Б.Уранбат хэмээх хүү нэгэн эмээгийн гээсэн үнэт эдлэл, түрийвчийг нь олж өгсөн тухай пост цахим ертөнцөд шуугиан болсон билээ. Ингээд түүнтэй ярилцлаа.
-Түрийвч олоод эзэнд нь буцааж өгсөн гэсэн. Яг хаанаас олсон бэ?
-Бэлтгэлдээ нэг хүүхэдтэй хамт явж байсан юм. Гэтэл КТМС-ийн тэр хавийн нэгэн байрны урдаас түрийвч олсон. Тухайн үед “Эзэнд нь заавал буцааж өгөх ёстой” гэж бодсон. Ойролцоох дэлгүүрүүд рүү орж “Түрийвчээ хаячихлаа гэсэн хүн орж ирсэн үү” гэж асуусан. Дэлгүүрийн худалдагч нар “Бүгд мэдэхгүй, ямар нэг хүн орж ирээгүй” гэж хэлсэн.
-Аав руугаа залгасан уу?
-“Яах вэ, эзнийг нь олж өгмөөр байх юм” гэж бодоод аав руугаа залгасан. Тэгсэн “Аав нь олоод өгье. Миний хүү аваад, хүрээд ир” гэсэн юм. Ингээд очтол аав түрийвчинд байсан цахилгааны төлбөр төлсөн баримтыг харчихаад нэг утас руу залгасан. Утсаар ярихдаа “Энэ гэрийн хаяг дээр оршин суудаг хүний утасны дугаар хэрэгтэй байна. Өгч тусална уу” гэсэн юм. Тэгээд бид хоёр эзэнтэй нь холбогдоод, аав “Миний хүү, таны түрийвчийг олчихлоо. Ирж авах уу” гэсэн. Тэгсэн нэг эмээ бид хоёр дээр ирсэн.
-Эмээд түрийвчийг нь өгөхөд юу гэж хэлсэн бэ?
-Эмээ ирээд “Маш их баярлалаа. Яасан сайн хүү вэ” гэж хэлсэн. Намайг үнсэж, арван мянган төгрөгөөр шагнасан. Миний хүсэл биелж байгаа юм шиг санагдсан. Тухайн үед маш гоё байсан.
-Түрийвчинд нь яг юу байсан юм бэ?
-Гурван ширхэг монетон гинж, бөгж, мөнгө. Мөн хуян бууруулах эм, уруулын будаг байсан.
-одоо хэддүгээр анги вэ. Ямар хичээлээ илүү сайн хийе гэж боддог вэ?
-33 дугаар сургуулийн 7е ангид сурдаг. Математикийн хичээлд дуртай. Ихэнх хичээлийнхээ гэрийн даалгаврыг тогтмол хийхийг хичээдэг. Математикийн даалгавраа заавал бүрэн хийдэг. Чөлөөт цагаараа би таэквондагаар хичээллэдэг. Гурван жил таэквондагаар хичээллэж байгаа. Өнгөрсөн жил олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан. Гэртээ долуулаа амьдардаг.
-Ирээдүйд ямар хүн болъё гэж бодож байна?
-Цагдаа юм уу, цэргийн хүн болно. Учир нь тушаал сайн биелүүлдэг, аливаа зүйлд үнэнч хандана. Мөн би тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг хүн болно гэж боддог. Аав, ээж маань надад “Сайн хүн болоорой” гэж захидаг. Мөн аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандана гэдэг аз жаргал юм болов уу. Хүнд туслах үйл бүтээхэд надад маш сайхан санагддаг.
-Чи өмнө нь туслах үйлс бүтээж байсан уу?
-Хоёр жилийн өмнө хичээлээ тараад явж байгаад нэг хүүхдэд гар утсыг нь олж өгч байсан. Тухайн үед “Баярлалаа” гэж хэлсэн. Манай ангийн О.Ундрал гэдэг охин өмнө нь зургаан удаа хүнд хагалгаанд орж байсан. Одоо хамгийн сүүлийн хагалгаандаа орох бэлтгэлээ хийж байгаа. Түүнд туслахаар манай ангийнхан хандив цуглуулж байгаа юм. Тухайлбал, бид урлагийн тоглолт хийж, сургуулийн бүх хүүхдүүдийг “Тусламжийн гараа сунгацгаая” гээд уриална. Манай ангийнхан сэтгэлээрээ чадах бүхий л зүйлээ хийж, туслах гэж байгаа.
-Чам руу нэг хүн залгаад “Чи яасан мундаг хүү вэ, хөөрхөн санагдчихлаа. Эгч нь чамайг шагнамаар байна” гэж хэлсэн гэв үү?
-Тийм. Нэг эгч утсаар ярьж, “Яасан хөөрхөн, мундаг хүү вэ. Эгч нь чамайг шагнамаар байна. Хүрээд ирээрэй” гэсэн. Би ээжтэйгээ хамт очсон. Надад хоёр сая төгрөг өгч, намайг үнссэн. Ээж бид хоёр магнайгаа тэнийтэл их баярласан. Тэр эгч бизнес эрхэлдэг юм билээ. Намайг хараад “Хүний түрийвчийг олоод өгчихдөг, мундаг хүү вэ” гэж хэлээд инээмсэглэсэн. Би тэрхүү мөнгөө сайн үйлсэд зарцуулна. Тодруулбал, ангийнхаа О.Ундралд хагалгаагаа амжилттай хийлгээрэй гээд 500 мянгыг нь өгнө. Түүний эмээ нь элэгний хорт хавдрын улмаас нас барсан. Тиймээс би түүний эмээгийн буяны ажилд 500 мянгыг нь өгөх гэж байгаа. Түрийвч олоход хамт явж байсан н.Билгүүнтамир гэдэг хүүд үлдсэн мөнгөнөөсөө өгнө. Бид хоёр хамт бэлтгэлд явж байсан юм.
Г.Пүрэвбаяр: Манай АнгийнХАн АЯн Өрнүүлж бАйгАА
Түүний ангийн багш болох Г.Пүрэвбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.
-Б.Уранбат хүү сайн үйлс бүтээжээ. гэр бүлийн хүмүүжил сайтай хүү юу?
-Б.Уранбат энгийн, даруухан хүү. Тусч, аливаа зүйлд их нээлттэй, илэн далангүй, шударга ханддаг хүүхэд юм. Ангийнхандаа их сайхан зүйлээр үлгэр жишээ үзүүллээ. Аав ээж нь хүүхдэдээ их сайн анхаарал хандуулж, зөв хүмүүжүүлэх арга барилыг эзэмшүүлсэн. Б.Уранбат хүүгээр бахархаж байна. Манай ангийнхан аль болох их нийтэч, тусч байхыг эрмэлздэг. Мөн бүгд хичээлээ сайн хийнэ. Бүх сурагчдын эцэг, эхчүүд нь ч гэсэн идэвхтэй, аливаа зохион байгуулсан ажилд санаачилга сайтай оролцдог. Манай анги 48 сурагчтай.
-Танай анги аян өрнүүлж байгаа гэсэн үү?
-Манай ангийнхан өнгөрсөн есдүгээр сараас хойш аян өрнүүлж байгаа. Ангийн О.Ундрал гэдэг охин нурууны хагалгаанд олон удаа орсон. Одоо долоо дахь удаагаа хагалгаанд орох гэж байгаа. Түүнд зориулаад бид сэтгэлийн дэм барих зорилгоор сурагчид өөрсдийнхөө чаддаг, мэддэг зүйлийг бүтээж, сургууль дотроо борлуулах, мөн урлагийн тоглолт зохион байгуулах гэж байгаа юм. Энэ талаарх хүсэлтийг сургуулийн захиргаанд гаргасан байгаа. Сургуулийнхандаа урлагийн тоглолт үзүүлж, хандив мөнгө цуглуулах гэсэн зорилготой. Урлагийн тоглолтдоо ирэх долоо хоногоос бэлдэж эхэлнэ. Эцэг эхчүүд хуваарь гаргаж, бэлдэнэ гэдгийг ярьсан. Багахан хэмжээний үнийн дүнтэй тасалбар олгогдоно. Тэрхүү тасалбарын мөнгө хандив болно гэсэн үг.
-О.ундралын ээж нь төрөхийн хүндрэлийн улмаас нас барсан гэж сонслоо?
-Төрөхийн хүндрэлээс болж, ээж нь нас барсан. Тухайн үед эмч нар охинд хиймэл амьсгал буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ. Тэрээр одоо аавынхаа эгчтэй амьдардаг. Цээжний цөмөрхийг нь татаж гарган, төмөр суулгах хагалгааг таван настайдаа хийлгэснээсээ хойш маш олон удаагийн хүнд хагалгааны ард гарсан. Одоо сүүлийн хагалгаагаа хийлгэх гэж байгаа. Монголд арай хямд зардлаар хагалгаа хийх боломжтой. Гэвч О.Ундралын зүрх нь муу болохоор эрсдэлтэй гээд эмч нар шийдтэй хариу өгөхгүй байгаа юм билээ. Харин Солонгост хагалгаа хийлгэвэл зардал нь бараг 100 сая болно гэсэн. Тиймээс Б.Уранбат болон манай ангийнхан бүгдээрээ туслахыг хүсч, охидууд нь үсний даруулга болон гар урлалын зүйл хийж, хөвгүүд нь модоор тоглоом хийж борлуулахаар бэлдэж байгаа. Ер нь манай ангийнхан О.Ундралдаа их хайртай. Нэгдүгээр ангид байх үеэс нь хойш сургуулийн коридороор явахдаа голдоо оруулаад л хүүхдүүдээс хамгаалж явдаг байсан. Мөн гутлыг нь өмсүүлж, цүнхийг нь үүрч өнөөдрийг хүрсэн. Бүгдээрээ “Хагалгаа нь амжилттай болоосой. Хурдан эдгээсэй” гэж чин сэтгэлээсээ хүсдэг юм гэв.
О.Ундрал үеийнхээ найзууд шиг гүйж харайж, унагаасан үзгээ тонгойгоод авч чадахгүй ч өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг ангийнхныхаа дэмээр өнөөдрийг хүртэл амжилттай суралцаж байгаа гэнэ. Тэрээр дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан чадварлаг дизайнер болох мөрөөдөлтэй аж. Эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх хүсэлтэй. Мөн бүх тусалсан хүмүүсийнхээ ачийг ирээдүйд хариулна гэдгээ тэрээр хэлж байлаа.