Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэвэгмид: Торгуулиа төлөөгүй жолооч нар зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан биш DNN.mn


Инженер Б.Цэвэгмидтэй ярилцлаа.


-Авто оношилгоонд хамрагдаагүй, замын хураамж төлөөгүй тээврийн хэрэгслүүдийг товчоодоор нэвтрүүлэхгүй байх журам энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэллээ. Иргэдийн зүгээс янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Таны тухайд энэ шийдвэрийг яаж харж байна вэ?

-RFID гэх технологи нэвтрүүлж товчоодоор орж буй тээврийн хэрэгслүүдийг бүрэн хянаж үзлэг, оношилгоонд ороогүй, замын хураамж төлөөгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх журам хэрэгжиж эхэлсэн юм билээ. Үзлэг оношилгоонд ороогүй, замын хураамж төлөөгүй тээврийн хэрэгсэл Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцох ёсгүй. Дээрх шийдвэр бол хотоос гадуур тээрийн хэрэгсэл жолоодоход оношилгоонд орох эсэх нь огт хамаагүй гэж хэлж байна. Манайх тусгаар тогтносон улс. Бүх газар нутагт хууль дүрэм ижил тэгш үйлчлэх учиртай.

-Торгуулиа төлж барагдуулаагүй тээврийн хэрэгслийн зорчих эрхийг хязгаарлах асуудал яригдаж байна.

-Торгуулиа төлөөгүй бол товчоодоор оруулахгүй байна гэсэн асуудал байж болохгүй. Ямар ч тохиолдолд торгуультай тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлах эрх тэдэнд үүсэхгүй. Торгуулиа цуглуулж авч чадахгүй байна гэдэг төрийн арчаагүй байдал.

Торгуультай тээврийн хэрэгсэл товчоодоор нэвтрүүлэхгүй гэж байгаа бол хүний эрхэд халдсан, хууль бус үйлдэл. Торгуультай тээврийн хэрэгслийг зорчих хөдөлгөөнд оролцуулахгүй гэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Жишээ татаад ярья л даа. Би торгуультай байж болно. Надад захиргааны арга хэмжээ л авагдсан. Тэрнээс биш би ялтан биш. Зорчих эрхийг хязгаарлах ял надад оноогоогүй. Оношилгоондоо орж, татвараа төлсөн бол торгуультай, торгуульгүйгээс эс хамаарч зорчих эрхтэй. Шүүхийн шийдвэрээр л хүний зорчих эрхийг хязгаарладаг. Шүүхийн шийдвэргүйгээр дураараа зорчих эрх хязгаарлах эрх эд нарт байхгүй. Шүүхээс ял авсан хүний л зорчих эрхийг хязгаарладаг болохоос биш захиргааны зөрчил гаргаж, торгуулиа төлөөгүй хүний зорчих эрх хязгаарлах хууль дүрэм хаана ч байхгүй. Ингэж хүний эрхэд халддаг асуудал хаана ч байж болохгүй.

-Дураараа дугаарын хязгаарлалт тогтоож торгодог үзэгдэл гаарч байна. Энэ тухайд?

-Энэ бол төрөөс явуулж буй хууль бус үйлдэл. Нэгдүгээр эгнээгээр зорчлоо гээд торгодог. Энэ ч ялгаагүй хууль зөрчсөн үйлдэл. Тусгай эгнээг чөлөөлөх инженерийн шийдлийг гаргаагүй, буруу гаргачихаад иргэдийг торгоод байж болохгүй. Манайх НҮБ-д элсчихээд ингэж дураараа дүрэм гаргаад иргэдийг торгож байгаа үйлдлийг гайхдаг юм. Олон улсын конвенцод элсчихээд үүнийгээ илтэд зөрчөөд байгаа үйлдэл. Иргэд нэгдүгээр эгнээгээр зорчиж торгуулсан бол төлөхгүй байх хэрэгтэй. Энэ бол төрөөс явуулж байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн.

-Цагдаа нар булан тохойд нуугдаад анаж зогсож байгаад л “Хурд хэтрүүллээ” гээд шууд торгочихдог үзэгдэл бий.

-Би Улаанбаатарт боломжтой газар нь 80 хүртэлх км цагийн хурдтай явдаг. Ингээд торгуулсан тохиолдолд би хэзээ ч төлөхгүй. Хаана ч, ямар ч нөхцөлд өөрийгөө хамгаалж чадна. Эд нар хот суурингийн гаднах хөдөлгөөн зохион байгуулалтын хурдны горимыг хот дотроо хийчихээд иргэдийг 60 км.ц-аас дээш хурдтай явлаа гэж торгож байгаа нь илтэд хууль бус үйлдэл. Би энд торгууль төлөхгүй. Иргэд ч үүнийг маш сайн мэдэж байх ёстой. Төрийн хууль бус ажиллагааг өөгшүүлж, хүлцэнгүй байж болохгүй санагддаг юм. Шаардлага тавьж байх хэрэгтэй.

-Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход цахим гэрчилгээ олгох талаар мэдээлэл байна лээ. Товчхондоо машинд нь төхөөрөмж суулгаад явсан км тутмаас нь татвар авах зохицуулалт нэвтрэх юм уу даа. Орон нутгийн тээврийн хэрэгслээс бол км тутамд нь 45 төгрөгийн татвар авах юм билээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Байж болохгүй асуудал. Би Улаанбаатар хотын авто замыг бүрэн ашиглана гээд жилийн хураамжаа төлчихсөн. Дээрээс нь нэмж төлбөр нэхнэ гэдэг юу гэсэн үг вэ.

Хоёрдугаарт, RFID гэж төхөөрөмжөөр бидний явсан км-ийг тогтооно гэж байгаа юм. Би, чи бүгд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс биш. Энэ төхөөрөмжийг суулгаснаар явсан маршрут ил болно. Үүнийг мөрдөх ажиллагаа, гүйцэтгэх ажиллагаа гэж нэрлэдэг. Цахим гэрчилгээ авснаараа нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар гэж хүний гүйцэтгэх ажиллагааны объект болж хувирах нь, бид. Хүний эрхийн талаасаа байж болохгүй ажил. Эд нар хиймэл оюун ухаанаар замын хөдөлгөөнийг удирдаж, зохицуулна гэсэн. Үүний тулд RFID гэж төхөөрөмж нэвтрүүлсэн. Замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар удирдахын тулд тээврийн хэрэгслийг тоолдог. Хаана, хэдэн цагийн үед ямар ачаалалтай байна гэх зэргийг тогтоохын тулд. Харин RFID нь хэн явж байна гэдгийг тоолоод байгаа юм. Үүний хооронд зарчмын том ялгаа бий. Дахин онцлоход, хөдөлгөөн зохион байгуулалтын хүрээнд тээврийн хэрэгсэл тоолох ажил байдаг. Харин хэн явж байгааг нь тоолдоггүй юм. Хүний эрхийн ноцтой зөрчил.

-Дээрх бүх ажлыг замын түгжрэлийн эсрэг л хийж байх шиг. Одоогоор хамгийн том асуудал түгжрэл болоод байна шүү дээ.

-Улаанбаатарын тухайд түгжрэл бол гамшиг болсон. Сая таван зуун мянган иргэнтэй хотод түгжрэлийн нөхцөл байдал ийм дээрээ тулаад байгаа нь авлигад идэгдсэн дарга, гарын үсгээ үнэлдэг албан тушаалтнуудын л гай.

Одоо түгжрэл замын хөдөлгөөн зохицуулдаг дарга нарын бялуу болж хувирсан. Түгжрэл арилгана гээд л мөнгө хувьдаа завшдаг болсон. Түгжрэл арилгах арга хэмжээнүүд дундаас нь үр дүн гарч байгаа зүйл бараг байхгүй. Үүнийг хүн бүр л харж байгаа. Ганцхан нэмэртэй ажил нь Яармаг дахь “Хүннү Молл”-ын урд хийж байгаа явган хүний гарц. Өөр үр дүнтэй ажил алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *