Categories
мэдээ цаг-үе

Б.Янжмаа: “Өдрийн сонин” хэмээх брэнд нэр, сэтгүүлчийн чадвараар гоёж ирлээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс жил бүр хэвлэл мэдээллийн салбарынхаа оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 2017 оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, шилдэг сэтгүүлч, уран бүтээлчдийг шалгаруулах ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо. Уг ёслолын ажиллагаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй сонин, телевиз, радио, сайт, сэтгүүл гээд бүх л газрын уран бүтээлч, сэтгүүлчид цуглан, амжилт бүтээлээ дүгнэсэн юм. Энэ оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Монгол ньюс групп” шалгарч, гран при шагналыг хүртлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг өнгөрсөн жил “Өдрийн сонин”-ы хамт олон хүртэж байсан билээ. Харин оны шилдгийн шилдэг сэтгүүлчээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга тодорсон юм. Энэ үеэр “Өдрийн сонин”-ы дэргэдэх DNN.mn сайтын сэтгүүлч, 2017 оны “Шилдэг сайтын сэтгүүлч”-ээр тодорсон Батсүхийн Янжмаатай ярилцлаа.

-Энэ оны сайтын шилдэг сэтгүүлчээр тодорсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Монгол Улсын 2017 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч” өргөмжлөл хүртсэндээ баяртай байна. “Өдрийн сонин” хэмээх брэнд нэр, сэтгүүлчийн чадвараар өнөөг хүртэл гоёж ирлээ. “Өдрийн сонин”-ы хамт олондоо баярлалаа. “Өдрийн сонин”-ы цахим сонин admin.dnn.mn-ээр хаяглаж, шагнал авлаа. Би 17 дахь жилдээ сэтгүүлчээр ажиллаж байна. Уншигчийн үнэлгээ хамгийн чухал гэж боддог. “Өдрийн сонин”-ы Янжмаа байна гэж өөрийгөө танилцуулахад Б юу гэж овгийг маань тодруулдаг уншигчид маань урам зориг, эрч хүч өгдөг. Мэргэжил нэгтнүүдийн үнэлгээ бас чухал. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өргөмжлөл хүртсэндээ баяртай байна.
-Сэтгүүлч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Ер нь хүн өөртэйгээ адилхан бүтээл хийдэг. Тийм учраас би сайн сэтгүүлч байхын тулд сайн хүн байх ёстой гэж хэлнэ. Д.Намдаг зохиолч “Авьяас гэдэг бол эмзэглэл” гэж хэлсэн санагдана. Сэтгүүлч авьяастай бас мэдрэмжтэй байх нь чухал. Минийхээр бол сэтгүүлч гэж хэрэгтэй мэдээлэл дуулаад, уншигчдад хүргэх сэн гэж адгадаг, сайн материал бичихээрээ хэдэн өдөртөө кайфтай явдаг “өвчтэй” хүмүүс.
-Тэгвэл сэтгүүлч хүн ямар байх ёстой бол. Тэр дундаа сайтын сэтгүүлчийн онцлог ялгаа нь юу вэ?
-Би сонины сэтгүүлчээр удаан ажилласан болохоор надаас сайт гэхээсээ сонин ханхалдаг болов уу. Аль ч мэдээллийн хэрэгсэлд ажилладаг сэтгүүлчийн хувьд хариуцлага чухал. Би бол дуулиан шуугианы араас хөөцөлдөх гэхээсээ бичиж байгаа материал бүртээ сэтгэл зарцуулж, хариуцлагатай хандаж, уншигчдын хэрэгцээ шаардлагыг хангасан, үнэн бодитой мэдээлэл хүргэхийг хичээж ирсэн. Энэ чанарыг маань мэргэжил нэгтнүүд үнэлсэн болов уу. Сайт олон давуу талтай, сонины зай талбайд шахагддаг бидний хувьд орон зайн хязгааргүй нь үнэхээр таалагддаг. Мэдээ бичингүүтээ маргаашийг хүлээхгүй хэзээ ч хүмүүст хүргэж болно. Бас уншигчдадаа бусад мэдээллийн хэрэгслийн бүх давуу талуудыг ашиглан мэдээлэл хүргэж болдог. Энд текстэн мэдээ, дуу, дүрс бүгдийг ашиглах боломжтой нь үнэхээр сайхан. Бас уншигчид хийсэн ажлыг маань хэрхэн хүлээж авч байгааг шууд мэдэрч болдог, эргэх холбоо нь үнэхээр таалагддаг. Цаашдаа сайтын энэхүү давуу талуудыг бүгдийг ашигласан шинэ контент бий болгох санаатай байгаа. Орчин үед хүн болгон иргэн сэтгүүлч байх боломжтой болсон. Олны анхаарлыг татсан мэдээг хэн ч шуурхай хүргэх технологийн боломжтой. Харин мэргэжлийн сэтгүүлчдийн хувьд мэргэжлийн стандартаараа ялгарах учиртай. Тийм учраас “Өдрийн сонин”-ы чадварлаг, мэргэжлийн сэтгүүлчдийн бүтээл цахим ертөнцөд эрэлттэй, хандалт ихтэй байдаг биз ээ.
-Өдий зэрэгтэй явахад тань таны гэр бүл, мэргэжлийн багш нар гээд олон хүн нөлөөлсөн болов уу. Тэр хүмүүсдээ хандаж юу хэлэх вэ?
-Энэ баярт өдөр олон хүнийг дурсч байна. А үсэг зааж, үлгэрийн ном бэлэглэж, ном унших дуртай занг маань өөгшүүлж байсан Борнуурын дунд сургуулийн бага ангийн багш Г.Мөнгөнхуяг, оюутан байхад маань халуун дотно хүлээж авч, анхны мэдээг маань нийтэлсэн “Ил товчоо” сонин, эрхлэгч Г.Аким, хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан зохиолч, яруу найрагч Ж.Нэргүй ах, анх сэтгүүлчийн гал тогоонд ороход гараа сунгаж хүлээж авсан Ц.Балдорж эрхлэгч, МУИС-ийн багш нар гээд олон хүнийг дурсч байна. Сэтгүүлч болно гэсэн хүслийг маань мохоолгүй хүлээж авч, үргэлж дэмжиж байдаг аав, ээж хоёртоо хайртай шүү.

Дараахь байгууллагууд хэвлэл, мэдээллийн салбарын шилдгээр нэрлэгджээ.


Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Дорноговь аймгийн “Ди медиа” агентлагийн сэтгүүлч З.Энхзул

Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сэтгүүлч Г.Аргужин
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: М.Уранчимэг /Гранд сэтгүүл/
Радиогийн шилдэг сэтгүүлч: А.Алтанхүү /Шинэ монгол радио/
Сонины шилдэг сэтгүүлч: “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга
Шилдэг судлаач: МУИС-ийн Сэтгүүлзүй, нийгмийн харилцааны тэнхимийн багш, доктор, профeссор М.Зулькафил
Шилдэг менежер: “Нэйшнл ньюс” корпорацийн захирал Э.Долгион
Орон нутгийн шилдэг сонин: “Өнөөгийн Эрдэнэт” сонин /Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сонин/
Орон нутгийн шилдэг ТВ: Дорнод медиа группийн Дорнод ТВ
Мэдээллийн шилдэг сайт: ikon.mn
Шилдэг сэтгүүл: Зиндаа сэтгүүл
Шилдэг сонин: Үндэсний шуудан
Шилдэг радио: МҮОНР: Монголын дуу хоолой радио
Шилдэг ТВ: МҮОНТВ: Монголын мэдээ ТВ
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал:
Засгийн газрын мэдээ сонин
Ulaanbaatar.mn сайт
Баян-Өлгий аймгийн “Монгол заман” сонин тус тус хүртлээ.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *