Categories
булангууд мэдээ

Б.Шүүдэрцэцэг: Намтарчилсан түүх хүлээх хэрэггүй, “Хотулун” маань тулаантай, уран сэтгэмжит кино

“Шүүдэр” продакшны бүтээл, удахгүй нээлтээ хийх гэж буй “Хотулун гүнж” тулаант УСК-ны зохиолч, продюсер Б.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.


-Эхлээд кинотой холбоогүй “далий” юм асууя. Таныг “Ардын эрх”-ийн тоймч, сайн сэтгүүлч Б.Тогтохбаяр гэдгийг хүмүүс бараг мартаж байх шиг. Ингэхэд нөхөр тань таныг хэн гэж дууддаг вэ?

-Тоогий гэдэг. Гэхдээ хүмүүстэй ярихаар хуучин найзууд хүртэл өөдөөс “Шүүдрээ” гэдэг. Бүүр дунд сургуулийн найз руугаа залгаад “Тогтохоо байна” гэсэн чинь “Би чамайг зурагтаар гарахаар “Шүүдэрцэцэг манай ангийн хүүхэд” гэж онгирдог, одоо чи тэр нэрээрээ л бай” гэсэн (инээв). Над руу мөнгө шилжүүлсэн хүн “Өөр хүний нэр байна, залилан биш биз дээ” гэх мэтийн асуудал үүсдэг шүү дээ. Ордны хамгаалалтынхан бол хөөрхөн. Арга хэмжээний урилга дээр Б.Шүүдэрцэцэг гэж байхад иргэний үнэмлэх дээр Б.Тогтохбаяр гэхээр “Аан зохиолчийн нэр шүү дээ” гээд оруулчихаад байгаа юм.

-“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” гээд байна. Тухайн үеийн түүхийг харвал хаан ширээ залгамжлагчдын дунд дайн тулаан их өрнөсөн байдаг. Гэхдээ алтан судар хаанаас гараад ирэв?

-Хотулун гүнжийн түүхийг манай түүхчид бичээгүй. Гадаадын түүхчид харин бичиж үлдээсэн. Рашид ад-диний “Судрын чуулган”-д нэг хуудас бичсэн байдаг. Хайду хааны гүнж, хүч чадалтай, эцгийнхээ хамт байлддаг байсан гээд бүр тухайн үеийн хүмүүсийн дунд явсан цуу яриаг хүртэл дурдсан. Хотулун дайсны өөдөөс сум шиг шунгинаж ороод, амьд хэл сугавчлаад ирдэг тухай бичсэн байдаг. Хожим нь өөрийн албат царайлаг сайхан Абатайтай суусан гээд тодорхой өгүүлсэн. Хубилай хааны хамгийн том дайсан нь Хайду байсан. Аригбөхийг дагалдсан бүх хүн сүүлдээ бууж өгсөн. Хайду ганцаараа бууж өгөөгүй.

Кинонд үйл явдал хэрэгтэй. Зарим эх сурвалжид алтан ургийнханд нэг нэг алтан судар байсан гэж дурдсан. Ийм домог бий. Түүнийгээ алдсан гэдгээр кино өрнөсөн. Уран сэтгэмжийн кино шүү дээ. Мөнгөн эвэрт буга манай кинонд гурван удаа гарна. Бодит түүхэндээ Хайдугийн ээжийг Шабкан хатан гэж тэмдэглэсэн. Ач охин, эмэг эх хоёрын харилцааг зохиолдоо нарийн өгүүлсэн. Кинон дээрээ ч тэнгэртэй холбогдох, эмэг ээжийнх нь сүнсээр холбогдох гэх мэтийг үзүүлсэн болохоор хүмүүс намтарчилсан кино хүлээх хэрэггүй. Өнөөдрийн залуус уйтгартай, гоё торгон хувцастай хаан, хатдын түүхийг үзэх хүмүүс биш. Гадаад зах зээл дээр гарахгүй бол дөрвөн уулын хонхроос энэ их зардлыг нөхөж чадахгүй. Кино маань тулаантай, уран сэтгэмжит кино.

-Трэйлер цацагдсаны дараа зарим хүн “Бөх гүнж гэсэн чинь юун туранхай, гоё хүүхэн гараад ирэв” гэх мэтээр сэтгэгдэл илэрхийлсэн байна лээ. Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин”-д бол “Хайду хааны гүнж хүч чадалтай, бие махбод нь үзэсгэлэнтэй сайхан, өндөр бөгөөд бараг аварга хүн гэлтэй” гэж дүрсэлсэн байна лээ. Та бол Хотулунаа яаж сонгов?

-Жүжигчний чадварыг харсан. Манай кинон дээр цаг 45 минутын турш энэ гүнж бараг тасралтгүй гардаг. Найман удаагийн тулааны долоод нь оролцдог. Энэ хүнээс жүжиглэх чадвар шаардана. Түүнээс биш нэг том биетэй хүн барилддаг “Гарьд магнай” биш шүү дээ. Манай кинонд нэг л удаа барилддаг хэсэг бий. Тулаан амар биш. Жүжиглээд, тулалдаад, барилдана. Хотол цагаан гүнжид мэргэжлийн жүжигчин, маш авьяастай хүн хэрэгтэй байсан. Манай найруулагчдын баг, зураачдын баг, продюсерууд, тулааны найруулагч дүр сонгоход их үүрэгтэй оролцсон. Жүжигчний ур чадварын хоёр дахь шалгаруулалт нь тайзны хөдөлгөөн гэж нэрлэгддэг тулааны ур чадвар байв. Хувцас хунар шингээхээс авахуулаад энэ төрлийн кинонд биеийн өндөр чухал. Манай жүжигчин 170 см өндөртэй. Бөх хүн бүдүүн байх ёстой юм уу. Сумогоос өөр бүдүүн бөхчүүд байдаггүй. Өмнөх үеийн монгол бөхчүүдийн зураг, бичлэг харахаар шөрмөстэй л хүмүүс байдаг.

-Та энэ киногоо гадаадын зах зээлд гаргах бодолтой гэсэн шүү дээ. Хямд киног гадныхан сонирхдоггүй ээ гээд байгаа. “Хотулун” энэ шаардлагыг хангасан уу?

-Кино худалдаачдын тавьдаг төсвийн доод босгыг давж чадна. Тэд яг хурдан морь шинжээчид шиг киног трейлерээс нь хараад үнийг нь багцаалчихдаг. Ямар од тоглосон бэ гэдэг гол шалгуур. Одод агенттай. Кинонд хэдээр тоглодог нь киноны мэргэжлийн сайтад тодорхой байдаг. Гэтэл манайд тийм од байхгүй. Тэгэхээр тэд юугаар тогтоох вэ гэхээр масс хэсэг. Манай кинонд дөрвөн улирал гарч байгаа. Ийм удаан хугацаанд хүмүүс ажилласан гэсэн үг. Тэгэхээр энэ үнэ цэнэтэй төсөл. Орлон тоглогчдын хэсэг олон байх тусмаа хүний амь настай холбоотой үнэтэй хэсэг байдаг. Энэ шалгууруудыг хангасан болохоор хямд биш төсөл гэдэгт орж байгаа. Манайх тулаант ангиллаар гарч байгаа анхны монгол кино. Гол баатар нь нийт киноны хэдэн хувьд тулалдаж байгаагаар энэ ангиллыг тодорхойлдог байхгүй юу. Гол дүрдээ эрсдэл хүлээлгэхгүйн тулд заавал орлон тоглогчтой байдаг киноны жишиг бий. Удаан үргэлжилж байгаа төсөлд гол дүр гэмтчихвэл кино зогсох эрсдэлтэй. Энэ жил киноны төгсгөлд манай М.Цэрэндолгор өөрөө морио цоройлгосон. Өөрөө ингэж хүссэн, төсөл дуусч байгаа болохоор манайхан зөвшөөрсөн. “Марвел” энэ тэрд турьхан эмэгтэйчүүд шүүгээ шиг эрчүүдийг шидээд байдаг шүү дээ.

-Танай кинотой зэрэгцээд мөн л Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэн Хятад, Холливууд хамтарч “Турандотын хараал” кино бэлэн болгосон. Энэ киног харж амжсан уу?

-Тэр кино бүр нээлтээ хийчихсэн. Энэ сэдвийг ашигласан зүгээр л хятад кино. Нисэлдээд л, маш их компьютер график ашигласан. Энэ сэдэв өөрөө их гоё. Надад бол энэ сэдэв ингэж борлогдож байгаа нь гоё санагддаг. Барилддаг бөх гүнж гэдэг сэдвийг европчууд гурван оньсого таалгадаг монгол хааны гүнж (“Турандот” дуурь) болгосон шүү дээ. Одоо бол хятадууд гурван шидэт бугуйвч болгосон л байна лээ. Монгол гүнжийн дүр явж байгаа нь л чухал. Хайлт хийхэд Хотулун гүнжийн талаар олон хэл дээр мэдээлэл гарч ирдэг. Тэр нь л намайг кино хийхэд хүргэсэн. Би зүгээр л өөрийнхөө зохиолыг кино болгох гээд явдаг хүн биш. Юу борлогдох вэ, хаашаа зарах вэ гэдэг надад чухал. Түүнээс биш таван жил мөнгө төгрөг хайж, бүтэн жил цар тахлын дундуур кино зураг авна гэдэг зүгээр нэг урлагт хайртай хүний хийх ажил биш.

-Та “Хотулун” дээрээ олны хэсэгт хатны дүрд ороод авсан гэсэн. Яаж гарав?

-Хальт л гарсан. Өмнө нь өөрийнхөө нүүрийг кинонд оруулах талаар бодож ч байгаагүй. Энэ санааг Ардын уран зохиолч П.Бадарч ах маань надад захисан юм. “Ану” хатныг үзээд “Үгүй ээ, миний хүү чинь дотор нь өөрөө байхгүй байх юм” гэхээр нь “Ах минь, бөөр нь бөгсөндөө цэр нь цээжиндээ” гэсэн л дээ. “Энэ чинь зохиолч бидний тархинаас үр хөврөлөөс төрсөн зүйл. Огт өөр хүмүүс энэ кинонд дүрээрээ үлдэнэ. Чиний дүрийг дараа нь хүмүүс мэдэхгүй шүү дээ. Миний хүү залуу сайхан байгаа дээрээ дүрээ үлдээ” гэж зөвлөсөн. Кинонд орохдоо би нэг ч үг хэлж чадахгүй шүү дээ. Зүгээр алхаад өнгөрөх хүртэл тоглоом биш байсан. Найрын хэсэг рүү орж яваа, сууж байгаа гурван секунд л байгаа. Тэр л надад хангалттай.

-Та номынхоо орлогыг хүртэл кинондоо оруулсан гэсэн. Хөрөнгө мөнгө босгох амаргүй байсан уу?

-Ганцхан миний мөнгө биш. VOO аппликэйшн гээд Мобикомын шинэ компани бас мөнгө оруулсан. Тэд бас оруулсан хувиараа орлогоос мөнгө авах ёстой. Өндөр хариуцлагатай кино. Ямар ч байсан зардлаа олж аваад, өөрсдөө орлоготой үлдэнэ гэж найдаж байна.

-Олон хүн хандив өргөсөн байх. Та зах дээр бөс бараа зардаг эмэгтэйгээс торго худалдаж авсан байна лээ. Кинонд шаардлагатай бөс барааг хандивласан эмэгтэй гэл үү?

-Тэр хүний хувьд хэдэн тэрбумыг өгсөнтэй адилхан. Б.Энхмэнд гэдэг эмэгтэй л дээ. Зураг авалт эхлэхэд “Та хэрэгтэй торгоо ирээд аваарай” гэсэн юм. Эхэндээ халуунд халж, хүйтэнд хөрч байгаа хүнээс их юм авахаас зовсон. Гэтэл “Ийм жаахан юм авах юм уу” гэлээ. “Их юм авбал ковидын үед хэцүү биш үү” гэсэн чинь “Зүгээр ээ, би нэлээд гайгүй юм өгчихье гэж бодож байна” гэв. Тэгэхээр нь би “Болох юм бол маргааш тайзныхаа зураачтай ирлээ шүү” гэж ахиж байгаа юм. Тайзных бол арай л өөр шүү дээ. Хааны өргөөний хана, туурга гээд явна. Толгой толгойгоор нь торго нийлүүлсэн. Хэзээ хойно өрх толгойлсон эмэгтэй гэдгийг нь мэдсэн. Тийм бадрангуй хүмүүс байдаг. Хандивын үдэшлэг дээр би түүнийг урьсан юм. “Чи зүгээр хүрээд ир” гэсэн. Тэр үед Б.Энхмэнд ярьж байсан. “Би дунд хүүгээ төрүүлээд хэсэгхэн хугацаанд гэртээ байсан. Намайг эргэж ирсэн хүн цэнхэр хавтастай “Ану хатан” роман авчирч өгсөн юм. Миний анх удаа уншсан түүхэн ном байсан. Тэнд Ану хатны хөл хүнд үе, төрсний дараах сэтгэл санааг ямар гоё гаргасан юм бэ. Монголчууд өөр хоорондоо тулалдаад хагаралдаад, ямар хэцүү хүнд үеийг туулсан юм бэ. Энэ түүхийг би яагаад мэддэггүй байсан юм бэ гэж бодсон. Өөр түүхийн номуудыг ч уншдаг болсон. Тэр үед танай кино гарсан байсан. Дараа кино хийвэл заавал тусална гэж бодсон. Миний ажилтай ч холбоотой, монголчууд үндэсний дархлаатай байж дээл өмсөнө. Бүх юм холбоотой байдгийг би ойлгосон” гэж ярьсан юм. Тэгсэн чинь тэнд ирсэн компанийн захирлууд босоод 20 саяыг амлаж байв. Ингээд л би гоёлын дээлний торгоо түүнээс гурав хоногийн өмнө худалдаж авсан юм. Бусад хүний сэтгэлийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Манайд туг гэхэд 80 ширхэг хэрэг болсон. Гол ба туслах дүрүүдийн хувцасны 200 ширхэг уут ус нэвтэрдэггүй материалаар хийх шаардлагатай. Ийм ажлыг “Тэртэй тэргүй орлогогүй, ажилгүй байгаа, уутыг чинь оёод өгье гэсэн эмэгтэйчүүд гарч ирсэн. Тэр чин сэтгэл нь үнэхээр сайхан.

-Гол дүрийн жүжигчин олонд төдийлөн танигдаагүй. Бусад дүрийн талаар сонирхуулаач. Жүжигчин О.Гэрэлсүх Хайду хаан болжээ, С.Тэмүүжин бас ханхүүгийн дүрд харагдана лээ?

-Манай гол дүр М.Цэрэндолгор өндөр боловсролтой хүн. СУИС-д сурч байгаад, Бээжингийн Урлагийн академид очсон. ОХУ-д Театр урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн хүн. Фото модель гэдгээр нь хүмүүс мэднэ. Өндөр боловсролтой, сайн жүжигчинд тохирсон дүрийг нь өгнө гэдэг кино урлагт оруулж байгаа миний хувь нэмэр. Хайду хаанд тоглосон О.Гэрэлсүх чадвартай жүжигчин. Гол дүртэйгээ царай төрх адилхан байхаар бодож сонгосон. Гарал угсаа нь ч сонин. О.Гэрэлсүх Баян-Өлгийнх юм билээ. Манай М.Цэрэндолгор Ховдын Булган сумынх. Хамгийн сонирхолтой нь бага насны дүрд тоглосон Индра охин бас нэг аймаг сумаас гаралтай байсныг хожим мэдсэн. Хайду хаан ч Тэнгэр уул, Шинжааны хавиар нутаглаж байсан. Гол дүрд сонирхолтой нь баруун аймгийнхан сонгогдсон байсан.

Урус ханхүүд тоглосон С.Тэмүүжин маш сайн хувирч чаддаг. Дүр дээрээ маш сайн ажилладаг. Дува ханхүүд тоглосон Г.Эзэнмөнх бас л дуулаад, хошин дүрд тоглоод явдаг. Сөрөг дүрийг маш сайн гаргасан. Эвдэрч чаддаг жүжигчин сайн жүжигчин гэж боддог. “Хотулун гүнж” киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажилласан. Голдуу залуус киног авч явсан даа. Гол дүр маань дөрвөн сартай хүүхэдтэй, нялх биетэй ч хүүхдээ хөхнөөс гаргаад зургандаа гарч байсан. Бүгд ийм сэтгэлээр киногоо бүтээсэн. “Хотулун”-ы гэр бүл боллоо гэж манайхан ярьж байсан.

-Гавьяат жүжигчин А.Цэгмэд гуай өмнө нь “Ану” хатанд оролцож байсан. Энэ кинонд бас харагдана лээ?

-А.Цэгмэд эгч халуун сэтгэлтэй, ямар ч нөхцөлд зохицоод ажилладаг хүн, сайн ч жүжигчин. Тусгай эрх ямба шаарддаггүй. Тэглээ гээд би хүмүүсийг хүнд байдалд оруулдаггүй л дээ. Мастер тогоочтой киноныхоо натурыг авч гарсан. Өдөр шөнөгүй ажиллаад заримдаа хоолоо ч идэж амждаггүй хүмүүс сайхан хооллох учиртай. А.Цэгмэд эгч бололцоо ямар байгааг сайн ойлгодог. Өмнөх киноны үеэр ордны зураг авч байхад үстэй малгайтай суусаар байгаад хамраас нь цус гоожоод, харвахаа дөхсөн. Тэгээд түргэний машинд аваад явж байхад “Би маргааш хүрээд ирнэ ээ” гээд өндөлзөж байсан хүн байхгүй юу.

-Та “Ану” хатан кино хийсэн. Дахиад түүхэн гүнжийн тухай кино хийгээд дууслаа. Харьцуулах боломжтой юу. Өнөөгийн өндөрлөгөөс харвал ямархуу сэтгэгдэлтэй үлдэв?

-Киногоо аваад 2013 онд Хонконгийн кино худалдаан дээр очсон. Одоогийн дистрибьютор болон хэд хэдэн компани ирж, трейлерийг нь хараад их шохоорхсон. Гэтэл кино руугаа орсон чинь олон алдаа дутагдал гарч ирсэн дээ. Эмэгтэй захиралтай компани үлдээд “За яах вэ, энийг чинь засаад зарж чадна аа. Дандаа Хятад, Солонгос кинонууд байна. Монгол гэдэг нь онцлог байна” гэсэн юм. Тэгээд л намайг хүнд байдлаас авч гарч байв. Тэд хааны зарлиг шиг урт “комент” гаргаж өгсөн. “Ордон доторх зураг авалтаа багасга”, “Хөдөлгөөнөө нэм”, “Гол дүрийнхээ шугамыг алдсан байна” гэсэн. “Ану хатан” дээр Галдан их гарсан шүү дээ. Гол дайсан нь төгсгөл хэсэгтээ гарч ирсэн. Гэтэл гол дайсан эхний 11 минутад гарч ирэх ёстой гэж байгаа юм. Бүгдийг нь яс хавталзаж сонсоод, сэтгэл хөдлөл нэг өгсөөд, нэг бууж байв. Дараагийн киногоо хийх асар их туршлага хуримтлуулж, илүү шат ахисан шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *