Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо Эрдэнэс Таван толгойн 1072 ширхэг хувьцаанаас иргэд ашиг нэхэж болох тухай өмнө нь мэдэгдсэн. Харин саяхан хувьцааны ногдол ашиг хэд байх боломжийн талаар судалгаа хийжээ. Энэ талаар тус холбооны тэргүүн Б.Өлзийбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед Эрдэнэс Таван толгойн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцаа “биежлээ”, “амиллаа” гэсэн мэдээ гарч байна. Танай байгууллага мэргэжлийн байгууллагын хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна?
-УИХ-ын тогтоолоор 2011 онд иргэн бүрт Эрдэнэс таван толгойн 1072 ширхэг хувьцаа үнэгүй олгох шийдвэр гарсан. Гэтэл өнөөг хүртэл энэ шийдвэр хэрэгжсэнгүй найман жилийн нүүр үзэж байна.
-Яагаад хэрэгжсэнгүй гэж?
-Хувьцаа гэдэг чинь наад зах нь ашиг хүртдэг. Дээр нь арилжих, өвлүүлэх эрхтэй байдаг байхгүй юу. Гэтэл өнөөдөр танд тийм эрх байна уу, байхгүй байгаа биз дээ.
-Найман жилийн хугацаанд нэр дээрээ 1072 хувьцаатай хүн нас барсан бол өв залгамжлагч нь авч болохгүй юу?
-Одоогийн мөрдөж байгаа дүрэм журмаар болохгүй.
-Тэр хувьцааг хэн авах вэ?
-Төрд очно. Найман жил болж байхад энэ компани хөрөнгийн бирж дээр гарсангүй, иргэддээ тарааж өгсөн хувьцаа нь арилжаанд орсонгүй.
-Иргэд энэ хувьцаанаас ашиг хүртэх боломжтой юу?
-Маш их боломж бий. Дэлхийд эхний тавд орох энэ ордоос хангалттай цөөхөн монголчууд хангалттай ашиг хүртэх боломжтой.
-Би өөрийгөө хувьцаатай хүн гэж тооцох уу?
-Уг нь бол хувьцаатай. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаасны эзэмшлийг бүртгэдэг цорын ганц байгууллага нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг байгууллага бий. Энд иргэдийн эзэмшиж байгаа бүх хувьцаа бүртгэлтэй. Гэтэл нөгөө хувьцаа гаргасан компани нь бүртгэлгүй болохоор хувьцаа өгөөжөө өгөхгүй байгаа юм. Хувьцаанаас өгөөж авах олон арга бий. Эхний ээлжинд үнэ хямдарсан үед аваад өссөн үед зарж ашиг олж болно.
-Монгол хувьцааны ийм жишээ байна уу?
-Байна. 2016 оны дундуур нүүрсний үнэ өсч эхэлсэн. Орон нутгийн жижиг Таван толгойн уурхай гэж байдаг. 51 хувь нь төрийн өмч.
-Том Таван толгойтой харьцуулахад ямар орд вэ?
-Хаана ч хүрэхгүй Таван толгойн бүлэг ордын бараг нэг хувь дээр нь ажиллагаа явуулж байгаа.
-Энэ компани юугаар давуу талтай вэ?
-Өнгөрсөн жилийн өдийд жижиг Таван толгойн нэг хувьцаа 4800 орчим төгрөг байсан. Өнөөдөр нүүрсний үнэ өсөөд компанийн үнэлгээ өсөөд ирэхээр нэг хувьцаа нь арван мянган төгрөг давчихлаа. Хувьцаат компани гэдэг чинь ийм байдаг байхгүй юу. Энэ компанийн давуу тал нь биржээр нээлттэй хувьцаагаа зарж байгаа учраас хувьцаа эзэмшигчид ашиг хүртээд байгаа юм. Энд хувьцааны үнийн зөрүүгээс ашиг хүртэж байна. Мөн компани ашигтай ажилласан тохиолдолд хувьцаанаасаа ашиг хүртэнэ.
-Жижиг Таван толгой ашиг тараасан уу?
-Саяхан хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээд өнгөрсөн онд 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэдгээ зарласан. Цэвэр ашгийнхаа 90 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ тараах шийдвэр гаргасан. Нэг ширхэг хувьцаандаа 2410 төгрөг тараана. Та арван мянган төгрөгөөр авсан ч 24 хувийн ашиг авлаа. Аль ч банк танд ийм хүү амлахгүй биз дээ. Нийгэм эх орныхоо байгалийн баялагаас ийм замаар ашиг хүртдэг.
-Эрдэнэс Таван толгойгоос яаж бид ингэж ашиг хүртэх вэ?
-Хөрөнгийн биржээр л хувьцаа гаргахад болчихно.
-Яагаад Эрдэнэс Таван толгой хувьцаагаа бирж дээр гаргахгүй байна?
-Улс төрөөс дэндүү их хамааралтай байна. Ашгийг нийгэмд биш өөр хэн нэгэнд хүртээх гээд байх шиг байна. Нүүрсний үнэ өсч байгаа энэ үед ард иргэдээ бодоод хувьцаагаа гаргах хэрэгтэй. Үнийн өсөлт байнга биш.
-Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахдаа энэ компанийнхан 460 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж мэдээлсэн. Харин бидний мянган хувьцаанд гурван мянган төгрөг өгөх боломжтой гэсэн.
-Би тэр тоог сайн ойлгохгүй байгаа юм. Компанийн удирдлага ямар хэмжээний ногдол ашиг хуваарилахыг шийднэ. Арай ч мянган хувьцааны ашиг гурван мянган төгрөг биш л дээ. Ашгаа зуун хувь тараана гэвэл 15 тэрбум ширхэг хувьцааны нэг хувьцаанд 30 гаруй төгрөг ногдоно. Нэг иргэнд 30 гаруй мянган төгрөг ногдоно.
-Ерөнхийлөгч 100 хувь хувьчил гэсэн санал гаргаж байсан.
-Би мэргэжлийн хүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Эрдэнэс таван толгойг 100 хувь хувьчлах тухай яриагүй гэж ойлгосон. Төрөөс, тэр тусмаа улстөрчдөөс л салгах хэмжээний хувьчлалын тухай ярьсан байх гэж бодож байгаа.
-Эрдэнэс Таван толгойн хувьцааг бирж дээр гаргавал ямар ашиг гарах бол?
-Ард байгалийн баялагтаа жинхэнэ эзэн сууж, ашиг хүртэх боломж бүрдэнэ. Хөрөнгийн бирж жинхэнэ утгаараа хөгжинө. Нийт иргэд аль нэгэн компанийн хувьцаанаас ашиг хүртэж чадах л бол бусад компанийн хувьцаа руу хошуурна. Энэ эдийн засагт асар их мөнгө орох урсгалыг нээнэ. Дээр нь уул уурхайн баялагийн үр шимийг хүртсэн ард иргэд бусад ордоос хүртэхийг эрмэлзэнэ. Энэ утгаараа улстөрчид ашиг тараах мэргэжлийн байгууллага, иргэдийг л уул уурхайг удирдуулах санал өгнө.
-Энийг яаж хийх вэ?
-Энэ маш амархан. Эрдэнэс Таван толгой, Эрдэнэтийг мэргэжлийн багаар удирдуулна гэсэн улс төрийн хүчин, улстөрчдийг сонгоно. Сонгогчид хувьцааны ашиг хүртэх боломжтой бол сонгуулийн үеэр өгдөг нэг удаагийн 1020 мянган төгрөгт хууртахгүй.
-Зарим иргэд хувьцаагаа төрд зарсан. Зарим нь сургуулийн төлбөрт өгсөн. Та мэргэжлийн хүний хувьд хувьцаагаа зарах сонирхолтой иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүний амьдрал янз бүр. Зарах сонирхолтой иргэд байгаа л байх. Гэхдээ болж өгвөл зарах хэрэггүй гэж зөвлөнө.
-Яагаад өнөө маргаашдаа ашгаа өгөхгүй ч та дэлхийн маш том ордыг эзэмшиж байгаа компанийн 1000 хувьцааг үнэгүй эзэмшиж байгаа шүү дээ.
-Нас барчихвал яах вэ, буцаагаад төр авчихна шүү дээ.
-Өнөөдөр ч та зарах эрхгүй. Төр ядахнаа өвлүүлэх асуудлыг яаралтай шийдчих хэрэгтэй байгаа юм.
-Амьгүй ч гэсэн хувьцаагаа биржид өөрийн нэр дээр бүргүүлэхэд яах ёстой вэ?
-Одоо биржид өөрийн нэр дээр байршуулах боломжтой. Эхний ээлжинд Монголын хөрөнгийн бирж дээр иргэний үнэмлэхтэйгээ очоод, таван мянган төгрөгөөр нээлгэнэ. Брокерын компаниа сонгоно. Данс нээлгэх нь хувьцаагаа данс руугаа татах асуудал юм. Та дансаа нээлгэмэгц 1072 ширхэг хувьцаа чинь шууд дансанд чинь орно.
-Брокеруудын мэдээлэл, сонголтыг яаж хийх вэ?
-52 брокерын компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний тухай мэдээллийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн цахим хуудаснаас авч болно. Брокероо сонгохдоо үйл ажиллагаа явуулсан хугацаа зэргийг харах хэрэгтэй. Хадгаламж нээх банкаа сонгохтой адилхан асуудал. Гэхдээ өнөөдөр манай иргэдийн брокер, хувьцааны талаарх мэдлэг 1990ээд оноос хавьгүй илүү болсон тул сонголт хийх чадвартай гэж бодож байна.
-Зарим иргэдийн хувьцаанаас ганц нэг хувьцаа дутсан тухай мэдээлэл байна.
-Зарим нэг төлбөрийн орон хувьцаа татсан тохиолдол бий. Жишээлбэл, оюутны сургалтын төлбөрт 500 хувьцаа суутгасан, 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд 300 мянган төгрөгөөр 300 гаруй хувьцаагаа төрд зарсан тохиолдлууд бий. Зарим тэтгэврийн насныхан хувьцаагаа нэг сая төгрөгөөр төрд зарсан. Бас есөн ширхэг хувьцааг эрүүл мэндийн даатгалд авсан мэдээлэл байдаг. Энэ тухай өөрийн амьдардаг газрын Эрүүл мэндийн даатгалын газраас лавлах хэрэгтэй.
-Төрд буцааж зарсан хувьцаа хаана байна?
-Төр мөнгөөр худалдаж авсан тохиолдолд Эрдэнэс Таван толгойн төрийн мэдлийн хувьцаа нэмэгдсэн гэсэн үг.
-Төр ба иргэдэд яг хэдэн хувь нь байна гэдгийг мэдэж болох уу?
-Болно. Гэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс сүүлийн статистикийг авах хэрэгтэй.