Categories
мэдээ цаг-үе

Б.Зандан: Бид угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг амжилттай хийж туршиж чадсан

ШУА-ийн харьяа Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Зандантай ярилцлаа. Тэрээр тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд болох Б.Наранбат, Б.Мэндбаяр нартай хамтран угаарын хийг мэдрэгч багажийг зохион бүтээжээ. Тэд “MQ-7” мэдрэгчийг ашиглан агаарт тархсан угаарын хийг хэмждэг багажны туршилтын загварыг бүтээсэн юм.


-Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид СО буюу угаарын хийг мэдрэгч багаж зохион бүтээжээ. Эхлээд уг багажныхаа талаар товч мэдээлэл өгнө үү.

-Бидний зохион бүтээгээд байгаа “Энэ төхөөрөмж нь батерейгаар тэжээгддэг “MQ-7” гэдэг угаарын хийн мэдрэгчийг ашигласан. Бид уг төхөөрөмжөө өөрт байгаа материалууд, деталиудыг ашиглан эхний туршилтын загвараа зохион бүтээсэн. Монгол Улсын стандартын дагуу угаарын хийн хүлцэх хэмжээ гэж байдаг. Тэр нь 60 000 мграмм/м3 гэж хэмжээ бий. Үүнийг РРМ гэдэг хэмжээс рүү шилжүүлэхэд 53 РРМ болно. Энэ нь тухайн орчинд 30 минутын турш яг ийм хэмжээ бүхий угаарын хий байх юм бол шууд үхэлд хүргэх хэмжээ гэсэн үг юм. Нэг үгээр хэлбэл 30 минутаас дээш хугацаанд ийм хэмжээнд байж болохгүй ээ л гэсэн утгатай. Бидний зохион бүтээсэн багаж нь өмнө хэлсэн 60 000 мкрограмм/м3-ээс дээш угаарын хий байвал шууд дуут сигналь өгдөг төхөөрөмж гэж ойлгож болно. Ер нь угаарын хий болон бусад хийнд мэдээж ганцхан түвшин гэж байхгүй нь ойлгомжтой. 53 РРМ хэмжээтэй орчинд хүн 30 минут байх юм бол тухайн хүн аюултай нөхцөлд орно оо л гэсэн үг юм. Хэрэв 53 болон түүнээс дээш РРМ байх юм бол тухайн хүний эрсдэлт хугацаа богино болно оо л гэж ойлгоход болно. Хэрэв бүр их аюултай түвшинд угаарын хий байвал ямар нэгэн хугацаа хүлээхгүйгээр төхөөрөмж шууд сигналь өгөх юм. Одоогийн байдлаар бидний зохион бүтээгээд байгаа төхөөрөмж зөвхөн батерейгаар тэжээгдэж байгаа. Гэхдээ илүү сайжруулалт хийгээд, хөгжүүлээд явбал хайбрид буюу хосолмол тэжээлтэй байж ч болно. Нэг ёсондоо цахилгаанд залгахаас гадна цахилгаан тасарсан тохиолдолд батерейгаар тэжээгдээд ажиллах зэргээр сайжруулалт хийж болох юм. Хосолмол тэжээлтэй болговол найдварт ажиллагаа нь илүү болно гэсэн үг. Мөн цахилгаантай холбоотой үед өөрийгөө цэнэглэдэг ч юм уу, цэнэгийн түвшинг харуулах гэх мэт олон боломжуудыг уг төхөөрөмж дээр суулгаж өгч болно. Нэг асуудалтай тал нь иймэрхүү сайжруулалтын деталиуд нэмэгдэх тусам уг төхөөрөмжийн овор хэмжээ, үнэ өртөг нэмэгдэх сул талууд гарч ирнэ.

-Мэдрэгч төхөөрмж гэхээр мэдээж программ хангамжтай байж таарна. Программын асуудлыг хэрхэн яаж шийдсэн бэ?

-Уг төхөөрөмжийн программыг бид өөрсдөө бичиж байгаа. Уг төхөөрөмж өөрөө микроконтроллёр дээр үндэслэгдэж бүтээгдсэн. Уг микроконтроллёрийн программ хангамжийн асуудлыг бид нар өөрсдөө бичсэнээр уг төхөөрөмжийн программчлах нь маш уян хатан болж өгч байгаа юм. Жишээ нь, стандарт өөрчлөгдөх ч юм уу, эсвэл дотоодын нөхцөл байдал өөр боллоо гэхэд тэр дор нь асуудлыг шийдэх боломжтой.

-Энэ төхөөрөмжийн үнэ өртгийг тооцоолж үзсэн үү. Ер нь багцаагаар нэг төхөөрөмж яг хэдэн төгрөгөөр гарах боломжтой вэ?

-Үнэ өртгийн хувьд яг одоогоор хэлэхэд хэцүү. Бид уг төхөөрөмжөө яг өөрт байсан деталиудаа ашигласан болохоор яг тэдэн төгрөгт бүтсэн гэж хэлэх боломжгүй байна л даа. Одоогоор ердөө ганц хувийг хийгээд байгаа учраас гадны ижил төстэй бүтээгдэхүүнээс бага зэрэг үнэтэй байгаад байгаа. Гэхдээ үүнийг туршилтын төхөөрөмж гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч бүтээгдэхүүний эхний загвар тодорхой хэмжээнд илүү өртгөөр бүтээгддэг л дээ. Харин уг төхөөрөмжийг олноор хийгээд эхлэх юм бол үнэ өртгийн хувьд эрс хямдрах бололцоотой. Олноор нь авч байгаа деталиуд хямдраад ирнэ.

-Хөрөнгө санхүү, хэрэгцээт материал, деталиудын асуудлыг шийдлээ гэж бодоход, жишээ нь, тараана гээд байгаа 220 000 ширхгийг үйлдвэрлэх боломжийн хувьд хэр байдаг вэ?

-Мэдээж бүр ихээр үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал. Массаар үйлдвэрлэх боллоо гэхэд ажиллах боловсон хүчний асуудал, тэднийг тодорхой хэмжээнд сургах гээд олон асуудал бий. Тиймээс асуудлууд шийдэгдлээ гэхэд тэгж олноор үйлдвэрлэж чадахгүй ч гэлээ тодорхой тооны чанартай сайн бүтээгдэхүүнийг гаргаж болно. Аливаа бүтээгдэхүүнийг олноор, хямд өртгөөр гаргахын тулд үйлдвэрлэлийн шугам хэрэгтэй. Бидэнд одооходоо тэр нь байхгүй нь хүндрэл дагуулах эрсдэлтэй. Гол нь бид нар өөрсдөө ийм төхөөрөмж хийж чаддаг юм аа гэдгээ харуулж байгаа нь том алхам юм л даа. Ийм багажийг зөвхөн гадныхан хийдэггүй бид ч гэсэн асуудалгүй хийнэ ээ гэдгийг харуулах нь чухал. Ямартаа ч бид өөрсдөө угаар мэдрэгч төхөөрөмжийг амжилттай хийж туршлаа. Хэрэв үнэхээр ихээр үйлдвэрлэх үйлдвэрлэлийн шугамтай болчихвол үйлдвэрлэх бололцоо байлгүй яахав.

-Та нар яг энэ төхөөрөмжөө нүүрс, эсвэл сайжруулсан түлш шатааж байгаад лабораторид туршиж үзсэн биз дээ?

-Мэдээж тэгэлгүй яахав. Бид туршилт явуулдаг туршилтын хэсэгтээ сайжруулсан түлш зэргийг авчирч шатааж, лабораторийн орчинд угаарын хий гаргаж туршсан. Бидэнд өөрсдийн хэмжээнд хийсэн туршилтын багажууд бий.

-Энэ төхөөрөмжийг ер нь яг хаана байршуулах вэ. Яндан болон пийшингийн ойролцоо юу, эсвэл тасалгааны хаана ч хамаагүй байрлуулах уу?

-Ер нь хий өөрөө агаарт жигд тардаг. Угаарын хий ч мөн адил агаарт жигд тархдаг. Гэвч аль болох эх үүсвэртэй нь ойр л байруулбал илүү үр дүн өгнө. Ойр байрлуулна гээд пийшин, зуухандаа бүр наагаад тавьчихна гэсэн үг бас биш л дээ. Таазны хэсэгтээ ч юм уу байршуулах нь илүү тохиромжтой.

-Ажиллах зарчим нь бол галын мэдрэгчтэй ойролцоо гэж ойлгож болох нь ээ.

-Тийм, тийм. Ажиллах зарчим нь бол ижил. Манай төхөөрөмжийн гол онцлог нь угаарын хийг л ямар ч түвшинд илрүүлж, дуут дохио өгч хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд байгаа юм. Бидний алсын зорилго бол зөвхөн СО буюу угаарын хийнээс гадна бусад ямар ч хийг мэдрэх төхөөрөмжүүдийг ч хийхийг зорьж байна л даа.

-Ямартаа ч тодорхой хөгжүүлэлтийг нь хийгээд хэсэг бүлэг айлд туршилт хийгээд үр дүнг нь харах боломж хангалттай л юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Бидний гол зорилго тэр л байгаа юм. Энэ харагдаж байгаа төхөрөөмж бол яахав, лабораторийн түвшинд бүтээгдсэн. Тэгвэл яг бодит амьдрал дээр айлуудад тавихад ямар байна гэх мэт харьцуулсан судалгаануудыг хийж болно.

-Угаарын хийнээс гадна яндан дээр байрлуулчихаар, шаталтаас үүсэх хүнд элементүүдийг мэдрэх төхөөрөмж хийх боломж бололцоо та нарын хувьд хэр зэрэг байна?

-Тийм боломж бидэнд хангалттай бий. Жишээ нь, өөр төрлийн хүнд элемент мэдэрдэг төхөөрөмж хийлээ гэхэд мэдрэгч элементээ солиод тавина гэсэн үг. Мэдээж тухайн мэдрэгчдээ зориулсан программ хангамжаа бичнэ. Химийн элемент хэмжиж байгаа учраас өөр олон төрлийн арга аргачлалыг ашиглана. Өнөөдөр химийн элдэв элементийг оптик аргаар болон ийм мэдрэгч ашиглан хэмжиж байна. Яаж хэмжиж байгаа аргаасаа хамаараад технологиуд нь өөр өөр болно л доо.

-Ийм төхөөрөмж зохион бүтээлээ гэхэд та нар ямар нэгэн зохиогчийн эрх авдаг уу. Жишээ нь, угаар хэмжигч багажин дээр?

-Яг одоогоор энэ төхөөрөмж дээрээ зохиогчийн эрх аваагүй байна. Бичиг баримтаа бүрдүүлэх шатандаа л явж байгаа. Зохиогчийн эрх авахын тулд тодорхой хугацаа шаардана л даа. Бид “Ашигтай загвар” гэсэн гэрчилгээ авна. Техник болон программ хангамж дээр аль алин дээр нь дээрх гэрчилгээг авна аа гэсэн үг.

-Энэ төхөөрөмж яг мэдрэх зарчим нь ямар байдаг вэ. Жишээ нь, тамхины утаа байлаа гэхэд “За энэ бол тамхины утаа” гээд шууд таньдаг. Тэгвэл энэ хайрцагт байгаа тэр мэдрэгч угаарын хийг яг яаж таньдаг юм бэ. Хүн шиг үнэрлэхгүй нь мэдээж.

-СО нь өнгөгүй, үнэргүй хий юм л даа. Тиймээс энэ хийг зөвхөн багажаар л мэдэж болно. Агаарт СО-гийн атамууд ороод ирнэ. Түүнийг нь мэдэрсэн төхөөрөмж цахилгаан дохио болгон хувиргана. Тэгээд тэрхүү цахилгаан дохиог тодорхой хэмжүүрээр хэмжээд мэдэж байна гэсэн үг. Ер нь мэдрэгч элементүүд бараг бүгд цахилгаан дохио болгоод түүнийгээ хэмждэг л дээ. Энэхүү төхөөрөмж нь дэлгэцэн дээр угаарын хийн хэмжээг “PPM” нэгжээр харуулна. Угаарын хий зөвшөөрөгдөх хэмжээнээс их үед сигналь өгөх юм.

-Төхөөрөмж агаарт байгаа угаарын хийг мэдэрлээ. Тэгээд сигналь өгнө. Сигналь нь ер нь хэдэн Децибел-ээр дуугардаг вэ. Эсвэл хэрэглэгч өөрөө тааруулах ёстой юу?

-Одоогийн байдлаар бид байгаа “Баззер” гэдэг төхөөрөмжөө ашигласан. Уг баззер таван вольтоор ажилладаг. Бид төхөөрөмжөө сайжруулаад илүү чанга дуугардаг байлгаж болно. Хэдий чинээ чанга дуугарна, төдий чинээ эрсдэлээс хамгаална. Харин дуут дохио чанга байх тусмаа хэрэглэх тэжээл нь ихсэх талтай. Тиймээс илүү том тэжээлийн зай шаардагдах гээд асуудлууд гарах учраас хамгийн зөв шийдэл нь хайбрид буюу хосолмол тэжээлтэй байх юм. Дахин хэлэхэд бид уг төхөөрөмжийг дотооддоо хийхийн давуу тал нь программ хангамж зэрэгтээ сайжруулалтыг цаг алдалгүй хийх зэрэг байгаа юм.

-Уг мэдрэгчээс гадна та бүхэн өөр ямар төхөөрөмж хийж байна.

-Бидний хувьд янз бүрийн туршилтын багажууд зохион бүтээдэг. Засвар үйлчилгээг нь хийдэг. Мөн халаалтын системийн дэвшилтэт загваруудыг хийж байна. Энэ жил зөвхөн халаалтын системээс гадна объектын дулаан алдалтыг хэмждэг багаж бүтээсэн. Бас л туршилтын загвар учраас ганцхан ширхэг. Энэ камер нэл улаан туяаны мужид харна. Тухайн барилга дулаан алдагдалгүй бол орчны температуртай дөхүү харагдах ёстой. Хаа нэг газраа алдаж байгаа бол тэр газраа шараас улаан харагдаад эхэлдэг. Уг камераар хараад “Манайх эндээс дулаан алдаад байгаа юм байна” гэдгээ шууд мэдэх боломжтой. Айлууд дулаан алдагдлаа аль болох багасгаад цахилгаанаар халаах нь хамгийн зөв шийдэл гэж хардаг. Дулаан алдагдал 0 рүү тэмүүлэх тусам л таны халааснаас гарах цахилгааны мөнгө бага болно шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *