Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар Номхон далайн баруун бүсийн орнуудад халдвар ямар байгаа талаар танилцууллаа.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “БНСУ-д өнгөрсөн долоо хоногт сонгууль болсны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөний нягтрал нэмэгдлээ.
Үүнтэй холбогдуулж халдварын нууц үеийг тооцоолон үзвэл 1-2 долоо хоногийн хугацаанд тус улсад халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүйг эрх баригчид анхааруулсан. БНСУ-д бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 10,635 байна.
Япон улсад баасан гарагт 555 тохиолдол нэмэгдсэн. Үндэсний хэмжээнд 9,800 гаруй хүн халдвар аваад байна. 211 хүний биеийн байдал маш хүнд байгаагийн дөрөв нь Diamond princess хөлөг онгоцны зорчигчид юм.
Сингапур улсын ЭМЯ-ны мэдээлснээр 728 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Шинэ тохиолдлын 90 гаруй хувь нь гадаадын цагаач ажилчдын дотуур байранд дэгдсэн халдвартай холбоотой. Цаашид ч нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна” хэмээв.