Улаанбаатар хотын 377 жилийн ойг угтсан нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоо хамтран зохион байгуулсан юм. Энэхүү тэмцээнд нийлбэр дүнгээр “Монгени” цогцолбор сургууль түрүүлсэн бол Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Багануур дүүргийн “Гүнгалуутай” цогцолбор сургуулийн өсвөрийн шатарчид удаалжээ. Ингээд “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээний 13-14 насны ангилалд алтан медаль хүртсэн “Монгени” цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Уянгахишигтэй ярилцсанаа хүргэе.
-Өсвөрийн шатарчдын тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргэе. Хэзээнээс шатраар хичээллэж эхэлсэн бэ?
-Би “Монгени” цогцолбор сургуулийн шатар, математикийн ангийн есдүгээр ангид сурдаг. Нэгдүгээр ангиасаа эхлээд л шатар сурч эхэлсэн. Харин гуравдугаар ангиасаа илүү сонирхож хичээллэж байна. Хамгийн анх “Монгени” сургуулийнхаа шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Гэсэн хэдий ч санасандаа хүртэл амжилт үзүүлж чадаагүй. Тэр сургуулийн аваргын тэмцээнийг би хэзээ ч мартдаггүй юм. Учир нь тэр тэмцээнээс шатрын спортоор амжилт гаргахын тулд илүү их хичээх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хичээсний минь үр дүн гарч би сургуулийнхаа аваргад түрүүлсэн. Багаараа ч тэмцээн уралдаанд оролцдог болсон. Тэмцээн уралдаанд оролцох болгонд энэ нүүдэлд ингэх ёстой юм байна гэдгийг мэдэж авдаг. Мөн туршлага хуримтлуулж, сул талаа мэддэг болсон. Би “Их нүүдэл” өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд гурав дахь удаагаа оролцож байгаа. Энэ тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Ээж, аавдаа болон багшдаа маш их баярлалаа.
-Өрсөлдөгчид нь хүчтэй байв уу?
-“Их нүүдэл” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд есөн дүүргийн 17 сургуулийн нийт 400 гаруй сурагч оролцож оюун, ухаанаа сорилоо. Сургууль бүрээс шигшигдсэн хамгийн мундаг хүүхдүүд оролцсон болохоор бүхий л ангилалд өрсөлдөөн ширүүн байсан. Би өсвөрийн шатарчдын 13-14 насны ангилалд оролцсон юм. Энэ ангилалд байгаа хүүхдүүд маш мундаг. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч 33 дугаар сургуулийн Хонгорзул гэж охин байлаа. Гэхдээ ер нь бүх л хүүхэд маш сайн бэлдсэн байна лээ. Бид “Их нүүдэл” тэмцээний өмнө нөхөрсөг тоглолт хийсэн. Тэр тоглолтоор бас өрсөлдөгчдөө судалсан шүү. Сая тэмцээн дээр ч тэр гараанаасаа эхлээд хэн, ямар нүүдэл хийж байгааг анзаарч байлаа. Миний хувьд харьцангуй орой шатар тоглож эхэлсэн л дээ. Бусад хүүхдүүд бүр багаасаа тоглож эхэлсэн байдаг учир маш сайн. Ийм гоё тэмцээн зохион байгуулж, алтан медаль авах боломж олгосон хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.
-Багш нь юу гэж зөвлөдөг вэ?
-Манай багшийг Хүрэлбаатар гэдэг. Манай анги даасан багш. Миний ааваас өөрцгүй хүн. Багш маань сандрах хэрэггүй гэдэг юм. Шатрын спорт бол сэтгэл санаанаас шууд хамааралтай байдаг. Тиймээс аль болох бэлтгэлээ сайн хийгээд, сэтгэлзүйн хувьд тайван байхыг зөвлөдөг дөө. Багшийнхаа заавар, зөвлөгөөг дагаж амжилт гаргаж байгаа. Цаашид олон улсын тэмцээнээс медаль хүртэж багшийгаа бүр их баярлуулна гэдэгтээ итгэлтэй байна.
-Шатар тоглох хэцүү юу?
-Шатар бол оюуны спорт. Тиймээс шатар тоглож байхдаа нүүдлээ сайн хараад, төлөвлөгөөтэй тоглох хэрэгтэй. Энэ бүхнийг сайн ажиглаж чадвал бүх хүнд нээлттэй спорт гэж боддог. Би 2014 онд ОХУ-ын өсвөрийн шатарчидтай хамтарсан шатрын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Хэдий маш их сандарсан ч гэсэн “Монгени” сургуулиа төлөөлж оролцсон болохоор надад алдах эрх байгаагүй л дээ. Ер нь сандрах юм бол хүссэн тоглолтоо хийж чадахгүй, төлөвлөгөөтэй тоглоход саад болдог юм. Өөртөө итгэлтэй, бэлтгэл сайн байхад шатрын спортоор амжилт гаргана.
-Шатар, математикийн ангид суралцдаг гэсэн. Тэгэхээр ангийнхан нь бүгд мундаг шатарчид байх нь ээ?
-Ангийнхан маань шатрын хичээл дээр болон чөлөөт цагаараа ихэвчлэн шатар тоглодог. Мөн шатрын бодлогуудыг боддог л доо. Хэдий амархан бодлого байсан ч тэрийг бодоод, тогтоогоод авахад гэмгүй. Амархан гээд орхичихсон бодлого тэмцээний үед гараад ирэхэд анзаарахгүй орхих тохиолдол байна. Тиймээс байнга бодож тогтоогоод, мартахгүй байхыг хичээдэг. Манай ангийнхан бүгдээрээ мундаг шатар тоглодог шүү. Маш их өрсөлдөөнтэй байдаг, гэхдээ нөхөрсөг л дөө. Тэр өрсөлдөөн дундаас түвшин улам ахидаг юм. Бас математик олон цагаар үздэг. Энэ их давуу талтай санагддаг. Ангийнхныгаа бусад хүүхдүүдээс илүү хурдан сэтгэдэг гэж боддог. Ямар ч зүйл дээр амжилт илүү үзүүлнэ.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Би байртай, машинтай хүн болно гэж мөрөөддөггүй л дээ. Монгол Улсдаа хэрэгтэй хүн болохыг л мөрөөддөг. Гурван сая хүн дотроос ямар нэг зүйлээрээ дэлхийд Монголоо таниулж чадах тийм хүн болохыг хүсдэг.
-Ямар мэргэжилтэй хүн болъё гэж боддог вэ?
-Би зураг зурах маш их дуртай. Тиймээс архитекторч болохыг хүсдэг.
-Яг түүн шиг мундаг болно доо гэж боддог хүн бий юү?
-Би мундаг хүнийг холоос хайх хэрэггүй гэж боддог л доо. Тэр хүмүүс бидний хажууд байгаа. Би ээж, аавыгаа л хамгийн мундаг гэж хэлнэ. Яагаад гэвэл үр хүүхдээ өлсгөхгүй, дааруулахгүй өдийг хүртэл өсгөж хүмүүжүүлж байгаа болохоор тэр шүү дээ. Тиймээс би шатрын спортоороо улам их амжилт үзүүлнэ. Бас маш сайн хүн болно.
О.АРИУНЦЭЦЭГ