Categories
мэдээ цаг-үе

Б.Ууганцэцэг: Хүн харилцаан дотор л аз жаргалтай болдог

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Эрдэмтэд олон жилийн турш судалгаа, эрэл хийсний үр дүнд хүнийг аз жаргалтай болгодог хамгийн чухал зүйлийг олсноо зарласан. Тэр судалгаагаар хүнийг хайр аз жаргалтай болгодог гэжээ?

-Хайр-харилцаа. Ер нь бол харилцаа. Хайр гэдэг нь ганц бие дээр яригддаггүй. Хоёр болон түүнээс дээш хүн дээр яригдаж байгаа юм. Хайр гэдэг харилцаа. Хүмүүс хоорондоо харилцаа тогтоосноор бидний амьдрал утга учиртай болдог. Хүн харилцаанаас өөрийгөө ойлгож, эргээд нөгөө хүнээ мэдэх бололцоотой гэдэг талаас нь хийсэн судалгаа байдаг.

-Манайхан “Энэ ингээд хайр даадаггүй юм” гэцгээгээд байдаг. Хайрыг нь даахгүй байхад үргэлжлүүлж хайрлана гэдэг хайрлагч хүнээс маш их тэвчээр шаардах хэрэг болов уу?

-Нийтлэг байдлаар харахад бид хайр гэдгийг буруу тодорхойлоод байдаг. Эрхлүүлж байгаагаа, юм хэлэхгүй өөгшүүлж байгаагаа хайрлаж байна гэж ойлгоод байгаа байхгүй юу. Тэр хүнийг өөгшүүлж, буруу юм хийсэн ч дахин давтан хийх боломжийг нь олгоод байна гэдэг чинь хайрлаж байна гэсэн үг биш. Хайр өөрөө олон загвар, хэлбэртэй. Хайр болоход олон юм хэрэгтэй. Итгэл, хүндлэл, халамж байх ёстой. Үр хүүхдээ хайрлах эцэг эхийн хайр. Найзууд нэгнээ хайрлах, эсвэл эцэг эхээ хайрлах хайр байна уу энэ бүхэн итгэл, хүндлэл, халамж дээр тулгуурлаж зогсдог. Итгэдэг байх, хүндэлдэг байх, дээрээс нь халамжилдаг байх нь хайрын гурван тулгуур, багана. Тухайн хүнээ халамжлаад эсвэл хэтэрхий итгээд байгаа ганц шинжээ хайр гэж андуураад байдаг. Хайр болоход энэ гурван зүйл бүрдэж байж “Энэ хайр юм байна” гэж тодорхойлдог.

-Сүүлийн үед бурханлаг бай, нигүүлсэнгүй бай, юмыг уучилж өршөөдөг бай, хүлцэнгүй, тэвчээртэй бай гэсэн зөвлөгөө нийгмийн сүлжээнд их явж байна. Зарим нь шашинлаг шинжтэй сургаал ч байх нь бий?

-Бидний амьдралын бүхий л харилцааг хууль зохицуулж чадахгүй. Хуулийн зохицуулж чадахгүй зүйл дээр заавал ч үгүй шашны ойлголтууд орж ирдэг. Биднийг итгэл бишрэлээр маань дагуулж, сайн байлгахын тулд хэлж байгаа нэр томьёо нь шашин тал руугаа байж болох юм. Тийм хэдий ч хүний амьдралд гол үйлдлүүдийг нь өөрчлөх, тийм үйлдэл рүү чиглүүлж байгаа загвар юм болов уу. Бурханлаг бай гэхээр агаар дээр хөвөөд нисэхгүй ч гэсэн аль болохоор өөрөө өөртөө болон бусдад ууч сэтгэлээр хандаж, бусдыг боддог байх. Бурханлаг байх гэдэг нь сэтгэл судлалын хэлэн дээр юу гэж хөрвүүлэгдэх вэ гэхээр юманд наанатай цаанатай байх л гэсэн үг. Юмны нэг талыг бариад байхгүй гэсэн үг. Юманд ууч сэтгэлтэй, нөгөө хүнд ямар байгаа бол “Энэ хүн ямар шалтгааны улмаас ингэж хэлэх болов” гэж шалтгааныг нь боддог байна гэдэг бурханлаг шинж. Бид одоо юуг хэлээд байна вэ гэхээр тэр хүний гаргасан үйлдлийг нь хараад зөв бурууг нь дэнслээд байгаа юм. Гэтэл тухайн хүний үйлдлийн цаана тэр үйлдлийг хийх болсон шалтгаан гэж нэг юм байгаа шүү дээ. Тэрийг чинь л монголчууд юу гэж хэлээд байгаа юм бэ гэхээр “Юманд наанатай цаанатай ханддаг шүү. Бас хүнийг ойлгодог шүү” гэдэг чинь л тэр шалтгааныг нь олж хэлээд байгаа хүнийг л хэлээд байгаа юм. “За энэ маань хэлье гэж хэлээгүй, хэл нь халтираад хэлчихсэн байх”, “Үүнийг хийе гэж хийгээгүй байх. Ард нь зайлшгүй энэ хүнд ямар нэг шалтгаан байсан болоод л ийм юм хийчихлээ дээ” гэж боддог хүнийг л наанатай цаанатай, ухаантай хүн гэдэг. Үүнийг л бид ууч сэтгэл гээд байгаа юм. Үүн дээр яалт ч үгүй хүний үзсэн, мэдсэн, харсан, уншсан туршлага чухал. Ялангуяа ахмадаас сонссон үг гэдэг бол үүнд маш их нөлөөтэй. Юмыг уучилдаг байх, юманд хурдан түргэн ханддаггүй байх. Ер нь хурдан түргэн хандана гэдэг уурлахын эх үндэс. Уурлана гэдэг нөгөө хүнээ гомдоохын үндэс. Уурлуулж байна гэдэг эргээд тэр хүн нь нөгөө хүндээ юм санахын үндэс. Юманд тунгаах, бодох сэтгэл бага болоод байна л даа. Англи хэлнээс орчуулагдсан нэг зүйл бий. Шүүмжлэлт сэтгэлгээ гэж. Үүнийг бид шүүмжлэл гэдэг талаас нь хараад юмыг шүүмжлэх ёстой юм байна гэж ойлгоод байдаг. 2000 оноос хойш, сүүлийн хориод жилд монголчууд маань шүүмжлэлт сэтгэлгээ гэж байх ёстой юм байна гээд байдаг. Тэгтэл тэр чинь шүүмжлэлт сэтгэлгээ биш тунгаан бодох сэтгэлгээг хэлээд байгаа юм. Юмыг тунгааж боддог, яагаад ингэсэн юм бол, ямар учраас ингэсэн юм бол, шалтгаан нь юунд байгаа юм бол гэж тунгаан бодох нь бидний хувьд бага болчихжээ. Настайчуул “Юм болоогүй байхад түрүүнд хөдөллөө” гэж ярьдаг даа. Юмны түрүүнд дуугардаг, юмны түрүүнд хөдөлдөг, сэтгэл хөдлөл харилцаагаа удирдаж чаддаггүй, тийм нэг зан бидэнд яалт ч үгүй суучихлаа. Гэхдээ энэ нь монгол хүний уг мөн чанарт байсан зүйл үү гэхээр тийм биш.

-Монгол хүн юманд уужуу ханддаг?

-Тийм. Юманд тайвуу ханддаг, боддог. Хэлэх гэж байгаа үгээ боддог. Юмны түрүүнд дуугарахгүй байх, хэлэх гэж байгаагаа дотроо сайн бод, тунгаа гэдгийг суулгаж ирсэн. Уг нь бид тийм хүмүүс байхгүй юу. Бид угаасаа ууртай, бухимдуу эсвэл ийм байсангүй. Монголчууд бид нэгнийгээ маш сайн уучилж чаддаг, өршөөж чаддаг, сэтгэлээ цайруулж чаддаг. Бидний хувьд хамгийн том баяр бол Цагаан сар. Өнгөрсөн жил болсон, өмнөх жил болж өнгөрсөн бүх юмнуудаа тайлаад бие биетэйгээ золгодог. Өмнө нь байсан бүх юм цагаадлаа, одоо хоёулаа харилцаагаа эргээд шинээр эхлүүлье гээд ах дүү, амраг садан, найз нөхөд эвлэрдэг. Харилцаагаа дахиад шинээр эхлүүлэх боломжийг манай уламжлал, баяр маань хүртэл олгоод байдаг. Гэтэл бусад улсын хувьд харилцаандаа дахин эхлэх, шинэчлэх боломж байна уу гэж харахаар хэцүү. Бид энэ бүхнийг баяраараа, уламжлалаараа, хийж ирсэн заншлаараа цайруулж, эерэг болгож ирсэн. Тийм болохоор юман дээр бодолтой, юмны түрүүнд гүйлгүй, сэтгэлийн хөдөлгөөнөө барих ёстой. Сүүлийн 20-иод жилд сэтгэл судлалд нэг чухал салбар гарч ирсэн, EQ гэж. Бид IQ буюу оюун ухааны чадамжийг сайн мэддэг. Оюун ухааны чадамжаас EQ (Emotional Quotient) буюу сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж залуурдах тэр чадвар хүнд илүү чухал юм байна. Хичнээн мундаг оюун ухаантай байгаад байдаг. Хүнд түүнийгээ ойлгуулдаггүй, хүнийг ойлгодоггүй. Тэр хүн нийгэмдээ хэлхээ холбоо, өөрийнхөө ач холбогдлоо үзүүлж чадахгүй байгаа байхгүй юу.

EQ-гийн асуудал үнэхээр тулгамдаж байна. Одоогийн монголчууд тэр дундаа улаанбаатарчуудын тулгамдсан асуудал. Нэгнийгээ ойлгох, нийгэмд хүлээцтэй байх. Юманд нэг секунд ч болтугай тэсэх нь маш чухал. Мөрийг нь ялимгүй шүргэхэд л уурлана. Тэсрэхэд л бэлэн явдаг. Лифтний урдуур ороход л цохиод авахад бэлэн. Замын хөдөлгөөнд оролцож байхад ногоон гэрэл асч эхлээгүй байхад, дөнгөж асахад л араас сигналддаг. Энэ чинь сэтгэлийн хөдөлгөөнөө өөрсдөө удирдаж чадахгүй байна, өөрөө тэр юмандаа дадаж чадаагүй байна гэдгийг л харуулаад байгаа юм.

-Муудалцсан, өөрийгөө гомдоосон хүнээ мартдаггүй. Бүр насан туршдаа түүндээ хонзогнож үр хүүхдээ хүртэл тэр хүний эсрэг болгодог. Нэг хүнд ингэж олон жилийн турш таагүй сэтгэгдэлтэй явах нь тухайн хүндээ ямар хортой вэ?

-Тэмдэглэлт баярууд маань сэтгэлээ цайруулах боломжийг олгодог. Тэдгээр баяртаа хэр шингээж байна вэ гэхээр бас их учир дутагдалтай. Идэж ууж баярлахаасаа илүүтэй, харилцааны нөхцөлөө сайжруулах, өмнө нь байсан харилцааны үе шатаа дахин нэг шатаар ахиулах зэргээр бололцоо олгох ёстой. Тэгэхгүй бол сэтгэлээ цайруулж, цагаатгахгүй “Тэр тэгсэн, энэ надад ингэж хандсан” гэдэг бодлоо 10, 20, 30 жил тээгээд явчихаар эхлээд зан харилцаанд нь нөлөөлж байгаад сүүлдээ авир араншинд нь нөлөөлж эхэлдэг. Ууртай болдог. Хүн өөртөө нэг юм оруулахад сав нь дүүрнэ шүү дээ. Түүндээ бачуурдаг, уурладаг, стресстдэг, орилдог, хашхирдаг. Эсвэл юм болгоныг буруу талаас нь хардаг болчихдог. Юманд ууч сэтгэлээр хандаж уучилна гэдэг энэ сэдвийг хөндөн ярилцаж байгаа маань нийгэмд маш их хэрэгтэй. Энэ сэдвээр ярилцаж байгаадаа сэтгэл зүйч хүний хувьд баярлаж байна.

-Хайр дутагдсан хүн, хайрлагдаж байгаа хүний хооронд асар их ялгаа харагддаг. Хайр дутагдсан хүнийг хайрлаж эхлэхэд ямар эерэг өөрчлөлтүүд гарч ирдэг вэ?

-Хүн харилцаа, хайр, халамжаар байнга цангадаг. Хүний үндсэн таван хэрэгцээ бий. Хайрлуулах, халамжлуулах, хүндэтгэх, хүнийг хайрлах хэрэгцээ нь чухал шатанд орж явдаг хэрэгцээ л дээ. Хайрынхаа хэрэгцээг мэдэрч чадахгүй байгаа хүн яадаг вэ гэхээр ерөнхийдөө хийрхэл ихтэй байдаг. Бусдыг буруутгах, өөрийгөө буруугаар, доогуур үнэлэх, эсвэл өөрийгөө хэт их дөвийлгөх, бусдыг үнэлэхгүй, бусдад хүндэтгэлгүй хандах зэрэг олон сөрөг шинжүүд илэрдэг. Ер нь бусдаар хайрлуулаагүй хүн хайрын өлсгөлөнд орчихдог. Өлссөн хүнд хоол, цангасан хүнд усыг нь өгөх ёстой. Тэрэнтэй адилхан хайраар дутсан хүнийг хайрлах ёстой. Хайрлуулах гээд байгаа тухайн хүнийг бид мэдэрдэггүй. “Энэ угаасаа тэнэг, мангар юм байна. Хүнтэй нийлдэггүй, зожиг юм” гэдэг ч тэр хүн цаанаа халамжлуулах, хайрлуулах, хүндлүүлэх хэрэгцээ нь дээд зэрэгтээ тулчихсан явж байдаг. Нийгмийн өдөр тутмын амьдралыг харж байхад бид нэгэндээ аятайхан үг хэлдэг бил үү. Нэгэндээ сайхан урам өгдөг бил үү. Гаргасан алдааг чинь уучиллаа гэж нүүрэн дээр нь хэлдэг бил үү. Энэ их дутагдалтай. Сайхан үг, урмын үг, дэмжлэгийн үгээр дутаад байгаа хүн хайрын өлсгөлөнд нэрвэгдчихсэн байдаг.

-“Би чинь өнчин өрөөсөн, багаасаа л ядуу тарчиг өссөн юм”, “Би эцэг, эхээ алдсан, азгүй хүн”, “Ээж минь намайг багад хаяад явчихсан”, “Би бусдаас эрхтэн дутуу” гэх мэтээр өөрийгөө өрөвдүүлэх гэсэн, хэн нэгэнд гомдоллосон, өөрийгөө л өнчирч хагацахын зовлонг амсч яваа мэтээр ташаардаг хүмүүс бий. Энэ сэтгэлгээнээсээ яаж гарах ёстой вэ?

-Үүнийг бид яаж харах ёстой вэ гэхээр би дээр ярьсан, цангасан хүнд ус өгдөг, өлссөн хүнд хоол өг гэсэн шүү дээ. Тэр хүмүүс чинь бидэнд дохиогоо өгөөд байгаа байхгүй юу. Намайг хайрлаач ээ, намайг хараач ээ, энд нэг зовсон, шаналсан хүн байна шүү гэдгээ шууд ил хэлэхгүйгээр дам байдлаар өөр үгээр илэрхийлээд байдаг. Тэгж шаналж байгаа хүмүүсийг эргэн тойронд байгаа хүмүүс нь зөвөөр харж, хүлээж авах ёстой. Зөв харсан юмаа зөв хэлэх ёстой. Зарим хүнд зөөлөн, заримд нь хатуу үг ташуур болох нь бий. Байгаа үнэнийг нь зөвөөр нь, сэтгэл зүйг нь эвгүй байдалд оруулахгүйгээр, шархлуулахгүйгээр бид оновчтой үгийг хэлэх хэрэгтэй. Бид яадаг вэ гэхээр тухайн хүнийг тойроод л тэр хүний тухай ярьж л байдаг. Нэг ч хүн ойртож очиж юм хэлдэггүй. Тухайн зовж байгаа хүнийг тойрч байгаа тойргийг задлаад тойргийн гадна байгаа хүмүүс тэр хүн дээр нэг нэгээрээ эсвэл хэсэг бүлгээрээ очиж тусламж үзүүлэх ёстой. Энэ бол маш сайн жишээ. Тийм учраас нийгэм хамт олны дунд зөв хүн төлөвшдөг гэдэг чинь тэр. Харилцаан дотор л хүн аз жаргалтай болдог. Бүх хүнд зовлон бий. Бүх хүнд жаргал бий. Хүн болгон өөрийн гэсэн зовлон, жаргалтай. Үүнийг л бид сэтгэл зүйн хувьд ойлгох хэрэгтэй. Энийг сэтгэл зүйн боловсрол гэж нэрлэдэг. Фэйсбүүк, инстаграмаас зарим хүн дандаа жаргаад байгаа юм шиг харагддаг, гудамжинд алхаад явахаар зарим хүн дандаа зовоод байгаа юм шиг харагддаг. Тэгтэл тийм биш. Бүх хүний ард жаргал бий. Бүх хүний ард зовлон бий. Ингэж л бид юмыг зөв тэнцвэржүүлэх хэрэгтэй. Зовж шаналж байгаа хүнд очоод зөв, үнэн үгийг олж хэлж байна гэдэг EQ-тэй хүний шинж. EQ өндөртэй хүмүүс байна, тийм хүмүүсийг бий болгоно гэдэг бол нийгмийн маш чухал үнэт зүйлийг бүтээж байна гэсэн үг. Тийм учраас хоорондоо ярьдаг байх, нэгнийхээ асуултад хариулдаг байх, нэгнийгээ сонсдог байх гэдэг чинь өөрөө маш чухал ур чадвар болоод байна. Үүнийг манайхан тоодоггүй. Та долоо хоногт хэдэд нь хүнийг сонсдог юм. Хэдэд нь хүнээс асуудаг юм, хэдэд нь хүнийг ярихад дэмждэг юм гэдгээ бодох ёстой. Хүнийг юу хамгийн аз жаргалтай болгодог вэ гэхээр бусад хүний танд өгч байгаа тусламж, та буцаагаад бусдад өгч байгаа тусламж биднийг баланслуулдаг байхгүй юу. Хэн ч надад туслахгүй, хэнд ч би туслахгүй бол тэр хүн харилцаанаас өөрийгөө хүн гэж мэдрэхгүй байгаа. Би хүн гэдгээ ойлгохгүй байгаа байхгүй юу. Харилцаанаас өөрийгөө ойлгож байгаа хамгийн гол арга зам бол бусдад туслах, бусдаас туслалцаа авах. Гэтэл бусдаас тусламж аваад яадаг юм гэдэг хүмүүс бий. Тэд бүгдийг чадаж байна гэж ойлгоод байдаг. Бусадтай харилцаатай байхын тулд бусдаас дэмжлэг, туслалцаа авч байх ёстой. Туслалцаа гэхээр материаллаг зүйл бодоод байдаг.

-Бясалгал хийж, иогоор хичээллээд байгаа хүмүүс чухам юуны тулд тэгж суугаад байдаг юм?

-Бид түмэн шидийн дуу шуугиан, гэрэл, үнэр зэрэг тоо томшгүй мэдээллийг мэдрэхүйн эрхтэнүүдээрээ дамжуулан авдаг. Тэр болгон нь тархины тодорхой үелзлүүдийг бий болгож сэтгэлийн хөдөлгөөнүүдийг бий болгодог. Таагүй үнэр үнэртвэл сэтгэл тавгүйрхэнэ, дургүй өнгөтэй харвал тэрнээсээ холдох зэргээр бид хариу үйлдэл үзүүлдэг. Тэр олон үелзлүүдээ тайван байлгахын тулд л бясалгал, иог зэргээр хичээллээд байгаа байхгүй юу. Тархиныхаа олон хэлбэлзлүүдийг багасгаж, тархиа тайвшруулах, нэг үелзэлд оруулахын тулд бясалгал гэх мэтийн өөрөө өөртэйгөө харилцах, дотогшоо хандах, өөрийгөө сонсох зүйлийг хийгээд байгаа юм.

-Та сэтгэл судлаач, мэргэжлийн хүний хувьд монголчуудад хандаж яавал аз жаргалтай байхыг зөвлөнө үү?

-Юуны төлөө амьдраад байгаа вэ гэдэг зорилгоо маш сайн тодорхойл. Зорилго тань хэрэгжих явцдаа дандаа хүмүүстэй хамт явна. Хүмүүстэй ойлголцох, хүмүүст өөрийгөө зөв ойлгуулах, хүмүүсийг зөв ойлгох чиглэлд сайн анхаараарай гэж хүсье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *