Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Цэнгэлбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Он гарснаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсан уу?
-Он гарснаар Хан-Уул дүүрэгт нөхөр нь эхнэрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж галын төмөр халааж, биеийг нь хайрсан хэрэг гарсан. Сонгинохайрхан дүүрэгт ээж нь хүүхдийнхээ биеийг таван удаа зүсэж, гэмтэл учруулсан. Налайхад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хоёр үйлдэл бүртгэгдэж, шалгагдаж байна. Мөн өнгөрсөн сарын 26-нд ээж нь 13 настай хүүхдийнхээ гуяных нь тус газарт хутгалсан хэрэг гарсан. Эдгээр хэргүүдийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч байна.
-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас ямар хохирол учирсан бэ?
-Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 36220 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээрээс 1070 нь буюу нийт гэмт хэргийн 0.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 16.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Нийт гэмт хэрэгт 791 хүн өртөж, хохирсон. Үүний 92.4 хувь нь эмэгтэйчүүд, 7.2 хувь нь хүүхэд, 1.2 хувь нь эрэгтэйчүүд. Эрэгтэйчүүдээс өндөр настай, халамжид байдаг хүмүүс хохирдог. Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 5821 зөрчил шалган шийдвэрлэсэн. Нийт 3680 хүнийг баривчилсан. 74 хүнд 10.7 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.
-Гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа шалтгаан нь юу юм бол?
-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 382 буюу 35.7 хувь нь согтуугаар, 63 буюу 5.9 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгджээ. Хүчирхийллийн хэрэг даваа, мягмар, пүрэв гаригуудад ихэвчлэн үйлдэгддэг. Ихэнхдээ оройн 22.00 цагаас өглөөний зургаан цагт үйлдэгдсэн байдаг. Нийт гэмт хэргийн 923 буюу 86.4 хувь нь гэр, орон сууцанд гарчээ. Ахуйн хүрээнд үйлдэгддэг. Цоожтой хаалганы цаана нуугдмал үйлдэгддэг. Гэр бүлийн хүчирхийллийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлддэг. Мөн гэр бүлийн гишүүдийн хувийн таарамжгүй харилцаа, эдийн засгийн байдал, ажилгүйдэл, хардалт, бусад өмч хөрөнгийн маргаантай нөхцөл зэргээс хамаарч байна. Олон төрлийн шалтгаан бий. Гэр бүлийн амьдрал олон харилцаан дээр тулгуурладаг. Маргаан, зөрчил юунаас ч хамаарсан байж болзошгүй. Үүнийг ухаалгаар шийдвэрлэж чадахгүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл гарах шалтгаан болдог юм.
-Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг гэр бүлийн гишүүнээс нь асууж, санал хүсэлт авч, ял оногдуулсан тохиолдол бий юу?
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүрт цагдаагийн алба хаагч очиж, аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Аюулын зэргийн үнэлгээ гэдэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг тодорхойлох зорилгыг агуулдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 35.4 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Дуудлага, мэдээлэл хүлээн авсан цагдаагийн алба хаагч эхний ээлжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдэд албадан эрүүлжүүлэх ажиллагааг явуулна. Энэ нь 24 цаг үргэлжилнэ. Ингээд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ойр дотны аав ээж, ах дүү, найз нөхдийнх нь хамгаалалтад ихэвчлэн хүлээлгэж, орхидог. Шаардлагатай гэвэл түр хамгаалах байранд байлгана. Нийслэлийн цагдаагийн газрын харьяа түр хамгаалах байр гэж бий.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ямар хариуцлага оногдуулж байна вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд үйлдлийн шинжээс нь хамаарч шийтгэл оногдуулдаг. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасны дагуу албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7-д заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Зөрчил үйлдсэн этгээдийг 7-30 хоног баривчлах шийтгэлийг шүүхээс эцэслэн оногдуулна. Цагдаагийн алба хаагч хохирогчийн мэдүүлэг, зөрчил үйлдэгчийн мэдүүлгийг тус тус авна. Аюулгүй зэргийн үнэлгээ хийнэ. Гэмтэл, бэртэл тогтоогдвол шинжээчийн дүгнэлт гаргуулж, прокурорын хяналттай, шүүхэд хэргийг шилжүүлдэг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэний биед гэмтэл учруулбал, Эрүүгийн хуулийн 11.7-д зааснаар зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг. Зөрчлийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдвэл эрүүгийн хариуцлага оногдуулдаг.
-Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна?
-Гарч буй асуудлыг бид хамтарсан багаар шийдвэрлэдэг. Энэ төрлийн гэмт хэргийг хүн амын төвлөрөл ихтэй газарт, 30-39 насныхан үйлдэх тохиолдол их болжээ. Бүрэн дунд боловсролтой, ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин үйлдэж байна. Бид ухуулга, нөлөөллийн арга хэмжээ явуулсан. Цагдаагийн байгууллага хүүхдийг хамгаалъя гэсэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг бууруулах, арилгах хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана. Хүүхэд хохирч буй гэмт хэрэг их гардаг. Үүнд нэлээд анхаарал хандуулж байгаа. Өөр төлөвлөсөн ажлууд бий. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэж байна. Үүний зохистой хэрэглээг бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн гэр бүлийн маргааныг ухаалгаар шийдвэрлэж сурах, хувийн таарамжгүй харилцаа зэргээс урьдчилан сэргийлэх ёстой. Иргэн бүр хүүхэд асран хамгаалах үүргээ ухамсарлах нь зүйтэй юм.