Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өвгөнхүү: Зам дээр осол гарахад эгнээ байр буруу эзэлсэн жолооч хамгийн түрүүнд буруудна DNN.mn

Зөрчлийн хэргийн 89 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчих зөрчил эзэлж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Тэр дундаа жолооч нар эгнээ байраа буруу эзэлдэг зөрчил хамгийн өндөр хувьтай байгаа аж. Энэ зөрчлийн талаар “Мөнгөн цагаантуруут” авто сургуулийн багш Б.Өвгөнхүүтэй товч ярилцлаа.


-Жолооч нар авто зам дээр эгнээ байр буруу эзлэх талаар мэдээлэл өгнө үү?

-Эгнээ байр эзлэхтэй холбоотой хэд хэдэн агуулга бий. Тухайн явах эгнээ нэг машин явахад хангалттай өргөн байдаг. Гэтэл манай жолооч нар эгнээгээ голлож явдаггүй. Аль нэг тал руугаа шахна. Тэмдэглэгээ дээгүүр дамнаж явна. Манай зарим замын тэмдэглэгээ арилчихсан байдаг даа. Эгнээгээ буруу эзэлж явдгаас үүдэж ингэж байгаа хэрэг. Түүнээс гадна уулзвар руу орохоос өмнө эгнээгээ зөв эзлэх ёстой байдаг. Зам дээрх тэмдэг тэмдэглэгээний дагуу байраа эзлэх хэрэгтэй. Одоо жолооч нар уулзвар руу очихоос өмнө нэгийн нэг буюу үргэлжилсэн цагаан шугам даваад эгнээ байр эзлэх гэж дайрдаг. Энэ бол нэг төрлийн зөрчил.

Суурин дотор гурваас олон эгнээтэй бол хамгийн зүүн гарын талын эгнээнд байрлаж явахыг хориглодог. Харин суурины гадна хоёр ба түүнээс олон эгнээтэй бол аль болох баруун талаа барьж явах ёстой. Энэ нь эсрэг урсгалаас машин орж ирэхэд эрсдэл гарахаас сэргийлсэн явдал шүү дээ.

-Баруун гар тийш эргэх бол 50 метрийн наана эгнээгээ эзлэх ёстой гэдэг байх аа?

-Тийм. Нэгдүгээр эгнээ бол нийтийн тээврийн автобус явах эгнээ шүү дээ. Гэтэл зарим автобус хоёрдугаар эгнээнд явж л байдаг. Эгнээ байр эзлэх дүрмээ баримтлаагүй гэсэн үг. Уулзвар дөхөөд нэгдүгээр эгнээ рүү орох таслалтай шугам байдаг. Үүгээр автомашины жолооч нэгдүгээр эгнээнд ордог. Харин одоо бол бүр наана нь ч орно, эсвэл уулзвар тулгаад ч орох явдал энгийн үзэгдэл болчихсон. Энэ бүхэн бүгд зөрчил гэсэн үг.

Дээр нь манай жолооч нар уулзварын өмнө байраа эзлээд зогсохдоо явган хүний гарц дээр зогсчихдог тохиолдол бий. Бас уулзварын цаана түгжрэлтэй байхад л дайраад орчихдог. Хэдийгээр ногоон гэрэл ассан ч уулзвар түгжрэлтэй бол хөдөлгөөн хэвийн болтол хүлээх ёстой гээд дүрэм дээр заачихсан байдаг. Гэтэл араас нь шахаж зогсоод улам л замын ачааллыг нэмэгдүүлээд байдаг явдал бий.

-Эгнээ байраа буруу эзэлсэн тохиолдолд ямар үр дагавар гарах вэ?

-Эгнээ байраа буруу эзэлсэн тохиолдолд осол аваар болоход хамгийн түрүүнд буруутан болдог. Уг нь эгнээгээ голлож явах ёстой байтал нэг тал руугаа шахаад явчихдаг. Эсвэл хөвөө рүү бүр давж явдаг. Хоёр машин явах эгнээгээр гурвуулаа явна. Ингээд мөргөлдлөө, шүргэлцлээ, осол боллоо гэхэд гурвуулаа буруудна. Учир нь захын хоёр машин хэтэрхий зах руугаа шахаж явсан. Голын машин тэмдэглэгээ дээгүүр явсан гэж буруудна.

Тиймээс дүрмээ баримталж сурах явдал манайд маш чухал байна. Манайд дүрмээ баримталдаггүй нь олон байна. Бараг мэддэггүй гэмээр хүмүүс ч бий. Бид мэдээж дүрмийн мэдлэгийг сайн өгөхийг хичээж байгаа шүү дээ. Зам дээр эгнээгээ голлоод явчих. Дүрмээрээ уулзвараар ороод, эгнээ байраа зөв эзлээд сурчих. Ядаж шинээр жолооч болж байгаа хүмүүс дүрмээ баримтлаад сурчихвал асар том соёл, цаашлаад зам дээр гарах ослоос сэргийлэх том боломж юм.

-Эгнээ байр буруу эзлэхээс гадна өөр ямар төрлийн зөрчил илүү их гаргаж байна вэ?

-Үргэлжилсэн цагаан зураас дамнаж гардаг зөрчил их. Хөдөө орон нутагт үргэлжилсэн цагаан зураас байна гэдэг бол гүйцэд түрүүлэхийг хориглосон тэмдэглэгээ гэсэн үг шүү дээ. Тийм хэсгээр манайхан орчихдог. Энэ бол маш эрсдэлтэй.

Замын хөдөлгөөний дүрэм гэдэг жолооч нарыг аюулгүй зорчуулах зорилгоор гаргасан дүрэм журам шүү дээ. Жишээ нь, урсгал сөрөхийг хориглосон тэмдэглэгээ байлаа гэхэд энэ бол өөдөөс гэнэт машин гарч ирж болзошгүй гэсэн үг. Тэгэхэд манайхан өөрсдийнхөө болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулаад л яваад орчихдог. Үүнээс үүдэж ямар их аюултай осол аваар гарч, эрдэнэт хүмүүсийн амь үрэгдэж байна. Уг нь энэ бүхнийг ойлгоод, дүрмээрээ яваад хэвшчихвэл барагтаа осол аваар гараад байхгүй дээ, манайд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *