Categories
мэдээ цаг-үе

Б.Тулга: Н.Энхбаяр, Н.Удвал нараас байцаалт авсан зүйл байхгүй

МАХН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.

-Өчигдөр цахим мэдээллийн хэрэгслээр таныг МАХН-ын генсек боллоо гэж нэлээн шуугилаа. Дэд сайдынхаа албан тушаалыг өгөөд намынхаа гал тогооны ажилд шаргуухан орохоор иржээ гэж ойлгож болох уу?

-Өчигдөр хэвлэл мэдээлийн хэрэгслээр “Б.Тулга МАХН-ын генсек боллоо” гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл. Өнгөрсөн долоо хоногт намынхан маань хуралдаад Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар томилсон. Энэ долоо хоногийн эхээр ажлаа хүлээж аваад байж байна.

-МАХН-ын дараагийн генсек хэн бэ гэх асуулт өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Ц.Шаравдорж, Н.Удвал, Ж.Сүхбаатар нарын олон хүний нэр сонсогдож байгаа. Энэ асуултын хариуг МАХН хэзээ өгөх вэ?

-Олон хүнийг таамаглаж байгаа. Тэдний аль нь ч намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах боломжтой. Боловсрол, мэдлэг, туршлагатай олон хүн бий. Харамсалтай нь МАХН-ын хувьд яг одоо маш хүнд нөхцөл байдалд байгаа. Манай намыг сонгуулиас өмнө дарж авах гэсэн оролдлого улс төрийн тодорхой бүлэглэлүүдэд байна. Тэрийгээ гүйцэтгүүлэхийн тулд өөрсдөд байгаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өрсөлдөгчөө намнах аргыг хэрэглэж байгаа. Энэ үүднээс нам, лидерүүд, ерөнхий нарийн бичгийн даргыг ямар нэгэн байдлаар асуудалд унагах, зохион байгуулалттай гэмт хэрэгт түлхэх үйл явц өрнөж байна. Энэ бүх үйл явдлын дунд хэнийгээ ерөнхий нарийн бичгийн даргаар тавих вэ гэдэг манай намын дотооддоо ярилцаж шийдэх асуудал. Гэхдээ Г.Шийлэгдамба дарга ажлаа өгөх тухай өргөдлөө өгсөн хэдий ч намын зүгээс чөлөөлөөгүй байгаа. Учир нь гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байна. Мэдээж хэрэг ирэх жил сонгууль болох гэж байгаа учраас яаралтай шийдэх асуудлын нэг мөн ч гэлээ нөгөө талаараа Г.Шийлэгдамба даргад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бидэнд уулзах ямар ч бололцоо алга. Хэрэв уулзаж чадвал хоорондоо ярилцаад яахыгаа шийдэх боломжтой болно. Энэ бүх асуудлын дараа МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг асуудлыг ярилцана.

-Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай хоригдсоноос нь хойш уулзаагүй гэсэн үг үү?

-Өмгөөлөгч нь л орж уулзаж байгаа. Гэр бүлийнхэн нь ч уулзаж чадахгүй байна. Бид намынхаа зүгээс уулзах хүсэлт байнга тавьж байгаа хэдий ч өнөөг хэр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаа. Өмгөөлөгчөөрөө дамжуулж намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа өгье гэдгээ илэрхийлсэн. Үнэн мөн нь тогтоогдоод гарч иртэл бас тодорхой цаг хугацаа зарцуулагдах учраас намынхаа ажлыг унагахгүйн тулд ажлаа өгье гэж хэлсэн байсан.

-Баригдсан даруйд нь намаа санхүүжүүлэхийн тулд хэрэгт холбогдчихлоо гэх мэдээлэл тарсан. Намын генсек, яамны сайд хүний хувьд сонгуулиас өмнө санхүүжилт олж ирэх даалгавраа гүйцэтгэж байгаад баригдлаа гэж ярих хүмүүс байна?

-Тэр бол бидний гаргасан мэдээлэл биш. Дээр хэлсэн шүү дээ. Манай намыг 2016 оны сонгуульд оролцуулахгүйн тулд янз бүрийн улс төрийн бүлэглэлүүд ажиллаж байна гэж. Үүнийгээ яаж хэрэгжүүлж байна вэ гэхээр намын дарга, лидерүүд рүү дайрч нэлээн үзлээ. Нам руу дайрахдаа голыг нь таслахын тулд санхүүжүүлдэг, мөнгө өгч байгааг нь айлгах тактик байдаг юм шиг байна. Энэ төлөвлөгөөний дагуу санхүүжилттэй холбоотой гэх мэдээлэл гаргалаа. Зориудаар ийм мэдээлэл цацаж байгаа нь батлагдаж байна шүү дээ. Ямар ч хүнийг эхлээд сэжигтнээр тооцож байгаад шүүхийн тогтоол гаргадаг. Тогтоол үзэхээр яллагдагч Г.Шийлэгдамба гээд биччихсэн байдаг юм. Нэг ёсондоо сэжигтэн ч биш аль хэдийнэ яллагдагч болгоод шүүхээс тогтоол гаргасан байх жишээтэй. Түүнчлэн МАХН-ын санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд АТГ оролцож эхэлсэн. Манай намын ажилтнуудаас “Танай нам хэнээс, яаж санхүүждэг вэ. Хөдөө орон нутгаар явахдаа шатахуун түлш яаж хийдэг вэ” гэхчилэн асууж байцааж байна. Улс төрийн нам орон нутгаар явж ард түмэнтэйгээ уулзалт хийх нь үүрэг биз дээ. Гэтэл энэ бүхнийг ямар нэг байдлаар мушгиж зохиомол хэрэгтэйгээ хутгах үйл явц ид явагдаж байгаа. Тэр утгаараа намын санхүүжилтийн асуудлыг Г.Шийлэгдамбад нааж байх шиг байна. Нийгэмд нэг мессэж яваад байна лээ. Н.Энхбаяр дарга нь үүрэг өгснийг Г.Шийлэгдамба биелүүлэх гэж байгаад баригдсан гэж. Уг зохиолоо бүтэн болгож Н.Энхбаяр даргыг хэрэгт холбогдуулах гэсэн арга гэдэг нь тодорхой харагдаж байна.

-Та намыг, лидерүүдийг зориуд ингэж байна гэж дээр хэллээ. Н.Энхбаяр даргаас өөр хэнтэй холбоотой асуудал үүсч байсан юм бэ?

-Та бүхэн анзаарч байгаа бол 2011 онд намын нэр авснаас хойш Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн, МАХН-ын сонгуульд тодорхой амжилт үзүүлсэн зэрэг бүх л процессын турш манай намын ерөнхий бичгийн даргыг барьж хорино гэх яриа гарч байнга дарамталж ирлээ. Н.Удвал даргыг байх үед өнөө орой баривчлах гэнэ ээ гэх яриа гаргаж л байдаг. Юунд, яах гэж баривчлах гээд байгаа нь мэдэгддэггүй. Намыг л дарж унагаах гэсэн бодлого байсан, байсаар ч байна. Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн шигээ манай намын генсекийг хорилоо. Хэрвээ шударга ёс тогтчихсон байсан бол аль хэдийнэ асуудлыг шийдчих байсан биз. Бид нар айдастай байгаа. Гэхдээ айдастай байлаа гээд бид хойшоо сууна гэж байхгүй. Ухрах зам байхгүй. Ер нь АТГ чинь хууль, шүүхийн байгууллага юм уу, улс төрийн нам болчихсон юм уу. Улс төрийн пиар хийгээд л явж байна. АТГ гэдэг нам бий болжээ гэж хэлсэн байна лээ. Тэд 2016 оны сонгуульд бид ялна, хэн нэр дэвшихийг шийднэ гэж яриад сууж байна гэж цөөнгүй хүмүүс ярьж байна. Бид ч тэгж байна гэж дүгнэсэн. Үүнийг нэлээн ортой дүгнэлт гэж бодож байгаа.

-Танай намын дарга Н.Энхбаяр болон Н.Удвал нараас байцаалт авсан юм уу?

-Одоогийн байдлаар тэднээс мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би түрүүн хэлсэн шүү дээ. Байцаалт авах гэж байна, авчихлаа гэж л хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаагаас авсан зүйл байхгүй. Ер нь олон нийтийг нэг дасгаж, урьдчилан бичигдсэн зохиолынхоо дагуу явдаг жишиг тогтчихлоо шүү дээ.

-“Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуульд УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудалтай болсон. Гэвч сүүлийн үед эвслийн хоёр намаас МАХН-ыг онцолж улс төр хийгээд байгаа нь ямар учиртай вэ. Мөн МҮАН-ын дарга М.Энхсайхан “МАХН дотроо болж бүтэхээ байлаа” гэсэн санаа илэрхийлж, эвсэл дотроо эв түнжин муутай байгаа гэж ойлгогдож эхэлсэн. О.Баасанхүү гишүүн гэхэд л ирэх сонгуульд бие даан нэр дэвшсэн ч болно гэж яриад байгаа?

-Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс олонхийг бүрдүүлсэн намтай хамтарч чадах чинээгээрээ хичээн ажилласан. Хамтарсан дотроо бид нар цөөнх болчихоод байдаг. Бид нар гарчихаар засгаа байгуулж чадахгүй байдалд хүрдэг. 2012 оны зорилт бол МАНАН-г дахин үүсгэхгүй явдал байлаа. Бид нар Засгийн газрыг аль болох тогтвортой байлгах тал дээр байр сууриа илэрхийлж ажилласан. Энэ нь эргээд нийгэмд, жирийн бизнес эрхэлж байгаа хүмүүст хэрэгтэй. “Шударга ёс” эвслийн дотоод асуудал дээр гэвэл О.Баасанхүү гишүүн өөрөө хэлсэн байна лээ. Гэр бүл дотроо муудалцаад маргааш нь салаад явчихдаггүй гэж. Тодорхой асуудал дээр санал зөрж муудалцах зүйл гарна.

-Үндсэн хуулийн өөрчлөлт болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Танай намын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-1992 оноос хойш мажоритар, пропорциональ тогтолцооны бараг бүх хувилбараар саналаа өгч үзлээ. Манайд одоо нэг л зүйл дутагдаад байна. Тэр нь тогтвортой байдал. Сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөхөөр нийгмийн тогтворгүй байдал үүсчихдэг. Сонгууль болгоны өмнө сонгуулийн хуулийг өөрчилнө гэдэг хамгийн буруу жишиг. Хэдийгээр манай намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийн саналыг өргөн барьсан ч гэлээ тогтвортой байдал хамгийн чухал. Одоогийн хуульд нэг ноцтой зүйл ажиглагддаг. Тэр нь Үндсэн хуулиар хувь хүн сонгоно гээд заачихсан байхад намын жагсаалтаар сонгоод байгаа асуудал. Үүнийг засаж болох юм. МАХН 38 нь намын жагсаалт, 38 нь тойргоос сонгогдох хувилбарыг оруулж ирж байгаа. Гэхдээ нам дотроо эрэмбэлээд жагсаалтаа оруулчихъя. Иргэд намыг сонгохдоо жагсаалт дотроос хувь хүнийг нь сонгочихно. Тойргоос, бас жагсаалтаас хүнээ сонгоно гэсэн үг. Тэгэхээр иргэдийн өгсөн саналаар намын эрэмбэ шинээр гарч ирнэ. Ингэхээр Үндсэн хууль зөрчиж байгаа хувь хүнийг сонгохгүй байна гэх асуудал байхгүй болчихож байгаа юм. Үндсэн хуулийн тухайд өөрчлөлтийг энэ парламент хийх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

-Яагаад?

-Үндсэн хуулийн хямрал болох юм бол тухайн улс гүрэнд дайн дажин гардаг. Бидний жишээ авах дуртай америкчууд л гэхэд Үндсэн хуульдаа гар хүрэлгүй хоёр, гурван зуун жил яваад байдаг. Асуудлын учир Үндсэн хуульдаа ч байдаггүй. Хуулийг дагаж мөрдөж байгаа субьектууд өөрсдөө дагаж мөрдөхгүйгээс болж гарсан хариуцлагагүй байдлаа нуухын тулд Үндсэн хууль руу орж байна. Дөрвөн жил улсаа удирдахдаа эдийн засгаа унагаж, хөрөнгө оруулалтаа дайжуулчихлаа. Шударга бус байдлыг бий болгочихлоо. Үүндээ хариуцлага хүлээхгүйн тулд Үндсэн хууль болохгүй байсан байхгүй юу гэх мессэж оруулж ирж байна. Оруулж ирж байгаа өөрчлөлтүүдийг нь харахаар бас л өөрсдийнхөө эрх мэдлийг баталгаажуулсан зүйл заалт оруулаад байдаг. Засгийн газрын яамдын тоо ес байна л гэнэ. УИХ Засгийн газраа байгуулаад 90 яамтай байсан ч болно. Үнэхээр тэд ажиллаж чадаад улс эх орноо хөгжүүлж байвал хэдэн яамтай ч байж болно шүү дээ. Яагаад ч ес гэсэн тоо гаргаад байгаа юм. Үнэхээр өөрчилье гэвэл ийм богино хугацаанд асуудлыг шийдэж болохгүй л дээ. Жирийн малчин айл, гэр хороололд амьдарч байгаа хүмүүс ямар өөрчлөлт орох гээд байгааг мэдэхгүй байгаа. Ямар ч мэдээлэлгүй байгаа хүмүүс юу гэж саналаа өгөх юм бэ.

-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд сониноор сурталчилгаа явуулахыг хориглосон. Та эрх баригч намын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Сонгогчдын сонгох эрхэд шууд халдаж байгаа гэсэн үг. Дөрвөн жилийн турш зурагтаар гарсан хүмүүс зөвхөн өөрсдийгөө сонгуулах ажил хийж байна. Сонгох, сонгогдох эрхийн аль, аль нь зөрчигдөх гээд байгаа. Өнөөдрийн улс төрийн байдлыг өөрчилье, цоо шинэ нийгэм байгуулъя гэсэн залуусын хүнд танигдах боломжийг хааж байна. Танихгүй хүнийг хэзээ ч сонгохгүй шүү дээ. Олонд танигдах боломжийг уг хуулиар хаах гэж оролдож байна. Өөрсдийнхөө барьж буй засаглал, одоо сууж буй суудлыг хадгалж үлдэх сонирхол хуулийн ард байна. Нөгөөтэйгүүр, бүх мэдээлэл хүссэн хүндээ ганцхан минутын дотор хүрч байхад сонгуулиар сонин дээр сурталчилгаа явуулахгүй байна гэдэг бол ардчиллыг сонгосон 25 жилийнхээ ололт амжилтаас зуун хувь ухарч байгаа хэрэг. Дайн болж байгаа улс оронд сонин гаргахыг хорьдог шүү дээ. Мөн коммунист улсад үзэл суртлын хэлтсээр ороогүй бол сонин гаргахыг хорьдог. Ардчилсан улсад хэн нь юу дуртайгаа хэвлэн нийтлэх эрхтэй. Бид 25 жилийн өмнө ийм нийгэмтэй болох гэж сонголтоо хийсэн. Сонгогчид, өрсөлдөх гэж буй хүмүүс, дээр нь сонин хэвлэлүүд ардчиллыг хамгаалахын төлөө тэмцэх хэрэгтэй. Ардчиллыг устгаж байгаа хүн хэн бэ гэвэл эргээд ардчилсан намынхан өөрсдөө болчихоод байна. МАХН хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө зүтгэнэ.

-Сар хүрэхгүйн өмнө МАН болон МАХН-ын ахмадууд хоёр нам нэгдэж ирэх сонгуульд оролцох хэрэгтэй гэж өргөх бичиг барьсан. Гэвч түүнээс хойш олон таагүй үйл явдал боллоо…

-Аливаа зүйлийн цаг хугацаа давхцана, давхцана гэхэд ийм байж болохооргүй мэт. Гэвч хоёр намын ахмадууд өргөх бичиг барьсан цаг үетэй давхцан Г.Шийлэгдамба даргыг баривчилсан нь хардах сэтгэл эрхгүй төрүүлж байгаа. МАН-ын ахмадууд бидэнтэй ирж уулзсан. Бид гүйцэтгэх товчоогоороо ахмадуудынхаа саналыг нээлттэй авч хэлэлцсэн юм. МАХН-ын дарга “Бидэнд сонгуульд оролцох дөрвөн хувилбар байна” гэдгийг хэлсэн. Нэгдүгээрт, МАХН дангаараа орж болно. Хоёрдугаарт, бусад буюу МАН, АН-аас өөр улс төрийн хүчинтэй нэгдэж эвсэл болж оръё. Гуравдугаарт, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж явсан утгаараа хамтаръя. Дөрөвдүгээрт, МАН-тай хамтрах. МАХН-ыг удирдаж байсан ахмад өргөх бичиг барилаа шүү дээ. Тэд юу гэсэн бэ гэхээр ирэх оны сонгуульд МАН-тайгаа хамтарч оролцсон нь зөв шүү гэж зөвлөсөн. Ахмадуудынхаа хүсэлтэд бидний зүгээс нээлттэй хандаж байна гэдгээ хэлсэн. Гэхдээ үүнийг МАН-ын удирдлага хүсэж байна уу, үгүй юу гэдэг том асуудал. Тэгэхээр МАН-ын удирдлагаас хамтрах эсэхийг асуугаач гэх хүсэлтийг бидний зүгээс хариу тавьсан даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *