Categories
мэдээ цаг-үе

Б.Тунгалагтуяа: Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдийг тусгай өрөөнд байршуулан шалгалт авна

Энэ жилийн ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. ЭЕШ-тай холбоотой цаг үеийн асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяатай ярилцлаа.


-Энэ жил ЭЕШ-ыг хэчнээн шалгалт авах байранд зохион байгуулах бэ?

-ЭЕШ-ын бүртгэлд хамрагдсан нийт шалгуулагчдыг улсын хэмжээнд 85 шалгалтын байранд зохион байгуулахаар тооцож хичээл тус бүрээр нь суудлын хуваарилалт хийсэн.

Зургадугаар сарын 1 гэхэд шалгуулагчдын суудлын хуваарийг бҮт-ийн вэб сайтад байршуулна. энэ оны төгсөгчид бүртгэлийн хуудсан дээрээ сургуулийнхаа захирлаар тамга даруулж баталгаажуулж байж тухайн бүртгэлийн хуудас хүчинтэй болно.

-Нэг ангид хэчнээн хүүхдийг байршуулах вэ?

-Өмнөх жилүүдэд 50 шалгалтын байранд эЕШ-ыг зохион байгуулдаг байсан бол энэ жил “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг ангид 12-оос дээш тооны хүүхэд байрлуулахгүй байхаар тооцож 85 шалгалт авах байрыг тодорхой болгоод, тухайн сургуулиудтай нь гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж байна.

Анги тус бүрийг 30 метр квадратаас илүүгүй хэмжээтэй байхаар тооцож байгаа. Тэгэхээр нэг ангид 12 хүүхэд хоорондоо 1.5 метрийн зайтай сууж шалгалтаа өгнө. Харин 30 метр квадратаас бага хэмжээтэй ангид 10 хүүхэд шалгалт өгөхөөр тооцсон. Улаанбаатар хотын хэмжээнд 43 шалгалтын байр, харин хөдөө орон нутагт 42 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулахаар болсон.

-ЭЕШ-ыг зохион байгуулах журамд “Ковид-19” цар тахалтай холбоотой ямар өөрчлөлт нэмэлтээр оруулж байгаа вэ?

-Зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдийн журам үйлчилнэ. Хүүхдүүд шалгалт авах байранд нэвтрэхдээ гурван хяналтын дамжлагаар шалгуулах юм. Өмнөх жилүүдэд шалгуулагч тухайн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалт авах байрандаа ирдэг байсан. Харин энэ жил хүүхэд тус бүрийн шалгалт авах байранд ирэх хугацааг нарийвчлан зааж өгч байгаа. Ингэснээр бөөгнөрөл үүсгэхгүй байх боломжтой. Шалгалт авах байр болгонд эмч, ариутгал хийх үйлчлэгч нар ажиллана.

-Хүүхдүүдийг шалгалтын байранд нэвтрэхэд халууныг ньхэмжинэ гэсэн. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-Хэрэв сэжигтэй шинж тэмдэг илэрвэл тухайн хүүхдийг тусгай өрөөнд байршуулан шалгалтыг авна. Шалгалт авах байр болгонд тусгаарлах байрыг давхар бэлтгэж байгаа. Тухайн хүүхэд өндөр халуунтай байх ч юм уу, өөр ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд тусгай өрөөнд шалгалтаа өгнө.

-Өнөө жил шалгалт авах байруудын тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр шууд засалтын машин хүрэлцээтэй байгаа юу?

-Хангалттай хүрэлцээтэй байгаа. Өнөө жилийн хувьд өнгөрсөн жилийнхтэй адил шууд засалтын машинаар шалгана. Харин дүнг мэдээлэхдээ хүүхдүүдийг цугларлуулж, бөөгнөрөл үүсгэхгүй лайв хэлбэрээр зарлана.Аймаг тус бүрт нэг шууд засалтын машин ашиглахаар тооцож байгаа.

-Хүүхдүүд ЭЕШ-д ирэхдээ цагаасаа хоцорсон тохиолдол гарвал хэрхэх вэ?

-Ирэх цагаасаа ерөөсөө хоцорч болохгүй. Бас цагаасаа эрт ирж болохгүйг анхааруулж байна.

-Хоцорчих вий хэмээн болгоомжлоод цагаасаа эрт шалгалт авах байранд ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Тухайн бүсээс явуулах арга хэмжээг авна. Бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цагийг нарийн зааж өгч буй учраас хэрэв хүүхэд цагаасаа эрт ирэх л юм бол шалгалт эхлэх хугацаа хүртэл буцаана гэсэн үг.

-Энэ жил монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг ЭЕШ-д оруулахгүй байхаар болсон. Ямар учраас ийм шийдвэрийг гаргах болов?

-Шалгалт авах байртай холбоотойгоор ийм зохицуулалт хийсэн. Өмнөх жилүүдэд бүх шалгалт авах байранд хяналтын камер болон сонсгох төхөөрөмж байршуулсан байдаг. Харин энэ жил шалгалт авах танхимуудын тоо нэмэгдсэн учраас төдий тооны олон ангид сонсгох төхөөрөмж байрлуулах боломж байхгүй. Тийм учраас энэ жил монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг ЭЕШ-д оруулахгүй байх зохицуулалтыг хийсэн.

-Гадаадын улс орнууд руу сургуульд явах төлөвлөөтэй байсан ч “Ковид-19” цар тахлаас шалтгаалан явж чадахаааргүй болж ЭЕШ-ын бүртгэлээс хоцорсон хүүхдүүд нэлээн байх шиг. Ер нь энэ төрлийн гомдлууд хэр ирж байна вэ?

-Бүртгэлээс хоцорсон гэх асуудлаар олон хүүхэд хандаж байна. Тэтгэлэг авчихсан гадаадын улс орнуудад суралцахаар болоод байсан ч “Ковид-19” цар тахлаас шалтгаалаад цуцлагдсан учраас Монголд суралцах хүсэлтэй хүүхдүүд Боловсролын үнэлгээний төвд нэлээн хандаж байгаа. Ийм төрлийн асуудлаар өчигдрийг хүртэлх хугацаанд ирсэн бүх өргөдлийг шийдвэрлэсэн. Өчигдөр суудлын хуваарилалтыг бүрэн хийж дууссан учраас үүнээс хойших хугацаанд ийм төрлийн ямар ч гомдлыг авч хэлэлцэхгүй.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *