Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Сэргэлэн: Өнөөгийн мөрдөгдөж байгаа сонгуулийн хууль нь хурц харизмтай, популист улстөрчдийг гаргах шалтгаан болж байна DNN.mn


Улс төр судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Сэргэлэнтэй сонгуулийн хууль болон парламентын тогтолцооны асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Ерөнхий сайд жил жилийн төсөв алдагдалтай гардаг нь 76 жижиг тойргоос болдог гэдгийг хэлсэн. Мөн Төсвийн тодотгол УИХ-аар хэлэлцэх үед гишүүдийн дунд хот, хөдөөгөөрөө ялгарч маргалдаж байна. Энэ нь үнэхээр сонгуулийн хууль, тогтолцооны гажиг уу. Та үүнийг яаж харж, тайлбарлах вэ?

-Ерөнхий сайдын хэлсэнчлэн жижиг 76 тойрогтой сонгуулийн тогтолцооны гажиг, сөрөг нөлөөлөл гэж харж байгаа. Юуны өмнө сонгуулийн тогтолцоо гэж яг юу юм бэ, манайх ямар тогтолцоогоор явж ирсэн бэ гэдгийг тодорхой хэлье л дээ. Сонгогч хэдэн саналтай байх, саналаа хэнд өгөх, саналыг парламентын суудалд ямар аргаар хуваарилах зэргийг зохицуулсан багц хууль, дүрмийг сонгуулийн тогтолцоо гэдэг. Олон төрлийн сонгуулийн тогтолцоо бий. Гэхдээ тухайн улсын сонгуулийн тойргийн хэмжээ, түүнд оногдож буй мандатын дундаж тоо, тойргоос ямар зарчмаар ялагчдыг тодруулж байгаагаар нь сонгуулийн тогтолцоог мажоритар, плуралит эсвэл пропорциональ гэж хоёр хуваадгийг хүмүүс мэднэ. Мажоритар болон плуралит нь төстэй боловч тус тусдаа бие даасан тогтолцоо юм. Нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нь ялагч болдог зарчмыг плуралит тогтолцоо гэдэг. Тэгвэл заавал сонгогчдын үнэмлэхүй олонхын буюу 50 хувиас илүү санал авч байж сонгогддог дүрмийг мажоритар тогтолцоо гэнэ шүү дээ. Хэрэв хэн ч үнэмлэхүй олонхын дэмжлэг аваагүй бол хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулдаг нь энэ тогтолцооны онцлог. Түрүү нь хэлсэн 76 тойргоос сонгогдсон 76 хүн өөрсдийн гарч ирсэн тойрогтоо худлаа үнэн ажил хийх гэж тодорч гарч ирнэ. Өөр тойргийн аль нэг гишүүнээс болж өөрийнх нь тойрогт хэрэгжих байсан төсөл нь зогсоход дургүйцэх нь мэдээж шүү дээ. Тиймээс төсвөө ч тэр, нэгдмэл байдлаа бодсон ч тэр бид энэ тогтолцооноос салах ёстой.

-Таны хэлсэн энэ тогтолцоог манайх өмнөх сонгуулиуддаа ашиглаж байсан. Харин өнгөрсөн 2020 оны сонгууль арай өөр хэв маягаар явсан шүү дээ…

-Тэгсэн. Сонгуулийн плуралит тогтолцоог манай улс 1996, 2000, 2004 оны УИХ-ын сонгуульд ашигласан байдаг. Тухайн үед уг тогтолцоог манайхаас гадна Франц болон түүний колони байсан улсууд хэрэглэж байсан шиг санагдана. Мөн жижиг тойргийн плуралит тогтолцоог манай улс 2016 оны УИХ-ын сонгуулиар ашигласан. Харин томсгосон тойргийн плуралит тогтолцоог 1992, 2008, 2020 оны УИХ-ын сонгуульд хэрэглэсэн байдаг. Нөгөөтэйгүүр, мажоритар тогтолцоо нь сонгогч өөрийн төлөөлөгчөө шууд сонгож, хариуцлага тооцох боломж олгодгоороо давуу талтай. Гэвч сул талууд нь өнөөдөр бидэнд өдөр тутамд ажиглагдаж байна шүү дээ. Тухайлбал, одоогийн энэхүү сонгуулийн тогтолцоо нь Монгол Улсыг олон жижиг тойрогт хуваадаг учраас бүх нийтийг хамарсан төрийн бодлого орхигдож байна. Юм л болбол манай, танай тойрог гээд эрх мэдэлтнүүд нь 76 зүг хараад суучихдаг. Үүнээсээ болоод янз бүрийн бүлэг, фракц үүсч, нийт намаараа үнэмлэхүй олонх болсон ч дотроо хэд, хэд хуваагдчихаж байна. Яг энэхүү сул тал манай эрх баригч намд харагдаж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр нэг тойргоос цөөн тооны парламентын гишүүд сонгогддог тул олон сонгогчдын санал гээгдэх аюултай байдаг. Нөгөө цагаан сонголт гэсэн үг. Өнөөгийн эрх барьж байгаа МАН нийт иргэдийн 40 хүрэхгүй хувийн саналыг авсан. Тэгэхээр тооны хувьд үнэмлэхүй олонх болсон ч нийт иргэдийн дунд тийм биш байгаа юм. Мөн энэ тогтолцооны өөр нэг сул тал бол иргэд саналаа намд бус нэр дэвшигчид өгдөг учраас намын үзэл санаанд бус улстөрчдийн хувь хүний зан чанар, харизмд суурилсан өрсөлдөөн явагдаж улмаар популист улстөрчид сонгогддог. Өнөөгийн мөрдөгдөж байгаа сонгуулийн хууль нь өөрөө хурц харизмтай, популист улстөрчдийг гаргах шалтгаан болж байна шүү дээ. Тиймээс л улстөрчид намын бодлого, мөрийн хөтөлбөр гэхээс илүү хувь улстөрчийнхөө бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ түлхүү анхаарч байгаа юм. Үүнээс болоод бүлэглэг, фракц, талцал хуваагдал бий болж байна гэсэн үг. Тиймээс бид яаралтай сонгуулийн тухай хуулиа өөрчлөх, дахиж ийм тогтолцоогоор явахгүй байх учиртай.

-Мажоритар тогтолцооны сул талыг хэллээ. Зарим улстөрчид үүнийг хамгийн боломжит хувилбар ч гэдэг. Тэгвэл зарим нь пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоотой болъё гээд байгаа шүү дээ. Энэ тогтолцооны давуу болон сул талыг та юу гэж хэлэх вэ?

-Юуны өмнө пропорциональ тогтолцоо гэж юу гэдгийг хэлье. Товчхондоо, намуудын авсан саналыг парламентын суудалд хувь тэнцүүлэн хуваарилдаг зарчмыг пропорциональ тогтолцоо гэнэ. Энэ тогтолцоог хамгийн багадаа хоёр болон түүнээс дээш мандаттай тойрогт ашиглах боломжтой. Пропорциональ тогтолцоог дотор нь хаалттай болон нээлттэй жагсаалт гэж хоёр хуваадаг шүү дээ. Тухайн нам нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг өөрөө гаргаж, сонгогчид тэрхүү жагсаалтыг дэмжих, эс дэмжих шийдвэр гаргадаг бол хаалттай жагсаалт. Харин сонгогчид намд санал өгөхөөс гадна дэмжиж буй нэр дэвшигчдэдээ санал өгөх боломжтой бол нээлттэй жагсаалт юм. Ингэснээр хамгийн их санал авсан нэр дэвшигчид нь тухайн намаас парламентын гишүүн болдог. Ерөөсөө ийм л зарчимтай тогтолцоо. Үүгээр явбал сул талууд ганц нэг бий ч цөөн хүн амтай, эдийн засаг багатай манайх шиг оронд их зүгээр.

-Сул тал нь мэдээж иргэдийн сонгоогүй улстөрч УИХ-д орж ирнэ л дээ. Өөр ямар сул тал байна?

-Намын хаалттай жагсаалтаар сонгогчдын төлөөллөө шууд сонгох эрх хязгаарлагдаж, намын удирдлагад эрх мэдэл төвлөрдөг. Ингэхээр нам илүү хүчтэй болно гэсэн үг. Тэр дундаа намын даргын төлөөх өрсөлдөөн их явагдана. Энэ нь нийгэмд сайн ч саарч зүйлийг араасаа дагуулж болно. Нөгөөтэйгүүр намын удирдлагуудад эрх мэдэл хэт төвлөрснөөс үүдэж улстөрчдийг иргэд, сонгогчдоос холдуулах эрсдэлтэй. Харин намын сахилга бат сайжирч улмаар институт болж хөгжих боломжийг бүрдүүлдэг. Нээлттэй жагсаалтын хувьд хэдийгээр иргэдэд өөрийн төлөөлөгчдөө шууд сонгох эрхийг олгодог ч нэг намаас дэвшиж буй улс төрчид хоорондоо өрсөлдөж, намын дотоод зөрчлийг хурцатгадаг. Хамгийн голлох сөрөг нөлөөлөл нь хэт олон нам парламентад суудалтай болсноор Засгийн газар байгуулах чадамжтай парламентын олонх бүрдэхгүй байх өндөр эрсдэлтэй юм. Ингэснээрээ Засгийн газар удаан хугацаанд оршин тогтнож, тогтвортой бодлого үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ үүнийг зохицуулсан дагалдах хууль гаргачихаж болно.

-Харин давуу талын хувьд…

-Пропорциональ тогтолцооны хамгийн том давуу тал бол сонгогчдын санал хамгийн бага гээгддэгт л оршиж байгаа юм. Хоёрдугаарт, нийгмийн цөөнхөд өөрийн төлөөллийг парламентад суудалтай болгох боломж бий болдог. Гуравдугаарт, олон намын тогтолцоог бий болгох замаар зөвшилцөл, харилцан ойлголт дээр суурилсан улс төрийн соёлыг бүрдүүлдгээрээ давуу талууд их бий.

-Таныхаар бид цаашид ямар тогтолцоог нь түлхүү ашиглах ёстой юм бэ?

-Би түрүүн хэлсэн. Манайх шиг жижиг эдийн засагтай, төсвийн орлого багатай, цөөн хүн амтай улс пропорциональ тогтолцоотой байх нь зөв. Бусад ардчилсан улсуудын ихэнх нь энэхүү тогтолцоогоор сонгуулиа явуулдаг. Тухайлбал, Европ, Скандинав, Өмнөд Америкийн улсууд байна. Нөгөөтэйгүүр бид 30 гаруй жил зөвхөн хоёрхон улс төрийн намын ээлжилсэн бодлогоор явлаа. Өнөөдөр Монгол Улс дорвитой хөгжсөн зүйл алга. Улстөржсөн, хуваагдсан, нийлж төрөөс хулгай хийдэг улс төрийн томоохон бүлэглэлтэй боллоо. Гуравдагч улс төрийн хүчин гарах ямар ч боломжгүй. Шинэ салхи, шинэ улстөрчийг сонгох ямар ч боломжгүй байна шүү дээ. Үүнээс болж сүүлдээ сонгууль явуулсан ч ирц хүрэхгүй дахин дахин санал хураалт гэсээр эдийн засаг талаасаа ч тэр, цаг хугацааны хувьд ч тэр асар их үргүй зардлыг гаргаж байна. Тиймээс хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулиа явуулах нь зөв. Монголын ард түмэн улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг тэртэй тэргүй бүгд мэдэж байгаа. Одоо явж байгаа сонгуулийн тогтолцооны хамгийн сул тал нь ялах магадлалгүй гуравдагч хүчинд санал өгвөл санал нь хүчингүй болохыг ухамсарласан зарим сонгогчид ялах магадлал өндөртэй намуудын аль нэгийг дэмжихээс өөр сонголтгүй болж байна. Угтаа манай улс олон намын тогтолцоотой. Гэвч хоёрхон нам асуудлыг дангаараа шийдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хоёр намын тогтолцоотой гэж хэлэхэд буруудахгүй. Хоёр намын тогтолцоотой байна гэдэг эрх мэдэлд тавих хяналт багасах, улмаар авлига, дарангуйлал газар авах эрсдэлийг агуулж байдаг. Түүнчлэн хоёр нам улс төрийн орон зайг бүрэн эзэлсэн үед хоорондоо үзэл санааны болон бодлогын хувьд ялгаагүй болох хандлага ажиглагддаг. Энэ нь нөгөө яриад байгаа МАНАН-г өөрийн эрхгүй бий болгоно гэсэн үг шүү дээ.

-Нөгөөтэйгүүр гишүүдийнхээ тоог нэмье, дээд, доод танхимтай болъё. Ядаж л 150-180 орчим гишүүнтэй болъё гэж байгаа. Үүнтэй та санал нийлэх үү. Улс төр болоод намууд нь хөгжчихсөн АНУ, Англи, Япон гэх орнууд хоёр танхимтай шүү дээ…

-Хуучин цагт Ардын их хурал, бага хурал буюу дээд, доод танхимтай байсан түүх, манай улсад бий. Түүхэнд Богд хааны Засгийн газрын үед Манжийн дарлалаас салсны дараа дээд, доод танхимтай байлаа. 1990-1992 оны хооронд Ардын их хурал гэж манай нийгэмд хэрэгжээд хоёр жил болсон тогтолцоо байв. Тухайлбал, 1990 онд Ардын их хурал байгуулж, тус хурлаасаа Улсын бага хурал байгуулж байлаа. Үндсэндээ дээд, доод танхимд хуваагдаж байсан гэсэн үг. Нийт ард иргэдийг төлөөлсөн институци нь Ардын их хурал байсан юм. Ардын их хуралд сонгогдсон 430 гишүүн ямар намын харьяа байна гэдгийг судалж Улсын бага хуралдаа Ардын их хурлаасаа хүмүүсээ төлөөлж суулгадаг байлаа шүү дээ. Улмаар 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн батлахдаа Ардын их хурлыг байхгүй болгочихсон. Тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл олигархижсан тогтолцоо бий болчихсон байна. Тиймээс дээд, доод танхимтай болгох асуудлыг бий хувьдаа дэмжинэ. Угтаа манайд байсан зүйл. Үүнийг арай орчин үеийнхээ үзэл бодол, тогтолцоотойгоо уялдуулаад явахад манайд тохирохгүй гэсэн зүйл байхгүй. Харин ч эрх мэдлийн хуваарилалт зөв болж ирнэ. Хэрэв дээд тоод танхимтай болбол хамгийн түрүүнд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулна. Тухайлбал, манай улс гурван сая гаруй хүн амтай. Тиймээс наанадаж 700 гишүүнтэй Дээд танхим байж болох юм. Харин доод танхим түүнээс цөөн тооны гишүүдтэй байж болно. Ер нь хэд ч байж болно. Ингээд Дээд танхимаасаа Ерөнхий сайдаа томилдог байх. Түүний дараа Ерөнхий сайд нь өөрийнхөө сайдуудыг өөрөө томилдог байх ёстой. Мөн Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор зэргийг дээд танхимын хурлаараа сонгодог байх нь зөв. Энэ тогтолцоог хэрэгжүүлбэл бид ямар ч байсан одоогийн байгаа тогтолцооноос хамаагүй дээд түвшинд хүрч магадггүй.

-Зарим хүмүүс 76 “хулгайч”-аа яая гэж байхад дахиад тоог нь нэмнэ гэж юу байдаг юм гэж ярьдаг. Гишүүдийн тоог нэмснээр яг ямар ач холбогдол бий болох юм бэ?

-Хар ухаанаар л бодоход ,76 хүнийг мөнгөтэй улс орон худалдаад авахад амархан. Улс орон ч гэлтгүй дотоодын томоохон бизнесмэнүүд худалдаад авчих бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар эдгээр хүмүүсийн ихэнх нь ардаа бизнестэй, өөрийн гэсэн эрх ашигтай болчихсон байгаа биз дээ. Тэгэхээр аль хэдийнэ худалдагдчихсан гэсэн үг. Хэрэв гишүүдийн тоог ядаж л 180 болгочихвол бүгдийнх нь үг, үзэл бодол, зарчим үйл ажиллагааг нь худалдаж авахад бэрх болно. 180 гишүүнээс 80, 90 нь худалдагдлаа гэхэд цаана нь 100 хүн Монгол Улсын хөгжлийн төлөө, иргэд сонгогчдынхоо төлөө бодит дуу хоолой болно. Ингэж байж л тогтолцооны баланс баригдах ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *