Categories
мэдээ цаг-үе

Б.Сэлэнгэ: Гурван ихэр минь бидэнд ирье гэж ирсэн бурхны хишиг

Алдарт эх Б.Сэлэнгэтэй ярилцлаа.


-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Аль нутгийн хүн бэ?

-Би Улаанбаатар хотын унаган иргэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Яармагт бага нас минь өнгөрсөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төгссөн 34 дүгээр сургуулийг төгссөн.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Нөхрийг маань Пүрэвсүрэнгийн Батбаяр гэдэг. Хан сүрэг сан сэндвичин барилга барьдаг компанид ажилладаг. Найман хүүхэдтэй айлын бага нь.

-Нөхөртэйгөө анх хэзээ танилцаж байв?

-Нөхөр маань арван жилийн нөгөө ангид сурдаг байсан. Сургуулиа төгсөөд үерхэж эхэлсэн юм уу даа. Одоо хэдэн жил болчихсон юм бэ. 1998 онд арван жилээ төгссөн гэхээр 21 жил болчихсон юм байна.

-Анх хэзээ аав, ээж болж байв?

-Манай том охин 12 настай. 52 дугаар сургуульд сурдаг. Би арван жилээ төгсөөд Сувилагчийн сургуульд гурван жил сурсан. Сувилагч мэргэжилтэй. Манай хүн ХУД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах Бизнесийн дээд сургуулийг Компютер программ хангамж мэргэжлээр төгссөн. Би сургуулиа төгсөөд Хавдар судлалын үндэсний төвд зургаан сар ажиллаад БНСУ руу явсан. Нөхөр маань араас ирээд бид хоёр зургаан жил тэнд амьдарсан. Том охиноо Солонгост төрүүлж байлаа. Тэгээд 2007 онд Солонгосоос жирэмсэн ирээд 2008 онд хуримаа хийсэн. Тэгж л бидний амьдрал эхэлж байлаа.

-Өнөр өтгөн гэр бүлийн гишүүдээ танилцуулаач?

-Охин 2006 онд төрсөн, Хулан гэдэг. Удаахь хүү 2008 онд төрсөн Төгөлдөр дараагийн хүү маань 2013 онд төрсөн, Тамир гэдэг. Гурван ихэр маань 2018 онд төрсөн. Болор-Эрдэнэ, Оюун-Эрдэнэ, Түвдэндорж гэж нэрлэсэн. Гурван хүүхэдтэй байх үед манай ээж “Гурван хөлтэй ширээ байдаггүй. Дөрөв дэх хүүхдээ гарга. Одонгоо ч авах юм чинь миний охин нэг хүүхэд төрүүлчих” гэж билээ. Тэгэхээр нь нээрээ л ганц хүүхэд гаргаад одонгоо авчихъя гэж бодоод 37-ныхоо жил дээр жирэмсэн боллоо. Эхлээд ЭХО-д харуулахад сайн мэдэгдээгүй. Ихэр байж магадгүй сарын дараа ирж дахиж үзүүлээрэй гэсэн.

-Сарын дараа очиж үзүүлээд гурван ихэр гэж мэдээд юу бодогдов?

-Анх сонсоод маш гайхсан. Том охин, нөхөртэйгөө хамт очсон юм. Бид сонсоод ер нь бол итгээгүй. Сайхан худлаа ярьж байна даа л гэж бодсон. Ихрийн удамтай юу гэж асуусан л даа. Нөхрийн маань талд бий. Манай талд ч байгаа. Гэтэл ихэр байна. Бүр гурав шүү гэхээр нь үнэндээ гайхсан. Тэгээд ЭХО-д үзүүлтэл зүрхний цохилт нь ороод ирсэн. Нөхөр мэдээд шокын байдалд орсон. Ер нь би өөрөө ч шоконд орсон. Эхний хэдэн сар бол итгээгүй. Бага сартайд нь хүмүүсээс нууж явсан л даа. Анх ээж рүүгээ ярьж хэлсэн. Баярлаад байгаа нь мэдэгдэхгүй, яасан нь мэдэгдээгүй. “За чимээгүй байгаарай миний охин. Хэнд ч хэлж болохгүй шүү” гэсэн. Тэгээд л хэнд ч хэлэлгүй нуусан. Эмч хэлэхдээ “Гурван хүүхэд бол чанга. Эрт үедээ эрсдэх магадлал ч бий. Тиймээс эх хүн юм чинь чи л өөрөө биеэ сайн бодож яваарай. Ээжээс л бүх зүйл шалтгаална. Чи л эрүүл байж ураг эрүүл саруул бойжно” гэсэн. Харьцангуй жирэмсэн үедээ гайгүй байсан шүү. Манай гурав ээжийгээ нэг их зовоогоогүй.


-Гэр бүл болохдоо хэдэн хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байв?

-Хүмүүс шиг тэдэн хүүхэдтэй болно гэж ярьдаггүй байсан л даа. Манай нөхөр найман хүүхэдтэй айлын бага нь. Би ах, дүү дөрвүүлээ. Олуулаа өсөх сайхан шүү дээ. Жаахан байхдаа би айлын хүүхдүүдийг их хардаг, асардаг байлаа. Хүүхдэд их хайртай. Тэгэхээр манай ээж намайг “Энэ нэг бол цэцэрлэгийн багш болно, эсвэл өөрөө олон хүүхэд төрүүлнэ. Бөөнийгөөд л олон хүүхдүүд хормойноос нь зүүгдсэн хүн болно” гэдэг байсан. Одоо бодохоор ээжийн хэлж байсан үг үнэхээр үнэн санагддаг.

-Тээх явцад гурав, нэгийн ялгаа байх уу?

-Байлгүй яахав. Тээхэд гурав юм болохоор том. Цаанаа л нэг ондоо. Ядарна, гэдэс нэлээн томорсон шүү. Долоон сартай гэхэд өмнө нь төрөх үе шиг болтлоо томорсон байсан. Найз нөхөд хараад яасан том байна аа гэнэ. Би хэлээгүй болохоор гүрийгээд л мэдэхгүй ээ, харин хөгширсөн болохоор тэгж байгаа юмуу их л томроод байна л гэдэг байлаа.

-Төрснийх нь дараа найзууд нь мэдээд яаж хүлээж авав?

-Эргэлзсэн байдалтай байсан шүү. Чи чинь ямар аймаар нуудаг юм бэ. Хэлдэггүй гээд л. Гол нь гурван ихэр хүүхэд гэдэг хүн болгонд ирээд байдаггүй болохоор хэл амны нэмэр л дээ. Ховор тохиолдол надад заяасан болохоор айсан л даа.

-Төрөх үед ямар нэгэн хүндрэл гарсан уу?

-Долоон сартай байхад нь ус нь гараад кесерово хагалгаагаар төрсөн. Ёстой л анх төрөнгүүт нь миний гурван хүүхэд гар хөл, нүд ам нь бүрэн бүтэн байна уу л гэж боддог юм байна лээ. Дутуу төрсөн болохоор хүү эрчимт эмчилгээний тасагт, хоёр охин хүчилтөрөгчийн гуурстай нэг сар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтсэн.

-Мэдээж гурван ихэр хүүхэд төрүүлээд ажил хийх боломжгүй болно шүү дээ. Хэрэглээ нэмэгдэнэ. Тэгэхээр гэрийнхээ санхүүг яаж бүрдүүлж байна вэ?

-Нөхөрт л бүх ачаалал ирсэн дээ. Анх төрөхөд нь улсаас тус бүрд нь гурав, гурван сая төгрөг өгдөг юм байна лээ. Түүгээр нь эхний хэдэн сар үнэхээр тустай байсан. Дутуу кесерово хагалгаагаар төрөөд сүү орохгүй. Эмчилгээ хийлгэж байгаа болохоор хүүхдэдээ хамаагүй сүү өгч болохгүй. Эхэндээ гурван грамм сүүг шпирицээр өгнө. Яваандаа бага багаар нэмэгдээд тав, арав гээд явж байгаа юм. Тэр хооронд нь энэ хэдийн маань бие нь жаахан эвгүйтвэл буцаад л багасна. Арав нь тав, тав нь гурав гэх мэт. Хүү минь хоёр охиноос илүү хүнд байсан л даа. Эрчимт эмчилгээний тасагт арав гаруй хоносон. Охид маань байнгын хүчилтөрөгчийн аппарат залгуулна. Тэгэхгүй бол хөхрөөд агаар дутагдана. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хамгийн гол нь сахиур оруулдаггүй юм байна лээ. Би хүүхдүүдээ гурван цагийн зайтай өөрөө хооллоно. Эмнэлгийнх нь коридор хүн төөрмөөр урт нарийхан шүү дээ. Шөнө ч унтана гэж байхгүй. Хүүхдүүдээ эрүүл саруул болгохын тулд байнга гурван цагаар хоолыг нь зөөнө. Хоёр тусдаа байсан болохоор их ядарна. Нэг өдөр хүүхдүүдээ хооллох гээд бостол бүх юм дайвалзаад, сууж жаахан тайширчихаад эмч нартаа учирлаж хэлсэн л дээ. Тэгж байж гурав хоног сахиур авсан. Олон хүүхэдтэй ээжид ядаж хэд хоног сахиур хамт байлгамаар юм байна лээ. Тэнд чинь бүгд л дутуу төрсөн нярайтай. Бүгд өөр өөрсдийнхөө хүүхдийг харна. Хэн нь хүний хүүхэд гээд гүйж байхав, хэцүү. Эхний нэг сар их хүнд байсан. Эмнэлгээс гараад хүү жаахан хүнд байсан болохоор сайн бойжуулах гээд хүүгээ ихэвчлэн хөхүүлнэ. Хоёр охиноо нэмэлт тэжээл, угжаар хооллодог байсан л даа.

-Гэртээ гараад ямар байв?

-Сарын дараа гэртээ гараад хамаагүй ондоо юм байна лээ. Бие ч тэнхэрнэ. Ээж аав минь хоол унд хийж өгөөд, эгч ах нар нь дүү нараа хооллоод амарч чадаж байгаа юм. Миний охин чинь бас нэг ээж гэсэн үг шүү дээ. Эмнэлгээс гараад 2-3 удаа гэнэт агаар дутагдаад бие нь хөхөрчихнө. Эмнэлэгт байхдаа мэддэг болчихсон болохоор сандраад л хувцсыг нь тайлаад иллэг хийнэ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хэд хэд явсан. Гурван ихэр болохоор өвдөхөд л жаахан хэцүү. Нэгийг нь аваад эмнэлэгт хэвтэнэ. Нөгөө хоёр нь угжаар хооллоно. Тиймэрхүү бэрхшээлүүд их гарна. Одоо бол нэг ой таван сар хүрчихлээ. Овоо бойжчихсон болохоор бас сэтгэл амраад байна. Удахгүй зусландаа гарч сүү цагаан идээн дээр хүүхдүүдээ илүү сайн бойжуулах санаа байна.

-Эгч, ах нар нь зэрэг гурван дүүтэй болчихоор яаж хүлээж авав?

-Хоёр том нь гурван дүүгээ ээлжилж аваад өхөөрдөөд их дуртай. Дараагийн хүү нь харин нас нь арай бага болохоор жаахан барьцах маягтай. Гурван юм гарч ирээд тоохоо болилоо, хамт унтахгүй гээд гомддог байсан. Нэг сар эмнэлэгт байхад хүү минь л уйлаад утасдана. Ээж яагаад ирэхгүй байгаа юм. Яагаад дүү нарыг авч ирэхгүй байгаа юм гээд л залгана. Өөрт нь бол эмнэлгээс гарч ирсэний дараа хэсэг хаягдчихсан ч юм шиг мэдрэмж төрдөг байсан байх.

-Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Алдарт эхийн I, II” одонгоо зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авсан. Тэр үеийн сэтгэдэл ямар байсан бэ?

-Төрийн өндөрлөгөөсөө “Алдарт эхийн I, II” одонгоо зэрэг авахад сэтгэдэл үнэхээр өндөр байсан. Төрийн ордонд ороод одон гардуулах бүх ээжүүдийн хамгийн эхний ээлжинд орж авч байлаа. Төрийн тэргүүнээсээ, төрийн ордонд авна гэдэг хэн хүнд олдоод байхаар аз завшаан бас биш байх. Сэтгэл дүүрэн сайхан байсан шүү.

-Гурван хүүхэд зэрэг төрөөд ачаалал мэдээж нэмэгдсэн байх?

-Нэг хүүхдийг бодвол мэдээж харьцуулах зүйл биш л дээ. Өөрөө ч их ядарна. Хэрэглээ нь хүртэл гурав үржээд явах болохоор амар биш. Гэхдээ олон хүүхэдтэй байна гэдэг аль аль талдаа сайхан зүйл ч байна. Хэцүү зүйл ч байна. Гэхдээ цаг зуурын юм даа. Нэг нь ханиад хүрэхээр нөгөө хоёр нь авчихна. Эм авахад гурвыг авах хэрэгтэй болно. Тэгээд нэг зүйлийг их гайхсан л даа. Хөнгөлөлттэй олгодог эмийн журам гэж бас байдаг юм байна лээ. Тэр нь сарын эхний арван хоногт олгогдоод дуусчихдаг. Тэгээд хэдэн хүүхдээ өвтгөөд хараад суултай биш нөхөртөө захиад л авахуулна. Энэ мэтээр хүндрэл их гарна.

-Хөгжилтэй зүйл бас их гарна биз?

-Тэгэлгүй яахав. Эхэндээ манай гурав Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байсан. Нэг очиж үзүүлэхийн тулд бөөн юм болно. Гэр бүлээ тэр чигээр нь дагуулж явахаас наагуур юм болно. Тэгээд л юмаа мартана. Эргэнэ. Машинд суухад нөхөр машинаа бариад би урд нь нэгийг нь аваад сууна. Хоёр том охиныг нэг нэгээр нь тэвэрч сууна. Бүгд өөр өөрийн үүрэгтэй. Үүргээ мэддэг болчихсон. Одоо ихрүүд маань ой гарчихсан болохоор алзахгүй байх л гэж бодож байна. Хооллоход эхнээс нь нэг нэг халбагаар тойруулж өгнө. Сүүлийнхэд нь өгч байхад эхнийх нь нэхэж орилно. Би уг нь их тайван, удаан хөдөлгөөнтэй хүн байсан. Энэ гурвыгаа гаргаад хурдан байхыг сурсан даа.

-Дөнгөж төрсөн эх нярайгаа хаяад явлаа. Салалт ихэслээ, хүүхдээ зодлоо гэх сөрөг мэдээлэл их гарах боллоо. Эдгээр мэдээллийг сонсоод юу бодогддог вэ?

-Хүүхэд гэдэг амьдралд ирсэн бэлэг. Хоолгүй хонож байсан ч хүүхдүүд минь инээж байвал тэр чухал асуудал биш болдог. Нэг түүх байдаг шүү дээ. Баян, ядуу хоёр айл. Баяных нь эднийх ийм ядуу хоосон өлмөн зэлмэн хэрнээ байнга л инээлдэж байх юм. Манайхаас аз жаргалтай байх юм гэж ярина. Нэг удаа сонирхоод харсан чинь гэр дүүрэн хүүхэдтэй. Хүүхдүүд нь аз жаргалтай инээж байдаг. Тэгэхээр хүүхэд гэдэг айл гэрийн баяр баясал. Тэр үнэт эрднээ хайрлахгүй нялхаас нь гомдоож байгаа тэр эцэг, эх харамсалтай. Дахиад тэр хүнд хүүхэд заяагаач уу. Ирсэн дээр нь хайрлах хэрэгтэй шүү.

-Ер нь амьдралын үнэ цэнэ, гэр бүлийн үнэ цэнэ гэж таны бодлоор юу вэ?

-Миний бодлоор бол итгэл. Нэг нэгэндээ итгэх, хүндлэх, хайрлах нь амьдралын үнэ цэнэ. Нэгнийхээ дээр нь гарах гэж хэрэлдэх биш бие биенээ ойлгодог, хүндэлдэг байх нь л гэр бүлийн гол үндэс.

-Та дахиж төрөх үү?

-Үгүй. Одоо бол дахиж төрөх бодол алга. Бурхнаас өгсөн гурван бэлгээ л сайхан өсгөж хүн болгох нь гол зорилго болоод байна. Бидэнд ирье гэж ирсэн бурхны хишиг гэж боддог юм.

-Хүүхдүүдээ цэцэрлэгт өгөөд мэргэжлээрээ ажиллах уу?

-Хоёр ой хүрэхээр нь цэцэрлэгт өгч нөхрийнхөө ачааллыг хөнгөвчлөх хүсэл их байна. Харин гурван хүүхдийн цэцэрлэгийг яаж шийддэг бол гэж гайхаад л байна. Манай Яармагт шинэ сууршлын бүс гээд хүн ам ихээр төвлөрөх болсон. Цэцэрлэгийн асуудал их хүнд байгаа гэж сонссон. Цэцэрлэгт өгчихвөл мэдээж ажил хийнэ. Гэхдээ мэргэжлээрээ удаан ажиллаагүй, яг мэргэжлээрээ ажиллах эсэхээ сайн хэлж мэдэхгүй байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс Тамир маань сургуульд орно. Боломж нь олдоод гурван ихрээ цэцэрлэгт өгчихвөл ажил хийнэ дээ.

-Төрөөс гурван хүүхдэд төрснөөс нь хойш гурван саяас өөр тусламж үзүүлдэг үү?

-Үгүй. Төрөхөд нь есөн сая төгрөг өгсөн. Гурван ихрийг төрөхөөс өмнө манайхыг судалгаанд хамруулаад мөнгө авах ёстойгоосоо өндөр оноотой гээд хүүхдийн мөнгө өгөхөө больчихсон. Энэ гурвыг маань төрсний дараа ч өгөөгүй. Түрүү жил билүү наадмын өмнө нэг бөөнөөр нь өгөөд тэрнээс хойш дахиж аваагүй. Зургаан хүүхдийн 120 мянган төгрөг памперс, сүү гээд зардал ихтэй айлд их нэмэр болно л доо. Хүүхдийн мөнгөндөө хамрагдах гээд өргөдлөө өгсчихсөн байгаа, одоо хүртэл шийдэж өгөөгүй л байна. Тэр асуудлыг минь шийдээд өгвөл бас нэмэр болох юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *