Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинтөгс: ОУВС-гийн хөтөлбөрийн хамгийн чухал нөлөө нь тогтвортой бодлого, сахилга бат

МУИС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-ОУВС урьдчилсан байдлаар нөхцөлүүдээ танилцуулаад байгаа. Энэхүү нөхцөлүүдийг биелүүлж хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө гарах вэ?

-Хоёр төрлийн нөлөө харж байгаа. Эхний буюу уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Бодлогын тогтолцоогоо сахилга баттай болгож макро эдийн засгийн тогтолцоо ямар байх ёстой, юун дээрээ анхаарах ёстойгоо нарийн тодорхойлно. Үүгээрээ маш чухал ач холбогдолтой. Бодлогоо нарийвчлаад тодорхой болгохоор гадныхны хүлээлт ч тодорхой болно. Энэ улс ийм бодлого баримталж байгаа юм байна, ийм асуудалд төр нь оролцох юм байна, хувийн хэвшил нь үүнийгээ шийдээд явчих юм байна гэдэг тодорхой болно. Ийм үед хөрөнгө оруулалт хийхэд санаа зовох зүйл гарахгүй. Тэгэхээр нэг ёсондоо уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь тогтвортой бодлого, сахилга бат. Өнөөгийн хямралыг давж гарахыг тэгтлээ чухал гэж харахгүй байгаа. Тэртэй тэргүй бид өмнө нь хямарч л байсан. Түүнийг даваад гардаг. Харин зөв тогтолцоо бидэнд байсангүй. Уг нь 2008, 2009 онд бид санхүүгийн сахилга батгүй байвал ямар байдалд хүрдгийг туулж мэдэрсэн. Гэхдээ тэндээс хангалттай хэмжээнд суралцсангүй. Хоёрдугаар нөлөө нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах замыг зааж өгнө. Илүү тодорхой болгоно. Ялангуяа дотоодын ч бай, гадны ч бай хөрөнгө оруулагчид илүү тодорхой мэдээлэлтэй болно. Хөрөнгөө оруулсны маргааш бодлого өөрчлөгдөх болов уу гэх айдасгүй болох юм. Ийм хоёр давуу талтай.

-ОУВС орлого, зарлагад шалгуур нөхцөл тавьсан. Ер нь хэр боломжийн нөхцөлүүд тавьсан гэж харж байгаа вэ?

-Өөр арга гэвэл үнэхээр хэцүү. Тэгэхээр маш боломжийн нөхцөл тавьсан гэж харж байгаа. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьд хүрсэн нь асар өндөр тоо. Ийм байдал зөвхөн 2016 онд ажиглагдаагүй. Өмнөх хоёр, гурван жилд иймэрхүү л дүр төрхтэй байсан. Жил бүр төсвийн алдагдал өсөж явлаа. Үүнийгээ дагаад улсын өр нэмэгдэнэ. Улс алдагдлаа нөхөхийн тулд зээл авдаг. Тэр нь өндөр хүүтэй болохоор төсөвт маш их дарамт учруулж байгаа. Зээлийн хүүгийн төлбөрт л гэхэд 900 гаруй тэрбум төгрөг төлж байна. Долоон их наяд төгрөгийн нэг нь зээлийн хүүнд яваад байна гэдэг эдийн засаг ямар хэцүү болсныг харуулж байгаа. Тиймээс үүнийг шийдэх ёстой. Гадны хөтөлбөртэй ч бай, үгүй ч бай Монгол гэдэг улс оршин тогтнож байгаа бол шийдэхээс өөр гарцгүй.

-Орлого нэмэгдүүлэх найман боломжийг нэрлэсэн. Хэр бодитой боломжууд вэ. Ард түмний нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлэх нь гэж яриад байгаа?

-Орлого нэмэгдүүлэх боломж хэрэгжих боломжтой. Харин ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байгаа юу гэвэл тийм. Татвар нэмж байна гэдэг чинь л ард түмний нуруун дээр ирэх ачаалал ихэснэ гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна гэдэг нэг асуудал. Хадгаламжтай буюу хадгалах боломжтой иргэн, өрхөд ачаалал оногдуулж байна гэсэн үг. Гэхдээ нийт хадгаламжийн 90 орчим хувь нь хүн амын таван хувьд оногддог. Тэгэхээр маш багахан хувьд жаахан илүү ачаа үүрүүлнэ гэсэн үг. Дунд болон доод түвшний иргэд үүнд өртөхгүй.

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар аваад эхлэхээр иргэд арилжааны банкуудаас мөнгөө татаж байгаа байх. Энэ нь эргээд эдийн засагтаа хэрхэн нөлөөлөх вэ?

-Банкнаас хадгаламжаа авсан иргэн хаана мөнгөө хийх вэ. Манайханд сонголт маш цөөхөн. Хөрөнгийн бирж дээр очоод хувьцаа болгоё гэхээр одоогоор тийм хэмжээнд хүрээгүй байна. Иргэд сохроор хувьцаа авахаас өөр аргагүй. Эсвэл Засгийн газрын бонд руу хөрөнгөө оруулж болно. Мөнгөө хадгалах өөр сонголт байхгүй. Яахав, бие биедээ зээлүүлж болох ч маш их эрсдэлтэй. Тиймээс иргэд хадгаламжаа татаад сүйд болохгүй байх гэж бодож байна. Түүнээс шалтгаалж эдийн засаг айхтар савлахгүй.

-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэр үед Засгийн газар шатахууны үнийг бодлогоор барих боломж бий юү?

-Тэрийг шатахуун импортлогч болон Түлш, эрчим хүчний газар л мэдэх байх. Бидэнд нарийн мэдээлэл алга. Ямартай ч одоогийнх бол маш их татаастай үнэ. Тэр нь байхгүй болоод татварыг өсгөчихөөр байдал сайнгүй болох биз. Гэхдээ Засгийн газар, шатахуун импортлогч компани хоорондоо ямар гэрээ хийхээс шалтгаалах байх.

-Хөтөлбөр батлагдаад хэрэгжиж эхэлсэн хойно иргэдэд шууд нөлөөлөх үү. Илт мэдрэгдэж ачаалал авах үе нь хэзээ байх бол?

-Нийтийн дунд маш том төөрөгдөл яваад байх шиг байна. Юу вэ гэхээр ОУВС манай улсын төсөвт шууд таван тэрбум ам.доллар өгчих гэж байгаа мэтээр ойлгож байгаа. Тийм биш. Төлбөрийн тэнцлийн алдагдалд зориулж 440 сая ам.доллар өгч байгаа. Энэ мөнгө төсөвт ямар ч хамаа байхгүй. Хоёр тэрбум ам.доллар нь свопын хэлэлцээр рүү шууд орж байгаа. Үлдсэн гурван тэрбум ам.долларын асуудал бий. Гэхдээ тэр мөнгөний зарцуулалт, задаргааг хэн ч ярихгүй байна. Том тоог нь ойролцоогоор л таамаглаж байгаа. Энэ мөнгө орж ирэхээр иргэдийн амьдралд шууд нөлөөлөх үү гэвэл үгүй. Хамгийн гол найдлага тавьж буй зүйл нь шууд бус нөлөөлөл. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой болохоор гадны хөрөнгө оруулалт орж ирээд хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй. Энэ үед ажлын байр шинээр нэмэгдэж иргэдийн амьдралд нөлөөлөх боломжтой. Бид тэрэнд л найдаж уг хөтөлбөрийг оруулж ирсэн. Түүнээс биш макро эдийн засгийн бодлого хэн нэг иргэнд нөлөөлөхгүй.

-Төсвийн тодотгол яригдаж байна. УИХ-ын гишүүд мөнгө орж ирэхээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэх гэж төсвөө тодотгох мэтээр яриад байгаа. Гэтэл ОУВС-гийнхан одоо байгаа зардлаа дахиад жаахан хасаадах гэсэн шаардлага тавьж байгаа биз дээ?

-Нэг тохирсон нөхцөл нь Сангийн яамнаас төсвийн нийт зарлагын дүнг оруулж ирнэ. Түүн дээр зарлага нэмэх гэж байгаа бол хаа нэгтэйгээс нь яг тэр дүнгээрээ хас гэж шаардаж байна. Тэгэхээр Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн зарлагын нийт дүн өөрчлөгдөхгүй. Тэгж байж орлоготой уялдуулна.

-Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад орлого нэмэгдүүлэх гарц харагдаж байгаа юу?

-Байлгүй яахав. ОУВС-тай тохирч байгаа нөхцөлүүдийг нь харахаар манай зүгээс эрсдэл багатай байдлаар орлогоо төсөвлөж чадсан. Өөрөөр хэлбэл зэс, алт, нүүрсний үнэ өнөөгийн түвшиндээ байж чадвал манай улсын макро эдийн засгийн байдал нэлээн сайжрах төлөв харагдаж байгаа. Том том төслүүдээ хөдөлгөе гэж ярьж байгаа. Тэд бүгдээрээ эерэг нөлөө үзүүлнэ.

-Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил явагдах уу. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд байна шүү дээ?

-ОУВС-гийн манайд хэрэгжүүлэх гэж байгаа нь дэд бүтэц хөгжүүлдэг, үйлдвэр барьдаг хөтөлбөр биш. Цэвэр макро эдийн засгийн тогтворжуулалтад зориулагдсан. Төлбөрийн тэнцэл, төсөв санхүүгийн бодлого, мөнгөний бодлогод л хамаатай. Энэ хүрээнд ОУВС-тай тохирсон.

-Валютын ханш хэрхэх бол. Одоогоор ам.долларын ханш бага зэрэг буурч байна. Цаашид яах вэ?

-Валютын ханшид үндсэндээ хоёр зүйл нөлөөлж байгаа. Монголын эдийн засаг руу ам.доллар орж ирээд л байвал төгрөгийн ханш чангарна. Нөгөө талаас мөнгөний нийлүүлэлт ихэсвэл төгрөгийн ханш суларна. Ийм хоёр зүйлийн тэнцвэр дээр валютын ханш тогтож байгаа.

-ОУВС-гийнхан мөнгөний бодлогыг нэлээн хатуу барих юм шиг байна лээ.

-Миний харж буйгаар мөнгөний бодлогыг хатуу барих шаардлага ажиглагдахгүй байна. ОУВС-гаас авч буй 440 сая ам.доллар манай улсын валютын нөөцийг зузаатгахад зориулагдана. Тэгэхээр манай улсад байгаа валют ихэснэ гэсэн үг. Нөгөө талаас инфляцийн түвшинг хараад мөнгөний нийлүүлэлт хэр их нэмэгдэх вэ гээд бодохоор мөнгөний бодлогыг сулруулах боломж бий. Өнөөдөр гурван хувийн инфляцитай байгаа. Ийм байхад чангалах тухай ярих утгагүй. Төв банкны гол зорилго ханш биш инфляци.

-Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжлээ гээд иргэдийн амьдралд шууд нөлөө байхгүй гэж үзэж болох уу?

-ОУВС-гийн бодлогын гол анхаарч буй зүйл бол иргэдийн түвшинд томьёологдохгүй. Макро эдийн засгийн хэмжээнд л асуудлыг ярьж байна. Гэхдээ иргэдээс хол тасархай бодлого уу гэвэл бас үгүй. ОУВС нийгмийн халамжийн бодлогыг нэлээн хумьж байгаа. Аль ч орны Засгийн газар нийгмийн халамжийг өргөжүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс нийгмийн халамжид хэт их анхаарал хандуулбал төсөв хүндэрнэ. Тиймээс ОУВС нийгмийн халамж руу хэт их чиглэсэн бодлогыг санхүүжүүлдэггүй. Үүгээрээ иргэдийн амьдралд нөлөөлөх байх. Гэхдээ нийтээр нь халамжийг зогсоохгүй шүү дээ. Хавтгайрсан халамжийн бодлогоос зайлсхийе гээд байгаа юм. Зорилтот бүлгээ зөв тодорхойлж халамжийн бодлогоо хэрэгжүүлнэ. Үүнийг зөв гэж бодож байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улс орон дампуурдаг гэх ойлголт бий. Манай улсад уг хөтөлбөр хэрэгжихдээ үр дүнгээ өгөхгүй байх нөхцөл бий юү?

-Дэлхийн улс орнуудад иймэрхүү хөтөлбөр зөндөө хэрэгжиж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлүүд нь маш их ялгаатай. Манай улсын хувьд огт мэдэхгүй хөтөлбөр рүү явж ороогүй. Өмнө нь хоёр ч удаа амжилттай хэрэгжүүлж байсан. Нөгөө талаас 2000 оны дундуур ОУВС-тай холбоотой нэлээн ширүүн мэргэжлийн маргаан гарч байсан юм. ОУВС хөтөлбөрөө боловсруулахдаа улс орнуудыг хэтэрхий нэг загвараар явуулаад байсан. Үүнийг мэргэжилтнүүд эсэргүүцсэн. Тэрнээс хойш тухайн улс орны нөхцөл байдалд тохирсон өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Одоо бол манай улсад тохирсон бодлого дэвшүүлээд байгаа. Тэгэхээр одоо айх хэрэггүй. Улс орны нөхцөлийг дордуулж байсан жишээнүүд бий ч өнөөгийн нөхцөлд манайд нэг их хамаарахгүй болов уу. Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. ОУВС-д ажилладаг эдийн засагчид нь мэргэжлийн хувьд дээд түвшнийх. Эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалж байгаа хамгийн чадвартай хүмүүсээс шилж авдаг. Бусад олон улсын байгууллагуудаас үүгээрээ давуу талтай. Хамгийн гол нь бид нэг ойлголцолтой байх ёстой. Хатуу дүрэмтэй хөтөлбөр биш.

-Хатуу биш гэхээр бид жилийн дараа ч юм уу, нөхцөлүүдээ өөрчлөх санал тавьж болно гэсэн үг үү. Гурван сар тутмын шалгалтыг амжилттай даваад байвал тэдний бодлого зөөлрөх үү?

-Улирал тутамд манай банк санхүүгийн байгууллагад үнэлгээ хийгээд явна. Гэхдээ эдийн засаг гэдэг бол маш өргөн хүрээнд эргэлддэг салбар. Өнөөдөр гарсан өөрчлөлтийн үр дүн тэр дороо мэдрэгдэхгүй. Хүнд байдлаас гарахад хугацаа хэрэгтэй. Тэгэхээр жилийн дараа гэж яривал арай эртдэх байх. Гэхдээ 2008, 2009 онд төсвийн орлого нэмэгдсэн болохоор иймэрхүү хатуу хөтөлбөрийн хэрэгцээ багассан учраас харилцан тохиролцоод хөтөлбөрөө өндөрлүүлсэн. Үүн шиг боломж гарахыг үгүйсгэхгүй.

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хоёр ч удаа хамрагдаж байлаа. Одоо энэ хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжээд эдийн засгийн тогтолцоо эрүүлжих байх. Тэрний дараа дахиад ийм байдалд орохгүй гэх баталгаа бий юү?

-Нийгмийн ой санамжид л найдаж байна. Бид алдаанаасаа нэг, хоёр удаа суралцана. Гурав дахь удаагаа алдахгүйг хичээнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *