УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан билээ.
Хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гуравдугаар сарын 31-нд дахин хэлэлцээд 40 сая төгрөгийг торгуулийг хэвээр үлдээжээ. Түүний эрүүл мэндийн байдалтай холбоотой, гурван ч удаа хүнд мэс засалд орсон зэрэг баримтыг өмнө нь дутуу, нотариатаар баталгаажуулж бүрдүүлээгүй байснаа засаж ирсэн бөгөөд улсад учруулсан хохирлоо төлсөн, зээлийн хүүг нь ч барагдуулсан, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд ч, анхан шатны шүүх хурлын үеэр ч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн торгох ял оноосон байна.
Шүүгдэгч Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгож Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжид зээл олгуулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.