Түрүүч нь № 191(6292) дугаарт
МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяатай ярилцлаа.
-Залуу уран бүтээлчид таны хуучны дууг сэргээн дуулъя гэсэн хүсэлт тавьдаг уу?
-Тавина. Манай залуу шинэ үеийнхэн гарч ирж байна. Зохиогчийн эрх гэж байдаг л даа. Хөгжмийн зохиолчоос нь, дуучнаас ч нь дууг нь аваад дуулж болдог. Ихэнх дуучид хөгжмийн зохиолчид сэтгэл зүрхээрээ бие биедээ уран бүтээл туурвичихдаг. Хэн ч мэдэхгүй тэр уран бүтээл дууг нь продюсерыг нь хийгээд, бичүүлээд, клип хийлгээд дүрсжүүлсний дараа зарим нэгэн хөгжмийн зохиолчид дуугаа дуулуулчихаад өөр дуучинд худалдсан тохиолдол байдаг. Тэр нь ёс зүйгүй л асуудал юм л даа. Энэ тал дээр уян хатан хандах ёстой гэж боддог. Тиймээс залуу дуучиддаа дуугаа хуваалцаж дуулалгүй яах вэ. 1996 онд “Аргагүй амраг” цомогт багтсан “Чи алзахгүй” дуугаа өөрийн шавь Насанбуянтай бичүүлсэн байдаг.
-Та ая зохиогч Ангирмаатай олон жил найзалж байгаа шүү дээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр та бас продюсер хийж байгаа юу?
-Продюсер хийнэ гэдэг дуучныг худалдана гэсэн үг шүү дээ. Би бол худалдаа наймааны юманд оролцох дургүй. Зүгээр өөрийнхөө зүгээс тусалж, Насанбуян шавиа 2007 оноос хойш өөрийнхөө тоглолтод дагуулж явсан. Энэ хугацаанд үнэ төлбөргүй дуулуулсан нь ховор доо. Цалинг нь өгөөд явдаг. Тэгсэн хэр нь би өөрөө шавьдаа чадах эрдмээ сэтгэлээрээ л заадаг. Хэрвээ мөнгө төгрөгөөр заах бол анхнаасаа продюсер хийнэ гээд гэрээ контрактаа хийгээд хуулийн зөвлөхтэй албан ёсны гэрээ хийх болно. Гэтэл манайхны хүнд тусалчихаад араас нь ярьдаг. Буруу ойлголцох зүйлүүд гардаг шүү дээ. Нэг нь хөрөнгө оруулалт хийчихээд тодорхой хэмжээний хувь авна гэж бодсон бол нөгөө хүн нь надад сэтгэлээрээ зүгээр тусалсан гэж бодоод хувиа өгөх бодолгүй ч байдаг юм уу. Тиймэрхүү маргаан гарч л байсан. Манай Ангираагийн хувьд хууль ёсны дагуу гэрээгээ хийдэг. Энэ тал Наранзун продюсер бас сайн ажилладаг. Продюсерыг бол үнэгүй хийдэггүй. Би бол үнэгүй сэтгэлээрээ л хийдэг. Мэргэжлийн продюсер гэдэг ашгийн төлөө явж байгаа бизнес шүү дээ. Би бол авьяасаар бизнес, мөнгө хийх дургүй.
-Анхны тоглолтоо хэзээ хийж байсан юм бэ. Тэр үедээ шинэ жишиг байсан уу?
-1994 онд өөрийн бие даасан тоглолтоо хийгээд уран бүтээлчдийнхээ тасалбарын үнэд жишиг тогтоож байсан. 1992 онд “Зүүдний говь” анхны цомгоо дуучин Ганхуяг, хөгжмийн зохиолч Пүрэвдоржтой хамтран гаргасан. Анх удаа цомгоо 10-15 доллараар зардаг болоод, “Инээмтгий хүн” цомгийг дэлгүүрт 15 доллараар, “Аргагүй амраг” цомгийг хорин доллараар зардаг байлаа. Өнөөдөр хорин доллар гэхээр тавь гаруй мянгаар Улаанбаатарт CD зарагдахгүй байгаа шүү дээ. Дуучдын цомгийн үнэ унасан. Та бүхэн анзаарч байгаа бол байрны м.кв-ын үнэ, барилгын үнэ өсөөд байдаг. Гэтэл уран бүтээлч, дуучдын тоглолтын үнийн ханш хэвэндээ, өсдөггүй. Дуулах үнэ хэвээрээ л байгаа. Гэтэл сошиал медиагаар наадмын нээлтэд дуучид үнэтэй дууллаа гэдэг. Сонгуулиар их мөнгөөр сурталчилгаанд явлаа гэнэ. Соёлын өдрүүдээр Монгол Улсаа төлөөлөн дуулахын тулд хувийн зардлаар онгоцны билетээ аваад явж байсан тохиолдол ч надад бий. Улсыг төлөөлж дуулдаг хэрнээ улсад дансгүй дуучид гудамжиндаа байж л байна. Ерөнхий сайд соёл урлагийн том ордон барина гэж төсөл, макет нь яригдаад явж байгаа. Түүнийг сонсоод уран бүтээлч хүний хувьд их баярласан. Одоо л нэг юм бид орох оронтой болох нь. Гуч гаруй жил дуулахад уран бүтээлчдэд улсаас дэмжлэг туслалцаа байдаггүй. Тэр байтугай орон нутгаар аялан тоглох газруудын түрээс гэдэг ч юм уу тэр тал дээр ерөөсөө анхаардаггүй. Ийм жижигхэн зүйл дээр ч уран бүтээлчид маш их урам, итгэл, найдвар горьдож, тээж явдаг юм. Заавал эд материал биш гэхэд анхаарал хэрэгтэй. Үүн дээр төр засаг минь биднийг анхаарч, уулзаж, ярилцаад сэтгэл зүрхээ нээгээд хурал цуглаан хийвэл зүгээр санагддаг. Уран бүтээлчид ч гэсэн бие биенийхээ ханшийг битгий унагаасай. Бид болон бидний дээд үеийнхэн ямар зам мөр гаргана, тэр замналаар хойд үе дүү нар болон үеийнхэн маань замнана. Тиймээс хойч үедээ сайхан дардан зам мөрийг үлдээх ёстой гэж би боддог.
-Сонсогч хүний хувьд сүүлийн үеийн ямар хамтлаг дуучдыг сонсож байна. Таны сэтгэлд нийцэх хамтлаг дуучид байна уу?
-Би тэр энэ гэж онцлох дургүй. Ямар ч байсан би фм 102.5-ын чартыг сонсох дуртай. Сүүлийн үед надад Казахстаны дуучин Димаш Кудайберген гайхалтай хоолойтой дуучин санагдсан. Манайд оновчтой сайхан хит дуу гаргаж байгаа дуучин Наагий буюу Наранбаатар гээд Филармонийн гоцлол дуучин сайхан хоолойтой залуу байна. “Киви” хамтлагийн ахлагч Ука их сайхан дуунууд гаргаж байна. Залуучуудыг зөв байлдан дагуулж чадаж байна. Наки, дуучин Сэрчмаа. “Никитон” хамтлагийн 25 жилийн ой их сайхан боллоо. “Чи минийх” гэдэг дуу нь их гоё санагдсан. Мөн Чойжоогийн дуунуудад дуртай. Ш.Дулмаа гуайн ач Тэнүүний Регги дуу гарсан байна лээ. Ер нь залуучуудыг бас сонсоно шүү. Гоё гоё аялгуутай дууг даган баясна. Этгээд хоолойтой, өвөрмөц стильтэй дуучид их төрж байна. Монгол HD телевизийн Войс шоунаас төрсөн Энгүүн маш гайхалтай тоглолт хийдэг дуучин байна лээ. Би хоолойг нь сонссон. Говь-Алтай аймагт бид тоглолтоор хамт явсан. Манай Камертоныхон бас их гоё юм аа. Би Ган-Эрдэнэтэй “Монгол туургатан мисс” тэмцээний дууг хамтран дуулсан. Үнэхээр “Камертон” бол “Камертон” л юм байна лээ. Яагаад энэ он удаан жил” Камертон”-той хамтран дуулаагүй юм бол оо гэж би бодсон. Болд хийж байгаа ажилдаа маш чамбай. Аргагүй Жамьян гуайн зээ. Ач нь Никитоны Батчулуун. Рок попыг чимж байгаа хоёр монстер шүү дээ. Удахгүй манай “Харанга” хамтлаг 30 жилийн тоглолтоо хийх гэж байна. Ингээд бодоход би “Харанга” хамтлагаас өмнө 30 жилээ хийсэн гэж бодохоор “Харанга” хамтлагаас өмнө монголын рок попын ертөнцөд гишгэсэн байдаг юм байна. Би “Харанга” хамтлагийнхаа 30 жилийн ойд оролцоно гэж бодож байна. Рок поп гэдэг салшгүй нэгэн хамт олон. Энэ гайхалтай хамт олны нэг хэсэг болж явж байгаадаа бахархаж, баярладаг. Би бүгдэд нь хайртай. Хип хоп ч бай, рок поп ч бай, алтирнатив гээд. Монголын рок попын ертөнцөд анхны удаа пянз гаргасан эмэгтэй алтирнатив дуучин гэдгээр Отгоогоороо бахархдаг. “Гүзээлзгэнэ шиг амт” гэдэг дуу нь маш их таалагддаг. Отгоо маань гэр бүлийнхээ амьдралыг хамгийн түрүүнд зохицуулаад дараа нь уран бүтээлээ хийдэг. Маш өөдрөг, цоглог эмэгтэй. Мөн миний алтан партнёр Дашдондог маань хамгийн том амжилт болсон THE HU хамтлагийн фэнамен гэж ярина шүү дээ. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан фэнамен болсон. Энэ бол рок попын бас нэгэн ялалт хэмээн бид баярлаж яваа. Дашкадаа болон “THE HU” хамтлагтаа баяр хүргэе. Олимпийн аваргууд төрж дэлхийд Монголыг цуурайтуулж байсан шиг Монголынхоо нэрийг дуурсгаж яваад баярлаж яваа шүү.
-Та MN25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлэгт орж байхад “Би нэг ч амралтын өдөр, нэг бүтэнсайн өдөр гэртээ бүтэн өнжиж үзээгүй” гэж ярьж байсныг санадаг юм. Түүнээс хойш бас олон жил өнгөрч хүүхдүүд тань том боллоо. Завгүй ээжийн ажлаас хэр чөлөөлөгдөж байна. Өөр өөртөө зарцуулах зав гаргаж чадаж байгаа юу?
-2006 онд би охин Хулангаа гаргачихсан, хүү минь есөн настай, дүүгийнхээ охиныг өөр дээрээ авчихсан зургаан настай байсан. Ингээд гурван бяцхан хүүхэдтэйгээ, настай ээжтэйгээ, эгчийнхээ 16 настай хүүг бас хамт өсгөлцөөд ер нь бол шаггүй байсан. Амьдралын нэлээд зүйлийг зах зухаас нь үзсэн. Гэхдээ тэр үедээ амьдрал хэр хүнд хэцүүг төсөөлж байгаагүй. Хүн ууланд гарахдаа хэр өндөрт гарахаа төсөөлдөггүйтэй адил би ч тэр оргил руу мацсан. Оргилд нь гарсан хойноо таашаал авах уу, үгүй гэдэг л байдаг юм байна. Тэгээд он удаан жил өөрөөсөө харамлаж, өрөөл бусдын төлөө амьдарсан минь талаар болоогүйг өнөөдөр өөртөө хэлж чадаж байгаа, хүлээн зөвшөөрч байгаадаа баяртай байна. Хүүхдүүд минь том болж том хүү минь 22 нас хүрлээ. Гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэлээ. Хүү минь сургуулиа төгсөх гэж байна. Манай хоёр том оюутан болсон. Бага нь наймдугаар ангийн сурагч. Тэр үеийн ачаалал минь харьцангуй багассан. Хүний амьдралд бэрхшээл тулгарвал хэрхэн даван туулахыг миний аав ээж надад бодитоор зааж өгч байсан. Би гайхдаг юм. Ээж аав минь сэтгэл санаагаар унаад, уйлж унжаад, гараа унжуулаад ажил бүтэхгүй байна гэж гомдол нэхэж байхыг би нэг ч удаа хараагүй. Миний аав ээж өөдрөг үзэлтэй хүмүүс байсан. Тиймээс би ч гэсэн тэгж л өсч хүмүүжсэн юм шиг байна. Хүүхдүүдээ ч тийм маягаар хүмүүжүүлэхийг хичээдэг. Би хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн гэж одоохондоо хэлж чадахгүй. Яаж хүмүүжүүлснийг аяндаа цаг хугацаа харуулах биз. Мянга сайн хүмүүжүүллээ гээд хувь хүний заяа төөрөг, үйлийн үр гэж байдаг. Түүгээрээ л явах байх. Би аль болох өнгөрүүлсэн амьдралдаа муу зүйл хийхгүй, үр хүүхдэд минь муугаар нөлөөлөхгүйгээр сайн сайхан амьдруулахын төлөө маш их зүйлд өөрөө золиос хийж, өөрийнхөө хийх дуртай зүйлээсээ хайртай бүхнээсээ би хагацаж салж чадаж байсан. Энэ он удаан жил орь ганцаар амьдарсны үр шим гарч байгаа байх гэж бодож байна. Тайзан дээр би үзэгч сонсогчдодоо хүндлүүлж хайрлуулж, тайзан дээр хатан хаан шиг дээшээ байсан энэ амьдрал минь магадгүй миний энэ ганцаардсан үеийг дүүргэж байсан байх л даа. Яах аргагүй дүүргэж байсан. Би уйдах дургүй хүн. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж, уран бүтээл туурвиад, өөрийгөө ажлаар дүүргэдэг байсан. Тэр бүтээлч зан минь надад өөрт болон үзэгчдэд минь сайнаар нөлөөлсөн. Үзэгч түмэн минь хайртай дуучныхаа 22 цомгийг хүлээн авчээ. Ид од болон гялалзаж байх үедээ тайзнаасаа хурдан буусан одууд байдаг. Тийм баймааргүй санагддаг. Дурсан санах дурсамжтай, бахархах уран бүтээлтэй тийм түүх, өвийг хойч үедээ үлдээх юмсан гэж бодож явдаг.
-Уран бүтээлч хүн учир бүхий л дуундаа хайртай байх. Тэр дундаа таны хамгийн онцлоод сонгоод хэлчих хамгийн хайртай дуу тань аль нь вэ?
-Хараад байхад “Хайрын бурхан” гоё дуу юм байна. “Учралын бльюс”, “Дуучин чамдаа”, “Би жаргалтай” гээд дуунууддаа би их хайртай.
-33 жил урлагт зүтгэлээ. Энэ хугацаанд үзэгчдийн хөгжмийн боловсрол хэр өөрчлөгдөж, өссөн бол?
-Өсөлгүй яахав. Гайхамшигтай өссөн. Үзэгч түмэн минь амьдаараа дуулж байна уу, амаа хөдөлгөж байна уу бүгдийг мэдэж байна. Хоёрдугаарт, дуураймал гадны хөгжмийг хуулбарлахыг хүлээн зөвшөөрөхөө больсон. Жинхэнэ сэтгэлийн угаас гарсан хөгжмийг 100 хувь давтан дуулж чадаж байна. Маш их мэдрэмжтэй. Монголын нийгэм хөгширч байгаа биш өсч байгаа. Монгол хүний потенциал ямар өндөр гэдгийг өдөр болгон шахам л батлан харуулж чадаж байна. Тэр утгаараа манай үзэгч сонсогчдын хөгжмийн боловсрол маш их дээшилсэн.
-Та он удаан жил хамтран ажилласан хөгжмийн зохиолчдоо байнга л шинэ уран бүтээл хийж өгөөсэй гэж боддог байх. Магадгүй шинэ залуу олонд танигдаагүй уран бүтээлч нар танд “Миний уран бүтээлийг амилуулаад өгөөч” гэж хүсэлт тавьдаг уу?
-Тавина, тавина. Би гэхдээ цензуртай ханддаг. Таалагдсан дуугаа дуулна. Таалагдахгүй бол татгалзана. Гэсэн хэдий ч би энэ хөгжмийн зохиолчоос олон дуу авсан энэ хүнээс одоо юм гарахгүй гэж би хэзээ ч боддоггүй. Дахиад нэг надад дуу зохиогоосой. Яавал би энэ хөгжмийн зохиолчид таалагдах бол гэж үргэлж боддог. Он удаан жил хит дууг нь дуулчихаад, яруу найрагч хөгжмийн зохиолчдоо таалагдах гээд л би явдаг. Магадгүй энэ гэгэлгэн сэтгэлгээ минь хөгжмийн зохиолч, яруу найрагч уран бүтээлчдэд маань таалагддаг байх л даа. Би уран бүтээлдээ хэзээ ч гар татдаггүй.