Categories
мэдээ цаг-үе

Б.Сийлэгмаа: Бид нийтийн дууг ардын дуу болтол нь дуулж байгаа

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сийлэгмаатай ярилцлаа.

-Тан руу залгах бүрт хөдөө ажлаар явж байна гэж байсан. Амарч явна уу, ажиллаж явна уу?

-Зун гэдэг бол урлагийн хүний амрах бас ажиллах улирал шүү дээ. Миний хувьд энэ зун Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Дундговь аймгийн Дэрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр зэрэг хэд хэдэн аймаг, сумын ойд уригдаж, уран бүтээлээ хүргэлээ. Бүр алслагдсан сумдад хүртэл очлоо. Ер нь бол алс хязгаарт байгаа үзэгчдэдээ ая дуугаа хүргэнэ гэдэг уран бүтээлч хүний бас нэг чухал ажил юм шүү дээ. Гэхдээ энэ зун зөвхөн аймаг сумын ойд оролцохоос гадна өөрийн шинэ бүтээлүүдээ бас хийж амжлаа. Хамгийн сүүлд гэхэд Г.Энхбаярын хөгжим “Чамайгаа яаж мартахав дээ” дуугаа бичүүллээ. Дараа нь гавьяат жүжигчин Н.Амгалантай хамтарч Ж.Саруулбуянгийн шүлэг, Д.Батсүрэнгийн хөгжим “Элсний хээ” дууг дуулж, хэдхэн хоногийн өмнө МҮОНТ-тэй хамтарч кино концерт хийлээ. 

-Та 2008 онд “Хүн хүндээ хайртай явъя” дуугаа шинэ аранжровшикоор дуулснаас хойш уран бүтээлдээ шаргуу орж байна уу даа? 

-Тийм шүү. 2008 онд “Хүн хүндээ хайртай явъя” дуундаа шинэ аранжровшик хийсэн ч клипжүүлэх гэсээр 2009 он хүргэсэн. Ер нь миний хувьд клипүүдээ богино хэмжээний кино шиг хийхийг хичээдэг уламжлалтай. Ингэхдээ олон сайхан залуу уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг юм. Хамгийн сүүлд гэхэд миний хоёр дууг клипжүүлсэн “Big intertainment” студийн н.Болдтой хамтарч ажилласан. Энэ студийнхэн бол хамтарч ажиллахад урамтай, нийгэмд хандсан сэдвүүдийг хөндөж гаргасан утга санаа бүхий клип хийж чаддаг. Миний дуунууд ер нь хүний нийгэм байгаа цагт үргэлж хөндөгдөж байдаг сэдвүүдийг хамардаг. Тиймдээ ч мөнхөд оршдог болов уу. Хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар гэж их сайхан хөгжмийн зохиолч байлаа. “Амьдралаа би чамд хайртай”, “Хүн хүндээ хайртай явъя” зэрэг олон сайхан дууг бичсэн. 

-Энэ дууг анх Э.Бүрнээбаяр гавьяат та хоёрт сонсгож байсан гэдэг? 

-Тийм ээ. 1989 оны сүүлээр Ё.Сүхбаатар багш маань “Амьдралаа би чамд хайртай”, “Хүн хүндээ хайртай явъя” гэдэг хоёр дуу хийгээд “Чи альныг нь дуулах уу” гэсэн. Би тэгэхээр нь “Хүн хүндээ хайртай явъя” нь надад илүү зохих юм байна л гэлээ. Тэгсэн багш маань “Уг нь хоёулаа зохино. Гэхдээ би “Амьдралаа би чамд хайртай”-г Э.Бүрнээбаярт өгөх гэж байгаа юм. Харин чи энэ дууг нь дуул. Би өөрийнхөө нүдэндээ харж, сэтгэлдээ бодож байж бичсэн дууныхаа эзнийг нь олчих шиг боллоо” гээд их л баяртай инээж байсансан. Тэр үеийг эргээд бодохоор багшийн минь сэтгэлийн гүнээс урссан тэр сайхан аялгуунаас бүтсэн учир энэ дуу маань өнөөдрийг хүртэл үеийн үед эгшиглэсээр байгаа болов уу. 

-Та Хилийн цэргийн ансамблиас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан бил үү?

-Би Хилийн цэргийн ансамбльд есөн жил шахам дуулсан. 1990-ээд оны үед Хилийн цэрэг, Армийн ансамбль хоёрыг нийлүүлэх шийдвэр гарч байлаа. Тэгээд уран бүтээлчдийг Армийн ансамбльд хуваарилахад би одоогийн ҮДБЭЧ, тухайн үеийн Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгад урилгаар очсон юм. Тэр үе бол 1994 он шүү дээ. Ансамбль тарахаас өмнө чуулгын маань дарга н.Дорж морины гэгддэг гавьяат Г.Батбаяр, гавьяат жүжигчин Н.Амгалан бид гурвыг өөрийнхөө байгууллагад аваачих хүсэлтэй байсан юм билээ. Цаг хугацаа нь ч таарч, Н.Амгалан түрүүлж ҮДБЭЧ руу явж, би дараа нь очсон. Харин гавьяат Г.Батбаяр маань армийн ансамбль руу явсан юм. Хүний амьдралд тохиох аз гэж байдаг. Би ҮДБЭЧ-д очиж, өнөөдрийг хүртэл уран бүтээлээ туурвиж яваагаа бурхнаас өгсөн маш том аз завшаан гэж боддог юм. Яагаад гэвэл сайхан хамт олон гэдэг хүнийг ямагт хөглөж, уран бүтээлийг нь чиглүүлж өгч байдаг. Тиймээс ч би Монгол Улсын нэг номерын чуулгад төрийн их найрал хөгжим, оркестортой дуулдагтаа үргэлж бахархдаг юм. 

-Та нэг хэсэг уран бүтээлээсээ завсардсан байх аа. Тэр үед ямар ажил хийж байсан юм бэ?

-2002-2004 онд хилийн чанадад амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ хүргэх завшаан тохиосон юм. АНУ-ын олон муж, хотуудыг тойрч томоохон шоунуудад дуулах урилга ирсэн л дээ. Ингэж хэсэг хугацаанд явах зуур сонсогчид маань дуучнаа үгүйлж байсанд би их баярласан. Монголынхоо ардын урлагийг гадны өн­дөр хөгжилтэй улс оронд сурталчилна гэдэг хүндэтгэлтэй бөгөөд хариуц­лагатай алба байлаа. Харин эх орондоо ирээд эрчимтэй хөдөлмөрлөсөн шүү.

-Таныг ирэх үед нийтийн дуу жинхэнэ хүчээ авчихсан байсан байх аа?

-Намайг хоёр жил гаруй яваад ирэхэд маш олон сайхан дуучид төрчихсөн байлаа. Тэр үед нийтийн дуу үнэхээр өндөр түвшинд хөгжчихсөн байсан. Би уран бүтээлч хүнийхээ хувьд үүнд маш их баярлаж байв. Яагаад гэвэл дуучид олноор төрнө гэдэг Монгол Улс баян байна гэсэн үг. Тэдний цаана хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүтээл оргилж байна гэсэн үг шүү дээ. Үүнээс үүдэн би дуунуудаа шинэчилж хийе гэж бодсон юм. АНУ-аас ч сурсан зүйл ихтэй ирлээ. Тэнд олон студиудтэй хамтарч ажилласан учир уран бүтээлч хүн ямар байх ёстой, дуунуудаа хэрхэн олон нийтийн хүртээл болгох тал дээр нэлээд зүйлийг анзаарч, ойлгож авсан юм. Тиймээс хөгжмийн талаас л гэхэд нэлээд өөрөөр хардаг болоод ирсэн учир шууд л ажилдаа орсон. Гэхдээ миний дуулсан дуунууд үнэхээр сайн уран бүтээлүүд байсан болохоор шинэ цаг үед нь тохируулж жаахан л өөрчлөлт хийхэд хангалттай байсан гэдэг нь “Хүн хүндээ хайртай явъя”-аас харагдаж байгаа болов уу.

-Тухайн үед утга агуулга, ая эгшгийн хувьд тохиромжгүй дуунууд ч олноор гарч байлаа. Энэ нь эргээд нийтийн дуу гэх ойлголтод сөргөөр нөлөөлсөн болов уу?

-Олон зүйл дотор сайн, муу саар зүйл олон байна шүү дээ. Нэг хэсэг нь сонсож байхад нөгөө хэсэг нь муу бүтээл гэх жишээтэй. Ер нь бол аливаа уран бүтээл дотор маш олон сэдэв явж байгаа учир зарим нь таалагдахгүй нь бий. Надад ч гэсэн заримдаа ямар дэмий дуу вэ, ийм дуу яах гэж дуулдаг байна гэж бодох ч дуу таардаг л юм. Дуучин хүн гэдэг өөрөө сонголтоо маш сайн хийх ёстой. Хийж байгаа хүмүүсийн хувьд захиалгын бүтээлийг ч ялгаагүй сэтгэл зүрхнээсээ хийдэг л дээ. Гэхдээ хэн нэгний захиалсан үг, үсгийн дагуу вакумжсан бүтээл хийдэг нь манай урлагийнхны дутагдалтай тал шүү дээ. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ үүнийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр ийм тохиолдолд тухайн дууг хийхээс зайлсхийхыг уриалмаар байдаг юм. 

-Таныг ид дуулж байх үе буюу 1990-ээд оны эхэн үед нийтийн дууны урлаг харьцангуй “цэвэр” байсан гэвэл та санал нийлэх үү?

-Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Э.Бүрнээбаяр, Ч.Түвшинтөгс гээд олон сайхан дуучид уран бүтээлээ ид хийж байлаа. Тухайн үед бид нийтийн дууны урлагийн үргэлжлэл болж, түүнээс хойш энэ олон жилийг үдэхдээ түүхийн нэг хэсэг болж яваа юм. Нөгөө талаас бид нийтийн дууг ардын дуу болтол нь дуулж чадаж байгаа. Үүнийг сонссон хүмүүс онгирч байна гэх байх. Гэхдээ бас үгүйсгэх хүн байхгүй болов уу. 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гавьяат Г.Эрдэнэбат, Э.Бүрнээбаяр бид гурав хамтарч “Нэгэн үеийн мартагдашгүй аялгуу” гэдэг хамтарсан тоглолтоо хийсэн. Тэр тоглолтод бид гурвын дуулах дуу багтахгүй байсан. Үүнээс үүдэн “бид маш олон бүтээл хийж, түүнийгээ ч ард түмэндээ хүргэж чадсан байна” гэж бахархах сэтгэл төрж байлаа. Ер нь бид сайхан үед уран бүтээлээ хийсэн байна, хийж байгаа, тиймээс цаашид мөнхөд дуулагдах дуу хийх ёстой. Энэ л бидний үүрэг юм даа. 

-Тэгвэл одоо үеийнхэнд ирээдүйд мөнхөд дуулагдах уран бүтээл хийх уран бүтээлчид бий болов уу?

-Дунд үеийнхэнд бол байгаа шүү. Жишээлбэл, хөгжмийн зохиолч Г.Сэр-Одыг хэлмээр байна. Тэр үг, шүлгийг маш сайн мэдэрдэг. Би дууг нь дуулж үзээгүй л дээ. Яагаад ч юм, гольдрол нь таарахгүй байгаа юм байлгүй хараахан хамтарсан уран бүтээл хийгээгүй байна. Г.Сэр-Од хөгжмийн боловсрол өндөртэй түүнийгээ дагаад дуунууд нь шинэлэг сайхан аялгуутай байдаг. Эмэгтэй хөгжмийн зохиолчдоос Ч.Мөнхжаргал байна. Өөрөө дуулдаг учир хөгжмийг маш сайн мэдэрдэг. 

-Ийм их цаг завгүй ажиллахад таны ар талыг гэр бүлийн тань хүн л дааж авч явна биз?

-Миний гэр бүлийн хүнийг Эрдэнэбилэг гэдэг. Бид хоёр амьдраад 25 жил болж байна. Бид нэг сайхан хүүтэй. Хүү маань гэр бүл болоод өнгөрсөн жил тусдаа гарсан. Хүүтэй бол охинтой гэж бид охинтой болсон. Ачийгаа харж баярлаад уран бүтээл хийх сайхан хүсэл мөрөөдөлтэй явна. Уран бүтээлч хүнээс сайн бүтээл гарахын гол үндэс ар гэр бат бэх, сэтгэл санаа зовохгүй байхад оршдог. Тиймээс ч би залуу дуучиддаа сайн ханьтай болохыг захьдаг юм.   

-Таны аав, ээж урлагийн хүмүүс үү?

-Миний аав Баянхонгорын Байдрагийн хүн. Ээжийн тал, эмээ өвөө бүгд Ховдынх. Аав маань дуулдаггүй ээ. Харин ээж их сайхан дуулдаг. Ер нь ээжийн талд урлагийн хүмүүс бий. Олны таних хүн гэвэл гавьяат жүжигчин З.Пүрэвээ. Монголчууд Сэмбээ гэдгээр нь андахгүй. З.Галсанданзан гэж гавьяат жүжигчин бий. Ийм л сайхан урлагийн хүмүүс дунд өссөн хүн дээ, би.

Т.ГЭРЭЛМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *