Categories
мэдээ цаг-үе

Б.Шинэбаяр: Ромеод тоглоход төрсөн айдас жүжгийн хаалтын үеэр л бага зэрэг дарагдсан

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа.

-“Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрд тоглосон сэтгэгдлээ хуваалцаач. Яаж энэ дүрд сонгогдсон юм бэ?

-Наймдугаар сарын 17-нд ерөнхий найруулагч Н.Наранбаатар нийт уран бүтээлчдийг цуглуулж хурал хийгээд дүр хуваарилалт хийсэн. Ингээд надад “Ромео Жульетта” жүжгийн залуучуудын хайр дурлалын бэлгэ тэмдэг болсон Ромеогийн дүрийг өгсөн. Гол дүр аваад баярлаж байсан ч хамгийн түрүүнд энэ их итгэл найдвар, хариуцлагыг алдахгүй юмсан гэдэг айдас төрсөн. Гурван сарын турш сургуулилт хийж, найруулагчдаа загнуулах заримдаа магтуулах үе байсан. Арваннэгдүгээр сарын 12-нд Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойгоор “Ромео Жульетта” жүжгийн нээлтийг хийсэн. Жүжгийн нээлтийн үед маш их сандарсан. Энэ өдрийн тоглолтод алдах вий, үг буруу хэлчих вий гэх эмээлт байсан. Энэ жүжиг 20 жилийн дараа тайзан дээр дахин тоглогдож байгаа учраас надад маш их хариуцлага ирсэн хэрэг. Нээлтийн тоглолтын дараа сэтгэл бага зэрэг тайвширсан ч дараа дараагийн өдөр үзээгүй үзэгчид үзэж шүүх учир хариуцлага маань хэвээр байсан. Нэг тоглолтоос дараагийн тоглолт болгонд сургуулилт хийж байгаа юм шиг шинийг эрэлхийлж байлаа. Хаалтын тоглолт болж, айдас маань бага зэрэг дарагдсан ч гэсэн хариуцлага дуусаагүй л байна. Ромеод тоглосон маань цаашдаа өөр уран бүтээл дээр тоглох хүсэл мөрөөдөл эрмэлзлийг маань эрчилж өгсөн.

-Энэ удаагийн Ромео өмнөх Ромеонуудаас юугаараа өөр вэ?

-Өмнөх Ромеонууд бол тухайн зууныхаа хувцас, хэрэглэл, тавилтуудаар тайзнаа амилсан. Энэ удаагийн бүтээлийн хувьд шинэ дэг тавилттай, театрын урлагт хөдөлгөөний шинэчлэл хийж байгаа гэх мэт олон онцлогтой. Орчин цагийн шинэлэг гэдэг утгаараа өмнөх Ромеонуудаасаа тэс ондоо байлаа.

-Та “Аав” киноны гол дүрд тоглосны дараа “Ромео Жульетта” жүжигт тоглосон. Тухайн үед аав, ээжийн тань сэтгэгдэл ямар байсан бэ?

-Миний амьдралын зорилго Баасанбуугийн Шинэбаяр гэдэг энэ алдар, овгийг кино болон тайзан дээрээс дуудуулах. Эцэг, эх хоёртоо төрүүлж өсгөсөн хүүхэд нь өдий зэрэгтэй явж байгааг харуулна гэдэг миний хувьд асар их аз жаргал, баяр баясал. Ээж аав хоёр маань надад урмын үг хэлдэг л дээ. “Аав” киноны гол дүрд тоглоход аав, ээж маань их баярласан. “Ромео Жульетта” жүжгийн нээлтэн дээр ирээд түүнээс илүү баярлаж, олон сайхан урмын үг хайрласан. Дэлгэцийн уран бүтээл болоод тайзан дээр гол дүрд тоглосон учраас бахархах сэтгэл төрсөн гэсэн.

-Жульетта буюу хамтрагчтайгаа хэр нийцтэй байв?

-Дөлгөөн бид хоёр үнэхээр сайн гар нийлдэг. Сургуулилт хийх гурван сарын хугацаанд бие биенээ мэдэхийн тулд байнга хамт байдаг байлаа. Одоо нэг нэгнийгээ сайн ойлгодог болсон. Зүв зүгээр байгаа хоёр хүнийг тайзан дээр гаргаад хайр аа гээд дуудуулаад байна гэдэг сонин биш. Гол нь тэр хоёр бие биедээ дасч, сайхан занг нь мэдэж байж тухайн жүжгэн дээр хамтарч ажиллахад илүү амар байна шүү дээ.

-Ромеод тоглоод охид, бүсгүйчүүдээс хэр их захиа авч байна?

-Гудамжинд таараад, фэйсбүүкээр ч баяр хүргэе, сайхан уран бүтээл болсон байна гэх урмын үгс хэлдэг.

-Драмын театрт ажиллах ямар байна вэ. Шалгуур өндөр гэдэг шүү дээ. Ямар уран бүтээлүүд дээр ажилласан бэ?

-Ер нь бол босго өндөртэй. Тухайн хүн өөрөө асар их хичээж, их хөдөлмөрлөж байж оршин тогтноно. Тийм учраас маш их хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл хэрэгтэй. Би 2014 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Өмнө нь “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм” жүжигт олны хэсэг болон дүр нөхөлтүүд дээр ажилласан байна. Энэ удаагийн “Ромео Жульетта” жүжиг бол миний хамгийн анхны гол дүр дээр ажиллаж байгаа сонгодог бүтээл.

-Хэдэн онд сургуулиа төгссөн бэ. Яагаад жүжигчин болохоор шийдэж байв?

-Энэ мэргэжлийг багаасаа хүсч мөрөөдсөн юм. Жаахан байхаасаа зурагтаар жүжигчдийг хараад жүжигчин болъё гэж боддог болсон. Тэгээд ч урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй оролцдог хүүхэд байлаа.

Соёл урлагийн их сургуулийг 2013 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатар багшийн удирдлага дор суралцаж төгссөн юм. Одоо бодоход багш маань намайг дөрвөн жилийн хугацаанд театрын урлагт бэлтгэж байжээ.

-Анхны уран бүтээлийнхээ талаар яриач?

-Анх 2012 онд “19” кинонд тоглож байлаа. Монголын гурван том найруулагч “19” киног 30, 30 минутаар гурван хэсэг хувааж найруулсан юм. Энэ киноны хамгийн сүүлийн хэсгийг найруулсан И.Нямгаваа найруулагчийн хэсэгт тоглож байсан. Тэр үед ерөнхий найруулагч нь Нямгаваа гуай, нэгдүгээр найруулагчаар нь Сэнгэдорж ах ажилласан. Тухайн үед Сэнгэдорж найруулагчаас их юм сурсан даа. Миний хамгийн анхны уран бүтээл байсан болохоор их дурсамжтай санагддаг. Бас хайрладаг юм.

-Театрт орохоосоо өмнө хэдэн кинонд тоглосон бэ. “Аав” кинонд анхны гол дүрээ мөнхөлсөн шүү дээ. Тэр дүрээ өөртэйгөө төстэй гэдэг юм билээ?

-“Хязгааргүй”, “19”, “Учрал”, “Аав” зэрэг таван кинонд тоглосон байна. “Учрал”, “Аав” киноны дүрүүд аль аль нь миний амьдралтай ойр. “Аав” кинон дээр гардаг шиг амьдралын төлөө зүтгэдэг, зөөлөн талдаа хүн. Дээр нь нэлээн тайван зантай.

-“Аав” кинонд яаж сонгогдож байв?

-Ц.Цэрэнболд ах, зохиолч Энхдалай ахтай манай өрөөнд уулзаж байхад нь би өрөөндөө хальт ороод мэндлээд гарсан юм. Тэгэхэд яг Цэрэнболд ах “Энэ хүүхэд шүү дээ” гээд ярьж байсан. Дараа нь найруулагч Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нар “Аав” гээд кино хийх гэж байгаа. Ц.Цэрэнболд ахын залуу насны дүрд чамайг харж байгаа гэсэн. Тэгээд л тоглохоор болсон доо.

-Тоглолт бүрийг нь харж үлгэрлэл авдаг жүжигчин бий юу?

-Л.Дэмидбаатар багшаасаа, Ц.Цэрэнболд, Г.Эрдэнэбилэг ах нараасаа үлгэр дуурайл авна. Ер нь бол ахмад уран бүтээлчдээсээ үлгэрлэл авна шүү дээ. Ялангуяа урлагийн хүмүүс гудамжаар явж байхдаа хүртэл ёс зүйтэй байх хэрэгтэй учраас суралцах зүйл их байдаг.

-Үзэх дуртай киногоо нэрлээч?

-Хамгийн дурсамжтай кино гэвэл миний хувьд “The Notebook” байдаг юм. Тэгээд “Бригада” олон ангит кино байна. Хэд ч үзсэн уйддаггүй кино шүү.

-Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?

-Чөлөөт цагаараа өөртөө хэрэгтэй зүйлийг хийх дуртай. Жүжигчин хүн үзэгчдээсээ, нийгмээсээ нэг алхам түрүүлж алхах ёстой гэдэг утгаараа цаг зав гарвал аль болох өөрийгөө хөглөж, хөгжүүлэхийг боддог. Ер нь залуу хүн завгүй байхдаа сайхан. Хэтэрхий задгай, чөлөөтэй байдал руу ороод ирэхээр хүн лазантаж эхэлдэг. Хүн завгүй байх тусам ямар ч зүйлийг хийж амжуулаад байдаг. Завтай байх үед хоёр ажил давхцахад тэгж байгаад хийчихнэ гээд хойшлуулаад байдаг юм билээ. Өнөөдөр хийх ажлаа өдөрт нь хийх хэрэгтэй. Залуу хүн эрч хүчтэй, сэргэлэн цовоо, бүтээлч, хөдөлмөрч ер нь завгүй байх хэрэгтэй гэж боддог. Ийм байвал илүү их амжилтад хүрдэг болов уу.

-Өөрийгөө хөгжүүлдэг гэж ярьж байсан?

-Он гараад хэлний сургалтад түлхүү сууж эхлэх гэж байна. Англи, Орос хэлээ сайжруулна. Ялангуяа монгол хэл дээр орчуулагдаагүй байгаа зарим гоё зохиолыг төрөлх хэл дээрээс нь уншаад ойлгодог болчихмоор байна.

-Хайрын тухай кинонд тогловол эмэгтэй хамтрагчаар хэнийг сонгомоор байна. Ийм сэдэвтэй кинонд тоглох уу?

-Яг хэнийг гэхээ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ залуучуудад хайрыг харуулсан үнэ цэнтэй кинонд тоглохыг хүсч байгаа.

-Цаашдаа тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Өнөөдөр би Ромеод тоглосон шүү дээ. Дараа нь хүмүүс намайг хараад энэ чинь хэн билээ нөгөө Ромеод тоглосон залуу байна шүү дээ гэж дуу алдахаар эрс өөр дүр бүтээхийг хүсч байна. Аль болох өөрийгөө эвдсэн, өөр өнцгөөс харуулсан дүрүүдэд тоглохыг хүсдэг.

-Киноны санал ирж байгаа юу?

-Ирж байгаа. Мэдээж театрын ажлаа нэг номерт тавина. Театрын ажил давхцахгүй бол зав чөлөөгөө харж байгаад кинонд тоглож болно.

-Ойрын үеийн төлөвлөгөө юу байна?

-Театрынхаа ажлыг харж байгаад он гарахаар нэг кинонд орох бодолтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *