Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженер асан Б.Цэвэгмидтэй ярилцлаа.
-Хүүхдийн хичээл амарсан хөдөлгөөн татардаг үеэр Улаанбаатар хотын төв замууд түгжирч үндсэндээ “0” зогсолт хийлээ. Энэ үзэгдлийг та яаж харж байна вэ?
-Ерөөсөө байгаа байдал нь энэ. Энэ бүхэн ямар ч төлөвлөгөө, зохион байгуулалтгүй явж ирснийг л харуулж байгаа юм. Гарц, шийдэл байхгүй худлаа зүйл ярьж өдөр хоногийг аргацааж яваад л энд хүрч ирлээ. Ийм арга хэмжээ авахад түгжрэл тэдэн хувиар буурна, тийм арга хэмжээ авахад тэгж буурна гэж худлаа хэлж явсаар л үнэнтэй нүүр тулж байгаа нь энэ. Өнгөрсөн хугацаанд бодлого боловсруулж даацтай арга хэмжээ авсан юм юу ч байхгүй байна шүү дээ.
-Цаашид хичээл эхлэхэд ачаалал илүү нэмэгдэнэ. Энэ үед яах вэ?
-Өвлийн улирал эхэлчихлээ. Намар эртсэн бол хөдөлгөөн зохион байгуулах арга хэмжээ авах боломж байсан.
Уулзвар замуудыг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх аль болох хөдөлгөөнд саад учруулахгүй хэвийн явагдах нөхцөлийг хангахын тулд барилгын жижиг засварууд хийгээд л нөхцөл байдлыг дээрдүүлэх боломж байсан. Угтаа бол хөдөлгөөн явуулах хэвийн нөхцөл байдал алдагдахад л түгжрэл бий болж байгаа юм. Гадна дотнын туршлага нэвтрүүлнэ гээд л сүржин ярьсан улс байна. Улаанбаатарын нөхцөл байдалд хөдөлгөөнийг яаж удирдан зохион байгуулаад ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс өөрсдөө л харчих асуудал. Яг энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс энэ ажлыг хийхгүй байгаа болохоор л гаднын туршлага яриад байна. Улаанбаатар 10, 20 сая хүнтэй том хот биш. Өнөөдөр сая гаруй хүнтэй жижигхэн хот олон сая хүнтэй хотын зовлонг л эдэлж байна. Төрийнхөн чинь түгжрэлийг бизнес гээд харчихаж. Сүүлийн хэдэн жил ингэж явж ирлээ. Хамгийн сүүлийн жишээ нь ногоон автобусыг онцолж болно.
Дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн ард ашиг сонирхол байна уу?
-Түгжрэлийг арилгая гэж яриад байгаа ч үүсэж байгаа шалтгаан нөхцөлийг ойлгохгүй байна. Одоо болтол олж тогтоогоогүй. Шалтгааныг нь олж тогтоогоогүй мөртлөө 20, 30 сая хүн амтай хотын хамгийн их хөрөнгө оруулалт шаардлагатай арга хэмжээнүүдийг Улаанбаатар хот руу оруулж хэрэгжүүлэх гээд байна. Түгжрэл үүсч байгаа үндсэн шалтгааныг нь олж тогтоолгүй ямар ч өндөр төсөвтэй арга хэмжээ авч хэрэгжүүлээд үр дүнд хүрэхгүй. Аливаа өвчнийг эмчлэхдээ эхлээд оношийг нь тодорхойлог. Ингээд шаардлагатай эмчилгээ хийдэг. Үүнтэй яг ижилхэн. Өнөөдөр шалтгаан бус үр дүнтэй нь тэмцээд байгаа юм. Магадгүй энэ нь цаанаа өөр ашиг сонирхолтой байж болно. Түгжрэлд хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулж байгаа билээ. Нүдэн дээр гүүр, байгууламж хийгээд л байдаг. Энэ нь аманд багтахгүй өндөр төсөвтэй. Үүний цаана том бизнес явж байх боломжтой. Өнөөдөр дан ганц автобус дээр л илэрч байгаа болохоос бусад тендерүүдийн ард бизнесүүд л явж байгаа. Энд RFID-ыг онцолж болно. Би ингэж л харж байна.
-RFID буюу цахим гэрчилгээг нэвтрүүлснээр замын хөдөлгөөнийг цэгцэлнэ гэх байр суурийг нийслэлээс илэрхийлж байгаа шүү дээ. Үүгээр оношилгоонд ороогүй, өндөр торгуультай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана гэж байгаа…
-Үүнийг хэрэгжүүлсэн хэрэгжүүлээгүй гудамж, замын хяналт шалгалтаар илрүүлж болох ажил. Үүнийг хэрэгжүүлэхгүй заавал өндөр үнэтэй төхөөрөмж суулгахаар улайраад байна. RFID гэдэг бол “Бодь” группийн л бизнес. Зам тээврийн яамны газрын дарга нь “Бодь электроникс”-той хамтарч байгаа талаараа хэлсэн. Төрийн захиргааны төв байгууллага аж ахуйн нэгжтэй хамтраад ийм ажил хийж байгаа нь ямар учиртай юм. Төрийн захиргааны төв байгууллага ААН-тэй хамтрахаараа эрх мэдлээ далайлгаж наалт тараахаас өөр юу хийх юм бэ. Тухайн ААН-ийг дэмжсэн л үйл ажиллагаа явуулж байна. Ээлжит бүлэглэл нь л бизнес хийж байна. Та санаж байгаа бол таван уулзварт шар тэмдэглэгээ байрлуулахад түгжрэл 70 хувь буурна гэж хэлээд л 200 сая төгрөг аваад алга болсон. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа билээ. Ингэж л бизнес хийдэг.
-Саяны “0” зогсолтыг зохион байгуулалттай байсан гэх байр суурийг ч илэрхийлэх хүмүүс байна…
-Бодит байдал нь л энэ. Арай хэтэрсэн хар байх. Хэд хоногийн өмнөөс замын гадаргууд гулгаа үүссэн. Ингээд хөдөлгөөний хурд саарч нөхцөл байдал хүндэрсэн. Яг үнэндээ суганы булчирхайгаа цочтол хөдөлгөөн зохицуулсан цагдаа нар ядарсан байх. Цаашид түгжрэлийн нөхцөл байдал илүү хүндэрнэ. Төлбөртэй бүс тогтоолоо гээд өргөс авсан юм шиг түгжрэл арилахгүй. Хэсэг хугацаанд хуураад сонгууль хүргэх л асуудал.
-Одоо тэгвэл яах вэ?
-Түгжрэл арилгана гэдэг инженерийн арга хэмжээ. Сайн зохион байгуулалт байхад түгжрэл өөрөө л алга болно. Хуулиар зохицуулна гэхэд миний санаанд буухгүй байна. Жишээ нь 90 мянган машин хойноос 32-ын тойргоос орж ирж байгаа талаар Засаг даргын орлогч Б.Сайнзориг хэлж байна лээ. Энд 500 машины зогсоол хийнэ гэж байгаа. Үүнийгээ түгжрэл бууруулах ажил гэж хэлээд байгаа юм. Бүтэхгүй.
-Тэгш, сондгойгоор ялгаж явуулахаас өөр арга зам үлдсэнгүй юу?
-Тэгш сондгой чинь арга биш л дээ. Хэрвээ хэрэгжүүлэх дээрээ тулбал ТЦА-ны алба хаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлэх ёстой. Хичээлийн шинэ жилийн үеэр хэдхэн цагдаа сунаж унатлаа зогссон. Хэрэв тэгш сондгойгоор явуулбал цагдаа нар сайндаа л 14 хоног зогсох байх. Үүнээс урт хугацаанд чадахгүй. Эд нар чинь робот биш. Өлсөнө, даарна, өвчин тусна. Тэгш сондгойгоор явна гэж заагаад орхичихвол нэг ч хүн мөрдөхгүй. Яагаад гэвэл ийм зохицуулалт манайхаас өөр хаана ч байхгүй. Дарга нарын санаанаасаа зохиосон хууль бус үйл ажиллагаа. Монгол Улсад замын хөдөлгөөнтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулдаг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль бий. Үүний хажуугаар замын хөдөлгөөнтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулдаг Түгжрэлийн хууль оруулж ирж байна. Нэг нийгмийн харилцааг хоёр хуулиар зохицуулж болдог юм уу, үгүй юм уу. Үүнийг хуульчид л мэдэх байх. Түгжрэлийн хууль нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуультайгаа зөрчилдөж л байна лээ. Үүнийг том хуульчид олж харж байгаа байлгүй дээ. Цаашид уулзвар замуудын нэвтрүүлэх чадварыг л сайжруулах хэрэгтэй.
О.ДАШНЯМ