Түрүүч нь № 025, 026(6126, 6127) дугаарт
Гэрэл зургийг Ц.МЯГМАРҮРЭН
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаярын үзэж буйгаар монголчуудад мөнгө босгох маш их боломж бий. Тэрээр “Баялгийн сан өгөөжөө өгөхөд улстөрчдийн үзэл чухал нөлөөтэй гэнэ. Дэлхийн хамгийн том баялгийн санг үе үеийн Норвегийн улстөрч Сангийн сайд нар нь удирддаг боловч бүгд өсгөсөөр ирсэн. Өгөөжийг ард түмэн хүртдэг” гэв.
-Үнэт цаасны арилжаа цахимжихгүй байгаа нь хөрөнгийн зах хөгжихгүй байгаа нэг шалтгаан гэж та өмнө нь ярьсан. Манай залуус шаардлагатай программыг хийж чадна гэж бодож байна уу?
-Чадна.
-Хэр их мөнгө орох бол, төр хэзээ ч байгаагүй баян байна шүү дээ.
-Тооцоо хийж байна. Бид бас мөнгө гаргах болов уу гэж найдаж байгаа.
-Зарцуулсан мөнгөө эргээд олох болов уу?
-Хэд дахин нугалж олно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ энд ашиг харахаас илүүтэй, эдийн засагт асар том хөшүүрэг үүсэхийг тооцох хэрэгтэй. Наад зах нь гадныхан сонирхож байгаа хувьцаагаа авахаас гадна хөрөнгө оруулах найдвар төрнө шүү дээ. Цахим гарын үсгийн хууль батлагдсан. Гэхдээ хөгжихгүй байгаа. Үнэт цаасны хоёр дахь арилжаа цахимжихгүй байгаа учраас идэвхжихгүй байгаа байхгүй юу.
-Цахимжих юм бол гаднаас маш их гүйлгээ ирнэ гэж байна. Ямар баталгаа байна?
-Би “Рио Тинто”-гийн хувьцааг одоо шууд гар утсаараа авч чадна. Харин дотоодын ямар ч хувьцааг авах боломжгүй.
-Монголд амилдаггүй хоёр юм байна. Нэг нь хөрөнгийн бирж, нөгөө нь Эрдэнэс Таван толгойн хувьцаа.
-Шууд тэгж болохгүй. Амилж байгаа шүү. (инээв).
-Эрдэнэс Таван толгой хишиг хүртээж үү, та энэ компанийн ТУЗ-ийн дарга байсан бол юу хийх байсан бэ?
-Эхний ээлжинд нэг л асуудал яригдаад байна. Цэвэр ашгаа олон нийтэд тараах уу, хөрөнгө оруулалт хийх үү гэдэг маргаан яваад байна. Надад эрх мэдэл байсан бол би өнөөдөр нэг ч төгрөгийн ногдол ашиг тараахгүй.
-Яагаад?
-750 тэрбумын ашигтай ажилласан. Компани 15 тэрбум ширхэг хувьцаатай. Нэг хувьцаанд 50 төгрөг ногдоно. Нэг иргэн 1072 ширхэг хувьцаанд 53 мянган төгрөг ногдож байна. Тэр иргэнд очсон 53 мянган төгрөг амьдралыг нь өөрчлөх үү. Тэрний оронд төмөр барих хэрэгтэй байхгүй юу. Энэ компанийн 30 хувийг гадны бирж дээр гаргахад асар их зардал орно. Яагаад түүнд зарцуулж болохгүй гэж. Тэгээд ч 50 биш, 20-30 мянган төгрөг л ирнэ.
-Бидэнд хишиг хүртээхгүй гэсэн үг үү?
-Хишиг гэдэг чинь юм амсуулахыг хэлж байгаа юм. Би хувь хүртээх тухай ярьж байна. Хэрэв миний стратегиар явбал нэг иргэн 53 биш 500 мянган төгрөг, түүнээс илүү хувь хүртэж болно. Цаашдаа байнга өсөн нэмэгдэнэ. Том мөнгөний машин болж чадна. Харин өнөөдрийнх шиг ухсан нүүрсээ зарчихаад амсах төдийгөөр тараагаад байвал үнэхээр таны хэлдгээр үхдэггүй, сэхдэггүй хувьцаа байсаар л байх болно.
-Тэгээд яагаад төр ашиг тараах санаачилга гаргаад байна?
-Нэгдүгээрт, энэ компанийг бид ашигтай ажиллуулсан гэсэн пиар хийж байна. Хоёрдугаарт, сонгууль дөхөөд байна шүү дээ.
-Гэхдээ ашиг тараах гэсэн нийгмийн хүлээлтийг таван мянган төгрөгөөр данс нээлгэхийг хүссэн брокерийн компаниуд л өдөөсөн. Үүнээс болж улстөрчид ашиг тараах шахаанд орсон биз дээ?
-Тийм шүү. Гэхдээ юм хоёр талтай. Ашиг тараах нь нийгэмд бас эерэг сэтгэгдэл төрүүлж болно. “Энэ хувьцаа чинь бас ирээдүйтэй юм байна шүү” гээд компанийн хувьцаагаа хамаагүй зарахгүй байж магадгүй л юм.
-Таны стратеги ирээдүйтэй сонсогдож байна. Гэхдээ гадныхан 30-хан хувьд хөрөнгө оруулах болов уу?
-Харин тийм. Сая гадны банкныхантай уулзаж байхад тухайн орныг эхлээд яаж харах вэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнгөрсөн хугацаанд бид гадныхны маш их хөрөнгийг шатаагаад, үнэн нүүр царайгаа харуулсан. Тийм учраас хувьцаагаа шатлалтай, эхлээд арав, дараа нь 20, нэмж 30 хүртэл хувиар тандалт хийх маягаар гаргасан нь зөв байх. Яагаад гэвэл гадны банкуудын эргэлзээ арилаагүй байна.
-2011 онд манайд долларын бороо орсон. Бид доллар оруулсан хөрөнгө оруулагчдыг яаж байгаад үргээчихэв ээ?
-Хэлсэн амандаа хүрээгүй. Гэрээ бол гэрээ. Гэхдээ би төрийн хувьд ярьж байгаа юм шүү. Гадны хөрөнгө оруулагчид манай улстөрчдөөс ганцхан зүйл хүсч байгаа юм. “Тоглоно гэчихээд гэнэт больчихдог цэцэрлэгийн хүүхэд шиг битгий улс төр хийгээч ээ” л гээд байгаа юм. Гэнэт нэг өглөө босоод л ухаантай царайлаад хуулиа өөрчилж попордог. Гэхдээ “Ард түмний төлөө” гэсэн уриатай. Харин тэр ард түмний төлөө хийсэн ажил нь хөрөнгө оруулалтыг зогсоож долларын ханшийг галзууруулж, тэр нь ард түмний нуруун дээр л бууж байна. Долларын ханшийн өсөлтөөс хохирсон улстөрч гэж дуулсан уу. Гэтэл ханшийн өөрчлөлтөөс энгийн иргэдийн идэх уух, өмсөх зүйл нь хорогдож байгаа биз дээ.
-Яг Венесуэль шиг хөөгөөд гаргасан уу?
-Арай өөр хэлбэрээр.
-Жишээлбэл?
-Нэг өглөө сэрээд алтанд 68 хувийн татвар ногдуулсан. Маргааш нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хан ресурсын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Урт нэртэй хууль гэж гарсан. Байгаль орчноо хамгаалах нь зөв. Гэхдээ тусгай зөвшөөрлөө өгөхдөө ухаанд нь ухна ишиг үхсэн байсан юм уу. Хаа хол байгаа хөрөнгө оруулагчдыг урьж тусгай зөвшөөрөл өгч хөрөнгө оруулчихаад гэнэт нэг өглөө босоод “Байгаль орчин сүйдэж байна” гээд хуулиа өөрчилж болохгүй биз дээ. Доллараар үер буусан үе чинь Рио тинто орж ирсэн үе. Ийм том компани орж байгаа юм чинь бид ороход аюулгүй гээд бусад компани орж ирсэн байхгүй юу.
-Нөхөн төлбөр өгсөн биз дээ?
-Юу ч өгөөгүй, шууд газраа хурааж авсан. Нөгөөдүүл нь шатаад, гараад явсан. Одоо төр дахиад ингэхгүй гэсэн дохио өгөх ёстой байхгүй юу.
-Яаж?
-Жишээлбэл, Ерөнхий сайдын дэргэд “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” гэж байгуулагдсан. Энэ байгууллага тайлангаа тавих ёстой. Хөрөнгө оруулагчдаас ямар гомдол ирээд, яаж эрх ашгийг нь хамгаалсан тухайгаа зарлах хэрэгтэй.
-Эдийн засагчид Оюу толгойн хөрөнгө оруулалтыг их хамгаалдаг. Энэ хөрөнгө оруулалт манай эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Энэ хөрөнгө оруулалт орж ирэхэд манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан.
-34 биш, 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой гээд буруутгаад байгаа шүү дээ?
-34 хувь гэдэг бол тухайн үеийн хуульд нийцүүлэн шийдсэн асуудал. Түүнтэй маргаад байх шаардлага байхгүй. Би байсан бол нэг ч хувь авахгүй байсан.
-Та чинь харин “ангийн дайсан” шиг ярьж байна уу, үгүй юу?
-Тийм байна уу (инээв). Ашгийн 34 хувийг авна гэсэн шийдвэрээс болж хөрөнгө оруулалтын 34 хувийг бид хариуцах болчихож байгаа байхгүй юу. Ингэж түүгээр явсан гайг үүгээр дуудав гэдэг өрөнд орсноос зүгээр татвар, хураамж, рояльтаа аваад сууж байх байсан байхгүй юу.
-34 хувийг эзэмшээгүй байсан бол өнөөдөр ямар ашигтай байсан бэ?
-Рояльтаа өндөр аваад л сууж байх байсан. Гэхдээ гэрээг хоёр тал харилцан тохироод засаж болно. Тухайн үедээ гэрээ хийх боловсон хүчний чадал муу, сонголт буруу байсан байж магадгүй гэж би боддог.
-Сонголт буруу гэдэг нь…
-Гэрээг хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүд биш, улстөрчид хийсэн.
-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?
-Ер нь дажгүй хуультай л даа. Гэхдээ хэрэгжүүлэхдээ л асуудал үүсээд байгаа юм. Хуульчид маань эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн бүрэн мэдлэгтэй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Угаас нийгмийн хөрөнгө оруулалтын боловсрол бага байгаа. Боловсролын программд суулгаж өгөх хэрэгтэй.
-Та нарт боловсролын хөтөлбөрт суулгах бэлэн санал байна уу?
-Бэлэн байна.
-Дотоодын их, дээд сургуульд үнэт цаасны тухай сургалт бий юу?
-Байхгүй.
-Үнэт цаасны ойлголтгүй эдийн засагчид төгсөж байна гэж ойлгож болох уу?
-Тийм л дээ. Яана аа. Их, дээд сургуулиуд гомдох вий дээ. Хэлж болох ч юм уу, үгүй ч юм уу. Үнэт цаасны ойлголтгүй санхүү, бизнесийн бакалаврын түвшний мэргэжилтнүүд төрөөд байна л даа.
-Монголын хөрөнгийн бирж ийм нөхцөлд сэхэх үү?
-Сэхнэ. Хувьцаат компаниудыг л олшруулах хэрэгтэй байгаа юм.
-Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг хувьцаат компани болгож болох уу?
-Болно.
-Зарим улстөрчид, иргэд, ТББ-ууд яагаад уул уурхайн ордуудыг эсэргүүцэж байна вэ?
-Уул уурхайн ордууд төсөвт их юм өгч байгаа ч тэр нь орон нутаг болон нийгэмд мэдрэгдэхгүй байна. Уул уурхай өөрөө ажлын байрыг ихээр гаргадаг салбар биш шүү дээ. Техникийн хүчээр явдаг. Тухайн орд төсөвт хэдэн төгрөг өгөх нь иргэдэд хамаа байхгүй. Өөрт нь юу мэдрэгдэх нь л чухал. Тийм учраас иргэд мэдрэх арга нь хувьцаат компани болох зам.
-Иргэдэд өгөөжөө өгсөн хувьцааны жишээ дурдаж болох уу?
-Монгол шуудангийн 30 гаруй хувийг хувьчлаад ашиг нь эрс өслөө. Гар утас хүнд ямар чухал хэрэгтэй билээ. Гэтэл “Лэнд.мн-ээс зээл авах гээд гар утастай боллоо” гэсэн хошин яриа гарч байна.
-Уул уурхайн сан байгуулж иргэддээ мөнгө өгдөг туршлага дэлхийд цөөнгүй байдаг гэнэ.
-Дэлхийн хамгийн том Баялгийн сан бол Норвегийн сан. Энэ сан байнга өсөн нэмэгдэж, иргэддээ өгөөжөө өгсөөр ирлээ. Сан ашигтай ажиллахад улстөрчдийн үзэл маш чухал нөлөөтэй юм байна. Энэ санг Норвегийн үе үеийн Сангийн сайд нар удирддаг. Гэхдээ тэд байнга өсгөсөөр ирсэн. Өгөөжийг ард түмэн хүртэж байна. Сангийн удирдах зөвлөлд мэргэжилтнүүд байдаг. Сангийн сайд нь санг улстөржүүлэх байх үүргийг хүлээнэ.
-Засгийн газар танай холбоонд Баялгийн сангийн бүтэц, ажиллах зарчмыг хийх захиалга өгвөл та нар гүйцэтгэж чадах уу?
-Асуудалгүй.
-Таны үзэж буйгаар бидний хөлөөр нэг их мөнгө хөглөрч байгаа бололтой юм аа даа.
-Тэгж үзэж болно.