Categories
мэдээ цаг-үе

Б.Цэдэнсодном: Батмөнх зааныг лавхан сугадаад л авчихвал учиртай гэж бодож байлаа

Өнөө жилийн улсын их баяр наадмаар тав давж улсын цолны болзол хангасан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат залуу начин Баянзулын Цэдэнсодномтой ярилцлаа.


-Баяр наадмын өмнөхөн болсон Бүх цэргийн баяр наадамд үзүүрлэж бэлтгэл сайн байгаагаа харуулсан. Наадмаар начин болно гэж багцаалж байв уу?

-Өнгөрсөн жилийн 365 өдрийн турш бэлтгэлтэй байсан даа. Барилдаантай өдөр нь Бөхийн өргөө орно. Бэлтгэлийн формоо сайн хадгалсан. Бүх цэргийн наадамд л цол чимгээ ахиулна гэж төлөвлөж бэлтгэл сургуулилтаа хийсэн дээ. Санасандаа хүртэл барилдаж үзүүрлэсэн. Бүх цэргийн наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөх улсын цол авчихаад байдаг шүү дээ. Үүнийг дотроо бодож бэлгэшээж байлаа. Эрэмбээ ахиулаад 40-50 хүний урд гарчихсан болохоор цол авна даа гэсэн зорилготой төрийн наадамдаа бараалхсан.

-Улсын наадамд хэд дэх жилдээ барилдаж улсын цол хүртэв?

-Улсын наадамд хоёр дахь жилдээ л барилдаж байгаа минь энэ. Өнгөрсөн жил анх удаагаа наадмын дэвжээнд гарахад олон хүний өмнө сандарч, биеэ бариад олигтой хөдөлж ч болдоггүй юм билээ. Орой нь ч нойр хүрэхгүй гэгэлзэж, элдвийн юм бодоод тун хэцүү. Нойр муутай хүн ч яаж барилдах билээ дээ. Сая наадмын өмнө нойр хоолондоо ч их сайн байсан шүү. 11-нд хоёр давчихаад бөх гэгч сайхан унтаж амраад л барилдаанаа үргэлжлүүлсэн. Ер нь бэлтгэл сайн байхад ийм, тийм юм бодоод, нервтээд байдаггүй, сайн төвлөрдөг юм билээ. Өөртөө ч итгэлтэй, санасан барилдаанаа л гаргадгийг сая наадмаар ойлголоо.

-Таны “Их Монголын хүчтэн дэвжээ”-нээс улсын цолны тааварт байсан Ж.Наранбаатар, О.Наранбаатар, Б.Лхагвадорж гээд арслангууд бүгд л наадмын эхний өдөр барилдаанаа өндөрлүүлсэн. Мөн дэвжээний тэргүүн бөхчүүдийн нэг Б.Сангисүрэн начин ч энэ даваанд тахим өгч байгаа харагдсан. Энэ нь таны сэтгэл зүйд яаж нөлөөлөв?

-Энэ жилийн тухайд манай аймгийн наадам эрт болсон л доо. Улсын наадамд “Их Монголын хүчтэн” дэвжээнээс 77 бөх барилдсан. Улсын цол авна гэж тооцоолж байсан сайн аймгийн арслангууд маань хоёрын даваанд уначихаар дотор эвгүй болж л байлаа. Яаж хөдөлмөрлөснийг нь нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн болохоор тэр шүү дээ. “Нэг ч гэсэн цол авахгүй бол болохгүй шүү” гэж дотоод хүнтэйгээ яриад л барилдсан даа. Манайхан ч намайг хурцалж зоригжуулж өгч байсан.

-Аймгийн арслангуудад хоёрын давааны оноолт хэцүү гэж бөхчүүд ярьдаг. Таны хувьд Дорнодын Д.Ариунмөрөнтэй оноолт таарсан шүү дээ. Барилдаан ямар болов?

-Улсын цолны төлөө зүтгэж байгаа залуу бөхчүүд энэ даваанд хоорондоо нугардаг. Энэ ч утгаараа бөх сонирхогчдын анхаарлыг татдаг л даа. Би Ариунмөрөнтэй таарч барилдсан. Бид хоёрын барилдааны хэв маяг үндсэндээ яг адилхан. Түрүүлж сугадсан нь л даваа авна гэж тооцоолсон. Гараад л сугадаж мушгиад даваа авсан даа. Өмнө нь заалны барилдаанд нэг удаа өвдөг шороодож байсан. Сая чухал даваанд би даагаа нэхсэн.

-Дөрвийн даваанд та Б.Батмөнх заантай оноолт таарч барилдсан. Ер нь наадмын өмнө энэ оноолтын даваанд хэнтэй барилдана гэж тооцоолж байв?

-Бэлтгэл гайгүй болохоор гурав бол давчихна, ямартай ч оноолтын даваанд гарна гэж дотроо тооцож байгаа юм л даа. Цэргийн наадмаар эрэмбээ ахиулсан учраас арслангуудаас зөрж Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан гээд гардиудтай барилдана гэж төлөвлөж бэлтгэлээ базаасан. Б.Батмөнх заантай оноолт таарснаа сонсчихоод “Зааныг лавхан сугадаад л дайрчихвал учиртай” гэж бодож байлаа. Санасан барьцандаа хүрээд л мэхээ даалгасан даа. Батмөнх ахыг анх удаа л давж үзсэн минь энэ. Өмнө нь өрсөж чадалгүй тахимдуулаад л уначихдаг байсан.

-Начны даваанд нутгийн тань харцага Х.Гантулга амлаж барилдсан?

-Харцага ах маань намайг цаашдаа сайн барилдана гэж итгэл хүлээлгэж цолны даваанд амласан. Итгэлийг нь алдчихгүйн тулд илүү хичээж том цолд хүрэх даалгавартайгаа ухамсарлаж байгаа. Нутгийн ахдаа талархаж буйгаа энэ завшааныг ашиглаж хэлье.

-Зургаагийн даваанд түрүү бөхийн аманд очсон. Улсын цол авчихаад ханасан уу. Баярлаад барилдаанаа гаргаж чаддаггүй гэж ахмад бөхчүүд ярьдаг юм билээ?

-Ханаагүй ээ. Э.Оюунболд аварга бид хоёр нэг үеийн бөхчүүд. Сүүлд нь харамсахгүйн тулд санасан бодсоноо хийгээд зоригтой барилдана даа гэж төлөвлөөд гарсан. Сэрвүүгээс барилдаан шийдэх гээд болоогүй ээ. Давхар шуудагнаас мөргүүлээд унасан. Тэр барьцыг задалчихсан бол шоо шидээд азаа үзэх байсан. Бидний үеийн төлөөллөөс улсын аварга цолтон төрсөнд нь баяртай байгаа. Аварга болоод гүйхэд нь өөрөө болчихсон юм шиг л баярласан даа.

-Шинэ цол хүртсэн эхний баяраа хэнтэй хуваалцав?

-Гэр бүлийнхэнтэйгээ л хуваалцсан даа. Хүү маань намайг цэнгэлдэхэд очиж дэмжсэн юм. Тав давчихаад ирэхэд их л баярлаж байсан шүү.

-Аав, ээж тань их баярласан байх. Наадмын дараа хэзээ нутагтаа очив?

-Аав, ээж минь жирийн л малчин улс. Наадмын өмнө намайг цол авчих болов уу гэж их горьдож байсан юм билээ. Би ч бэлтгэл сургуулилт гэж яваад тухтай ярьж амжаагүй. Долдугаар сарын эхээр аав маань “Аав, ээж нь наадмаар хот орж Төв цэнгэлдэхэд бөх үзмээр байна” гэж хэлж байсан. Амжихаа болиод аймгаас 30 инчийн том зурагт худалдаж аваад хүүгийнхээ барилдахыг харсан байна лээ. Намайг тав давахад л манай хоёр хот гараад давхисан байгаа юм. Шөнөжин зүтгээд л 13-ны өдрийн өглөө гэхэд хотод ирчихсэн хүүгийнхээ баярыг хуваалцсан. Мөн ч сайхан байсан даа.

-Цолоороо дуудуулж ямар ямар наадамд барилдав?

-Аймгийнхаа цагдаагийн газрын 80 жилийн ойн баяр наадамд зодоглосон. Аймгийн цол хүртэж байсан цэнгэлдэхдээ улсын цол авчихаад очиход нутгийн зон олон минь мөн ч сайхан хүлээж авч байна лээ. Дараахан нь Баянхонгорт Ламын гэгээний 380 жилийн ойн баяр наадамд очиж барилдлаа. Бөхийн өргөөнд шинэ цолоороо дуудуулж барилдахыг хүлээж сууна даа.

-Шинэ начин анхны сумын наадмынхаа талаар хуучлахгүй юу. Зодог өмсдөг хүүхэд сумын наадмаа их л хүлээдэг байсан биз?

-Би хөдөө өссөн хүүхэд. Моринд их хорхойтой. Аавыгаа дагаад морь уях гэж оролдоно. 2010 онд юм даа. Төрөлх Зүүнбаян-Улаан сумынхаа наадамд морь уралдуулахаар болж хавар нь барьсан юм. Тэгсэн аав маань сумаас шинэ зодог шуудаг аваад өгсөн. Наадам ч боллоо. Өнөө зодгийг нь бүслээд л, хусуураа хавчуулчихаад сумын төв рүүгээ давхиж явснаа одоо бодоход сайхан байдаг юм. Наадамдаа ирээд өмнөх барилдаандаа анхаарна. Давааны зай завсраар морь луугаа нэг өнгийнө. Наадамдаа үзүүрлэж сумын начин болж, уясан хүлэг маань 13-аар давхиж одтой сайхан наадаж билээ. 17-хон настай хүү байгаа өвөртлөөд улсын наадамд үзүүрлэчихсэн юм шиг л сүр бараатай амьтан гэртээ харьсан даа. Энэ үеэс л хот орж бэлтгэл хийж том бөх болох бодол тээж эхэлсэн дээ.

-Хот руу хэдэн онд орж ирэв. Заалны барилдаанд гарч том бөхчүүдийг дэргэдээс нь харчихаад ямар сэтгэгдэл төрж байв?

-Анх хотод ирчихээд шинэ оюутан үндэсний бөхийн бэлтгэлийг өдөр бүр хийнэ. Заримдаа Спортын төв ордонд З.Дүвчин багш дээр ирж чөлөөт бөхийн бэлтгэл хийдэг. Заалны барилдааныг мөн ч их хүлээнэ шүү дээ. Арай хийж амралтын өдрийн барилдаан болоход бөхийн тоо нь гүйцчихсэн гээд, багтахгүй буцах тохиолдол их. Бэлтгэлээ шалгадаг ганц барилдаан маань сар бүр зохион байгуулагддаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан. Үеийн залуустайгаа энд барилдаад дөрөв, тав давсан нь улс аймгийн цолтнуудын аманд гарах эрхээ авдаг байлаа. Анх улсын цолтнуудын барилдаанд зодоглоод гарахад чинь том том бөхчүүдээс сүрдэнэ шүү дээ. Батмөнх заантай их олон таарч барилдаж байлаа. Эхлээд ч ганцхан тахимдуулчихаад үсрээд өгнө. Унасан барилдаандаа дүгнэлт хийгээд дараа дараагийн барилдаануудад нь гарынх нь аяыг даахтайгаа болж байгаа юм. Заантай дан, давхар золгоонд хүрдэг болоод л их урам орж байгаа юм. Улсын заантай давхар золгож барилдсан хүнд чинь өнөө сумын заанууд чинь жижигхэн харагдаад болдоггүй. Аймгийн цолтнуудтай ч барилдчихмаар санагддаг болж байгаа юм. Батмөнх зааныг давж чадаагүй ч сайн барилдаж унаад байхаар сэтгэл зүй их өөр болж байлаа. Өөрийн барилдааныхаа арга барилыг олж эхэлсэн нь л тэр юм билээ. Ингээд амжилт маань шат шатаар ахисан юм даа. Аймгийн харцага болоод, дараагаар нь аймгийн арслан цолд хүрсэн. Аймгийн арслан болчихоод л хурдхан шиг улсын наадамд барилдаж үзэх юмсан гэсэн хүсэл төрж билээ.

-Сугадаж дайрдаг, суйлдаг барилдааны хэв маягийг танд хэн суулгаж өгсөн бэ?

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат сумын заан н.Мөнхжаргал гэж хүн бий. Тэр хүнээр л анх бөхийн эрдэм заалгуулж байлаа. Дунд сургуульдаа чөлөөт бөхөөр барилддаг байлаа. Түргэн барилддаг маань үүнтэй холбоотой болов уу гэж боддог юм. Одоо бол улсын арслан До.Ганхуяг ахын удирдлагад барилдааны арга техник, барьц байрлалаа заалгуулаад явж байна.

-Барилдааны тань онцлог юу вэ?

-Барилдах гэж гарчихаад өрсөлдөгчөө налаад зогсоод байхыг хүсдэггүй. Түргэн барилдахыг боддог юм.

-Таныг дэмждэг олон пүүс компани байдаг байх?

-2014 оноос “АПУ” компанийн нэр дээрээс барилдаж байна. Лхагвасүрэн ахдаа, Эрдэнэбилэг захиралдаа бэлтгэл сургуулилт хийхэд дэмжиж тусалдагт нь их баярладаг юм. Мөн Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хамт олонд талархал дэвшүүлье. Намайг дэмждэг олон ах бий. Тэр бүгдийн сайхан сэтгэлийн үзүүрт би өдий зэрэгтэй явдаг юм. “Их Монголын хүчтэн” дэвжээний удирдлагууд До.Ганхуяг арслан, ардын багш Ч.Дамдиншарав, Т.Санчир заан нарын бөхчүүд сурсан мэдсэндээ харамгүй хэлж зөвлөж өгдөгт нь талархаж явдаг даа.

Бидний ярилцаж байхад хажууд жаахан хүү суусан нь шинэ начингийн хүү Жиндбаатар ажээ. Аавынхаа шинэ цолны баярыг хамгийн түрүүнд хуваалцсан тэрбээр бөхөд их дуртай юм билээ. Удахгүй зодог шуудаг авч үеийнхэнтэйгээ барилдах юм гэсэн. Цэдэнсодном начин хүүгээ том цолтой бөх болохыг бэлгэдэж аймгийн арслан цолтойдоо өмсөж олон наадамд зодоглосон малгайгаа бэлэглэсэн гэсэн. Үеийнхэн дундаа биерхүү гэмээр энэ хүү хэдхэн жилийн дараа монгол бөхийн ногоон дэвжээнд нэрээ цуурайтуулах биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *