МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сонгуулийн ерөнхий хорооноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших эрхтэй гэж мэдээлсэн. Н.Энхбаяр дарга Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших үү?
-Нөхөн сонгуульд МАХН албан ёсоор оролцоно. Н.Энхбаяр даргыг нэр дэвшинэ гэсэн хүлээлт бий. Эцсийн шийдвэрийг намын удирдах байгууллага гаргана. Миний хувьд Н.Энхбаяр даргыг нэр дэвшээсэй гэж хүсч байгаа. Үүнийгээ ч өмнө нь мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэцээс өмнө нь зарлагдсан нөхөн сонгуулийг хойшлуулсан. Энэ бол төрийн хямралын бас нэгэн илрэл. Цаг хожих тактикийн үүднээс хойшлуулсан хэрэг. Хэнтий аймгийн нийт сонгогчийн эрх ашгийг биш, өөрсдөдөө давуу тал бий болгох үүднээс цаг хожсон ч аргагүйн эрхэнд нөхөн сонгууль зарлалаа. Нөхөн сонгууль болох уу, үгүй юу гэдгийг бас хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл өмнө нөхөн сонгуулийн товыг зарлаад оролцох хүсэлт гаргасан намуудад батламж гаргачихаад сүүлд нь болиулж чадсан. Тэгэхээр үүн дээр болгоомжтой хандахгүй бол юу ч гаргаж ирэхийг таашгүй ийм л засаг төртэй байна даа. Ийм төрийн бусармаг үйл ажиллагааг зогсоох, ядаж дотроос нь мэдээлэл өгч, дуу хоолойгоо хүргэж байх үүднээс МАХН нөхөн сонгуульд оролцоно. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэдийн дуу хоолойг парламентад байлгах ёстой. Дараагийн УИХ-ын гишүүний бүрэн эрх баталгаажсэнаар өмнөх гишүүний эрх хүчингүй болно гэсэн заалт бий. Энэ нь иргэд УИХ-д төлөөлөлгүй байж болохгүй гэсэн санаа юм. Төрд байгаа нөхдийн шийдвэрээс болж иргэд нэг, хоёр жил УИХ-д төлөөлөлгүй байх нь энгийн үзэгдэл боллоо. Тиймээс энэ сонгуулийг яаралтай зохион байгуулах ёстой.
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хууль бус байсныг та сая хэллээ. Үүнийг тодруулахгүй юу?
-Төрийн жинхэнэ албан хаагч ээлжит сонгуулиар нэр дэвших бол нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх ёстой гэсэн заалттай. Харин ээлжит бус сонгуульд нэр дэвших тохиолдолд тодорхой заалт байгаагүй. Ээлжит бус сонгууль болохыг урьдчилан таагаад нэгдүгээр сарын 1-нд ажлаа өгдөг нэр дэвшигч гэж байхгүй шүү дээ. Ийм ойлгомжтой зүйлээр шалтаглаж Хэнтий аймгийн сонгогчдыг хоёр жил төлөөлөлгүй байлгалаа. Цэцийн шийдвэрийн тухайд асуудлыг шийдэх биш, нөхөн сонгуулийг яаж гацаах вэ гэдэгт л байсан. Үндсэн хуулийн Цэц тэнд ажиллаж байгаа хүмүүсээс шалтгаалан нэг асуудалд хоёр, гурван өөр шийдвэр гаргадаг. Улстөрчид, бүлэглэлийн захиалгаар шийдвэр гаргадаг байгууллага болчихсон. Үндсэн хуулийг сахиулах ёстой Цэц ийм болчихоор түүний дараа дараагийн түвшний хууль, шүүхийн байгууллагууд хариуцлагагүй тогтолцоонд шилжиж байна. Сонгуулийн пропорциональ системийг Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг хоёр удаа гаргасан. Гэтэл дараа нь гурав дахь дээрээ зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргаж байх жишээтэй.
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН-ын дотоод хуваагдлаас болж улс төрд олон үйл явдал болж өнгөрлөө. 60 тэрбум, МАНАН-гийн эсрэг тэмцэл, жагсаалын үр дүнд М.Энхболд суудлаасаа огцорсон. Гэтэл М.Энхболд огцорлоо гээд МАНАН арилахгүй гэдгийг олон нийт хэлж байна. Үүн дээр танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Э.Эрдэнэжамьян хуульч анх 60 тэрбумын хэргийг гаргаж тавьсан. Үүнийхээ төлөө түүнийг уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргаж байх жишээтэй. Энэ тэмцлээ Э.Эрдэнэжамьян хуульч зогсоогоогүй. УИХ-ын 40 гишүүн ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь саяны үйл явдлаар тодорхой боллоо. Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудал, Таван толгойн асуудал гээд олон зүйл дээр энэ УИХ тодорхойгүй байр суурьтай байгаа. Энэ нь мэдээж төрд гарсан МАНАН бүлэглэлийн хаацайлалт, хамгаалалттай холбоотой. Манай намын зүгээс энэ бүгдтэй холбоотой хэд хэдэн мэдэгдэл гаргасан. Үүний нэг нь УИХ тарах ёстой, МАНАН дэглэм тарах ёстой гэсэн шаардлага юм. Түүнээс биш хоёр хуваагдаж талцаад үүнийгээ МАНАН-гийн эсрэг тэмцэл мэт харагдуулж байгаа нь буруу гэсэн байр суурийг бид илэрхийлсэн. Жинхэнэ МАНАН-г барья гэвэл сайд дарга нар, шударга бусын хонгилыг бий болгож буй шүүхийн байгууллагынхныг ил болгох ёстой. Сонгуулийн хуулиар дамжуулж намуудыг худалдаж авдаг бүлэглэлүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох ёстой юм. Энэ үүднээс хямралыг давах, МАНАН-г арилгах гол гарцыг шинэ Дээд хуулийн төсөл гэж үзэж байгаа. Үүнийг бүх ард нийтээр хэлэлцэж батлахын тулд Ардын түр хурлыг байгуулах ёстой. Ардын түр хурал шинэ Дээд хуулийг баталснаар энэ бүхэн арилна. Өөр хэн ч, ямар ч хүн гарсан МАНАН-гийн системийг нураахад хэцүү. Саяны энэ тэмцэл, жагсаал шиг бийлэгжүү, цагдаагийн харуул хамгаалалт зохион байгуулалт дор хийдэг жагсаалыг анх удаа харлаа. Байгалийн баялгийг гадныханд зарж, тэр дундаасаа хөлжих ёсгүй. Оффшорт мөнгө хийх ёсгүй. Хийсэн мөнгөө оруулж ирэх ёстой. МАНАН бүлэглэлийг хамгаалдаг хууль шүүхийн байгууллагад үүрлэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Ард түмний парламентад итгэх итгэл алдарсан гэдгийг олон хүн хэлж байна. Үүнийг сэргээхийн төлөө ажиллана гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Үүндээ хүрч чадах болов уу?
-Тодорхой хэмжээгээр нам дотроо тэмцээд албан тушаал дээрээ очлоо. Үнэхээр МАНАН бүлэглэлийг байгуулсан системийг нураахын төлөө ажиллах уу, эсвэл албан тушаал аваад сэтгэл нь ханах уу гэдгийг цаг хугацаа харуулна.
-МАХН-ын зүгээс нийгэмд үүрлээд буй шударга бус зүйлстэй тэмцэхийн тулд цаашид ямар ажил хийх вэ?
-Улс төрийн нам үзэл баримтлалтай байх ёстой. Түүнийгээ дагасан мөрийн хөтөлбөртэй байдаг. Бидний хувьд үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө боловсруулж дууссан. Үүнтэй холбогдуулж, одоогийн хямралаас гарахын тулд 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийг шинээр бичих ёстой. Түүнээс биш одоогийн МАН-ын барьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явбал энэ байдал олон жилээр үргэлжилнэ. 1992 оны Үндсэн хуулийг бичиж байсан хүмүүс маань хэн нэгэн эрх мэдэлтэн гарын үсэг зураад Монголын баялгийг харийнханд өгчихнө гэж бодоогүй байх. Одоогийн УИХ-д итгэх нөхцөл алга. Бид байтугай өөр хоорондоо итгэдэггүй ийм нөхцөлд Ардын их хурлыг байгуулж өгөөд УИХ тарах хэрэгтэй. Манай намын зүгээс маш тодорхой зүйл заалт бүхий Дээд хуулийн төслийг боловсруулсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн ард иргэдийн саналыг авч байгаа. Энэ хуулийн төслийг хайрцаглаж хэлбэл байгалийн баялаг хэний мэдэлд байх, төр ард түмний хоорондох харилцаа ямар байх вэ гэдгийг тодорхой тусгасан. Иргэндээ тогтвортой ажлын байр, төрөөс боловсрол, эрүүл мэндийн бүрэн бие даасан системийг бий болгох, орон сууцны асуудлыг төр тодорхой механизмаар зохицуулахыг Үндсэн хуулийнхаа агуулгад зүйл заалт болгон тусгасан.
-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр товлосон. Харин таны ярианаас МАХН энэ төслийг дэмжихгүй байгаа гэж ойлголоо?
-Энэ төслийг бид 100 хувь эсэргүүцэж байгаа. Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд гэсэн заалт байхгүй. Харин төрийн мэдэлд байна гэж заасан. Ямар нэгэн бүлэглэл улс төрийн намыг санхүүжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн эрх мэдлийг авдаг. Улмаар төрийн мэдлийг авсан нөхдүүд өөрсдөдөө зориулж хууль баталж, байгалийн баялгийг өөрсдийн компани, ашиг сонирхлын бүлэглэл, эсвэл гадныханд худалддаг. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ тухай заалт нэг ч байхгүй. Х.Баттулга гэж хүний эрх мэдлийг яаж хумих вэ, яаж Ерөнхий сайд дээр эрх мэдлийг төвлөрүүлэх вэ гэдэг дээр өөрчлөлт хийх гээд байгаа юм. Энэ өөрчлөлт монголчуудын хүсээд байгаа ирээдүйд хэрэг болохгүй. Дээр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хийсэн арга нь буруу. Сугалаагаар сонгогдсон хүн нь үг хэлэх эрхтэй, хуулиар судалгаа хийгээд эксперт болчихсон хүн нь санал оруулах эрхгүй ийм хэлэлцүүлэг байх ёсгүй. Хоорондоо учраа олж чадахгүй байгаа нөхдөд Монгол Улсын гурван сая гаруй иргэний цаашдын хорь, гучин жилийн амьдралыг шийдэх Үндсэн хуульд гар хүрэх нь буруу. Ер нь энэ парламент аливаа хуулийг хэлэлцэх ёс зүйн эрхгүй.
Э.ЯНЖМАА