх боломжгүй.

Түүхийг прокурорын байгууллага дэнсэлж болохгүй. Хууль зүйн систем арай ч ингээд тэнэг болчихно эсвэл захиалгаар байсан ч гүйцэтгэгчид нь ийм тэнэг зүйл хийхгүй байх. Нөгөө талаар 1990 оны үйл явдлыг шалгахад одоогийн хүчин төгөлдөр хууль үйлчлэхгүй. Өөр хэрэгт холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэхгүй буюу өмнө үйлчилж байсан бага ялтай хуулиар зохицуулдаг. 1990 оны гуравдугаар сард болсон үйл явдлыг одоо гомдол гаргаад шалгуулдаг ойлголт байх боломжгүй. Хөөн хэлэлцэх хугацаа зэрэг олон асуудал бий. Энэ бол хэрэг гэж үзэх боломжгүй. Тиймээс хэрэгсэхгүй болгох ёстой” гэдгийг хуульчид онцолж байна.

Дашрамд дурдахад, Б.Зинамидар нь 1933 онд төрсөн тагнуулын хурандаа хүн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *