“Дэд бүтэц консул” ХХК-ийн ерөнхий инженер Б.Цэрэндоржтой ярилцлаа.
-Н.Содномын гудамжны зам засварын ажил хэзээ эхэлсэн бэ. Наадмаас өмнө амжиж дуусгахаар ажиллаж байна уу?
-Энэ гудамжны км гаруй зам засварын ажлыг зургадугаар сарын 9-ний өдөр эхлүүлэхээр төлөвлөөд байсан юм. Авто зам болон явган хүний замд иж бүрэн засвар хийхээр төлөвлөгөө гаргаад ажлаа эхэлсэн. Энэ жил шинэчлэл хийх төлөвлөлтөд орсон 14 замын нэг нь энэ л дээ.
-Өнөөдрийн байдлаар зам засварын ажил бараг дуусах шатандаа оржээ. Хар зам дээгүүр хэдэн өдөр асфальт цацаад л богино хугацаанд засварын ажил цэгцэрчихэж. Зам засвар тайгаа зуны турш зууралддаг цаг ард үлдсэн үү. Шинэ технологи нэвтрүүлэв үү?
-Бид төлөвлөсөн хугацаандаа ажлаа эхлүүлж чадаагүй. Зургадугаар сарын 9-ний өдөр ажлаа эхлээд л бүх техникийн бичиг баримтуудаа бүгдийг нь хураалгачихсан.
-Яагаад. Аль болох богино хугацаанд дуусгаад л замаа нээх чиглэл Зам тээврийн яамнаас та бүхэнд ирдэг биз дээ?
-Бидний ажлаа эхлүүлэх зөвшөөрөл шууд л гараад ирсэн. Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтсээс зам хаах шийдвэр гарч ирдэггүй. Шалавлаад ажлаа эхэлтэл тэр дор нь бидний бичиг баримтыг хураагаад авчихдаг юм. Ингэж гурав хоногийн хугацаа алдаж зургадугаар сарын 12-ны өдөр ажлаа дахин эхлүүлсэн. 20 орчим хоногийн хугацаанд үндсэн ажил цэгцэрчихлээ. Наадмаас өмнө хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зарим тохиолдолд цагаа сунгаж ч ажиллах тохиолдол байна.
-Хугацааны тухайд шуурхай явжээ.
-Км гаруй замын засвар таны хэлж байгаагаар бүтэн зуныг авдаг цаг ард үлдсэн л дээ. Аль болох шуурхай хийгээд л замын хөдөлгөөнөө нээхийг л бодно. Гэлээ гээд улсын мөнгөөр гүйцэтгэж байгаа ажилд хайнга хандаж, чанаргүй бүтээн байгуулалт хийж болохгүй.
-Техник ч гэрлийн хурдаар хөгжиж байна л даа.
-Эрин зуун нь юм даа. Зам засварын ажилд хугацаа алддаг байсан үе саяхан. Тухайн үед зам засварын ажлын хэрэглэх техник тааруу байсантай холбоотой. Өнөөдөр өөр болсон. Зам засварын ажилд олон улсын шаардлага хангасан техник, тоног төхөөрмжтэй, чадварлаг боловсон хүчинтэй компаниуд шалгардаг болсон. Зам засварын ажлын явцад иргэдийн зүгээс янз бүрийн хандлага гаргах юм. “Эдийн засаг ийм хүнд үед зүгээр байсан замын хашлагыг хуу татлаа. Мөнгө угааж байна та нар” гэх ч юм уу. Бидний тухайд улсын төсвөөр бүтээн байгуулалт л хийж байгаа улс. Дундаас нь авч идэж уудаг асуудал огт биш. Үүнийг зөвөөр ойлгоосой гэж бодох юм.
-Хар зам тавих хялбар болсон уу. Технологи нь өөрчлөгдсөн үү?
-Улсын стандартын дагуу л тавигдаж байгаа. Та өөрөө материалуудыг үзэж болно. Замын инженерээр нь ажиллаж байгаа хүний тухайд 10 жилийн баталгаа өгнө. Энэ хугацаанд засвар үйлчилгээ хэрэггүй. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөл байдал амар биш байгааг та ойлгож байгаа. Гэсэн ч баяр наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байна. Баяр наадмын амралтын өдрүүд эхэлчихвэл төрийн байгууллагууд амраад явчихдаг шүү дээ. Тодорхой хэмжээнд хугацаа алддаг. Энэ ажлаа хүлээлгэж өгөөд дараагийн ажил шилээ дараад хүлээж байгаа.