Жил жилийн дулааны улиралд улиас мод хөвөн, тоосоо агаарт цацсаны
улмаас харшлын өвчин нэмэгддэг. Тэгвэн энэ жилээс улиасыг цэцэглэх тухай бүрт нь
залуужуулах тайралтаас гадна молцогт мөчрүүдийг нь тайрдаг болсон учраас улиасны
хөвөн, тоос агаарт дэгдээгүй аж. Энэ талаар Биологийн шинжлэх ухааны доктор, профессор
Б.Сангидоржтой ярилцлаа.
-Улиасны
хөвөн, тоос чухам яагаад харшил үүсгээд байдаг юм бэ?
-Энэ асуудлыг бид сүүлийн 30 гаруй жил судалж байна. Нийгмийн хөгжилтэй
холбогдож бий болсон өвчлөл буюу хотжилтын өвчин ч гэх нь бий. Халдвартай, халдваргүй
гээд харшил дотроо олон төрөл. Харшил үүсгэх маш олон хүчин зүйл бий. Одоогоор
20 гаруй харшил үүсгэгч илрээд байна. Сүүлийн үед хамгийн их өвчлөл үүсгэдэг олон
төрлийн ургамал илрүүлсэн. Цэцэгт ургамлын дохиурын тоос агаарт тархсанаар харшил
үүсдэг. Ерөнхийд нь мод сөөг, үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилжны гээд
ангилсан байдаг. Манай орны ургамлын 200 гаруй зүйл нь харшлын шалтгаантай гэж тогтоогдсон.
Үүний 40 орчим нь онцгой харшил үүсгэдэг бөгөөд шарилжны төрлийн ургамал хамгийн
аюултай харшил үүсгэгч нь. Эдгээр ургамлыг ургах явцад нь хадах зэргээр дохиурын
тоосоо тархуулахгүй байх арга хэмжээг авч байвал ургамлын харшлаас айх зүйлгүй.
-Шарилжнаас
гадна зарим модлог ургамал тэр дундаа улиасыг харшил үүсгэдэг гэдгээр нь бид сайн
мэднэ?
-Тийм шүү. Нийслэлийн ногоон байгууламжийн ихэнх хувь буюу дөрвөн
навчист мод тутмын гурав нь улиас. Хотын төв хэсэгтээ дөрвөн мянга гаруй улиас ургадаг
гэх тооцоо бий. Улиас эр, эм гэсэн хоёр төрлийн цэцэгтэй. Эр цэцэг нь тавдугаар
сарын эхээр цэцэглэдэг. Улаан хүрэн өнгөтэй, анхилуун үнэртэй. 10 орчим хоног дэлгэрсэн
улиасны эр цэцэгний дохиурны тоосовч задарч, нэгээс гурав хоногийн дотор агаарт
тоосоо цацдаг. Энэ үед гарсан тоос агаарт их тархаж, харшил үүсэх нөхцөл болдог
юм. Улиасны тоосны харшлаар дэлхийн томоохон хотуудын иргэд ч гэсэн өвддөг. Гэхдээ
үет ургамал, хөл газрын ургамал буюу шарилж, луулийн цэцэг улиасынхыг бодвол илүү
хортой.
-Тэгвэл
улиасны хөвөн нь биш дохиурын тоос харшил
үүсгэдэг байх нь. Гэсэн хэдий ч хөвөн нь агаарт тархан хийсээд эхлэхээрээ хүмүүст
таагүй байдаг?
-Хүмүүс эм улиасны цэцгийн үр буюу хөвөнг нүдэнд харагдаж байгаа
болохоор нь л буруутгадаг. Гэтэл нүдэнд харагдахгүй агаарт тархах тоосноос нь харшил
үүсдэгийг мэддэггүй. Гэхдээ улиасны хөвөн ямар ч аюулгүй гэсэн үг биш. Хөвөн яаж
үүсдэг вэ гэхээр улиасны нахиа задрах хооронд эм цэцэг боловсорч байдаг. Эм цэцэг
нь жижигхэн ногоон өнгөтэй, молцог хэлбэртэй. Тэр нь зургадугаар сарын эхнээс долдугаар
сарын эхний 10 хоног хүртэл боловсорч мяндаслаг хөвөн болоод салхинд хийсдэг. Ингэж
хөвөн үүсдэг. Энэхүү хөвөн нүдний болон арьсны салст өвчин үүсгэдэг. Их хэмжээний
хөвөн цугларвал орчныг бохирдуулахаас гадна галын аюултай.
Гэхдээ улиас харшил үүсгэгч, хөвөн, тоос агаарт цацаад байна гээд
тайрч, устгана гэж болохгүй. Улиас олон талын ач холбогдолтой. Тоос шороонд маш
тэсвэртэй, өөрөөсөө анхилуун үнэр ялгаруулж, орчин тойрныхоо агаарыг цэвэршүүлдэг,
хурдан өсдөг, олон жил насалдаг. Улиас их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулахаас
гадна тоос шороо багасгана, дуу чимээ өөртөө шингээж нарны хэт ягаан туяаны төөнөлтийг
саармагжуулдаг зэрэг олон талын ач холбогдолтой . Тийм ч учраас манайхан улиас мод
их тарих болсон. Тиймээс Нийслэлийн захирагчийн ажлын албанаас харшил үүсгэдэг мод
сөөг, ургамал, навчист моддыг арчлах тал дээр энэ жилээс онцгойлон анхаарч ажиллахаар
болсон.
-Тухайлбал?
-Өмнө нь зөвхөн залуужуулах огтлолт хийдэг байсан бол энэ жилээс
молцогт тайралтыг давхар хийдэг болсон. Залуужуулах огтлол гэдэг нь ямар ч өндөртэй
байсан хамаагүй өндрөөс нь зургаагаас арван метр болгож огтолно гэсэн үг. Харин
тав, зургадугаар сард навчлаад ирэнгүүт нь ногоон молцогт мөчрүүдийг нь давхар тайрна.
Ингэсэн тохиолдолд улиас хөвөн хаяхгүй. Ийнхүү тайрах, багасгах зэргээр улиасны
тоос, хөвөнг багасгаж байгаа хэрэг.
-Молцог, мөчрийг нь тайрах, залуужуулах огтлол
хийхээс өөрөөр тоосоо хаяхаас сэргийлэх арга байдаг уу?
-Дээрх механик аргаас гадна
химийн бодис хэрэглэх санал зарим хүмүүс гаргасан. Үүнтэй бид санал нийлэхгүй байгаа. Химийн бодис
нь бидэнд эргээд асар хортой. Бидний өнөөдрийн улиасыг навчлаад ирэнгүүт молцогт
мөчрүүдийг тайрах, өндрөөс нь тайралт хийх зэрэг арга нь энгийн, зардал бага хэрнээ
маш үр дүнтэй арга. Харшил үүсгээд байна, тайрч устгая, тарилтыг нь багасгая гэх
зэргээр олон хүн ярьдаг. Гэхдээ манайх шиг эрс тэс уур амьсгалтай орны хувьд улиас
шиг ургалт сайтай, хотын өнгө үзэмжийг сайжруулдаг, ургалт сайн ургамал байхгүй.
Бид улиасны хөвөн, тоосжилтыг дээрх механик аргаар хязгаарлая гэдэг байр суурьтай
байна. Хөвөн, тоосоо агаарт цацахаас нь урьтаж жилдээ ганц тайралт, огтлолыг хийчих
юм бол болох нь тэр. Түүнээс улиас жилд хоёр гурван удаа тоос, хөвөнгөө хаяад, арчлалт
шаардаад байдаг мод биш шүү дээ.
-Улиаснаас
өөр харшил үүсгэгч модлог ургамал бий юу?
-Нийслэлд хамгийн их таригдсан учраас түүний биологийн үйл явц бүхний
өмнө ил байдаг. Бусад орны судлаачид хус улиаснаас илүү харшил үүсгэх нөхцөл бүрдүүлдэг
болохыг нь тогтоосон байдаг. Гэхдээ манай орны хувьд энэ нь эсрэгээрээ байдаг юм.
Улиаснаас гадна зарим зүйлийн бургас, улиангарууд харшил үүсгэдэг.
-Зарим
хүн ургамлын харшилтай гэхээс өөр нарийн зүйл мэддэггүй учраас буруу эм тариа хэрэглэх
нь элбэг. Манайд ямар ургамлаас харшилж байгааг нь тогтоох оношилгоо хэр нарийн
хийдэг вэ?
– Танд харшил үүсгэдэг зүйл надад харшил үүсгэдэггүй. Гэтэл манайхан
таамгаараа миний харшил бол шарилжных. Хэн нэгний ургамлын харшилдаа хэрэглэсэн
эм надад ч таарна гэсэн маягаар дураараа өөртөө эмчилгээ хийснээс өвчнөө хүндрүүлдэг.
Хэрэв харшлын шинж тэмдэг илэрвэл дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдлийн харшлын эмчид
хандах хэрэгтэй. Манайд ургамлын зүйлийн түвшинд оношлох 11 төрлийн оношлуур бэлтгэгдсэн
байгаа. Тийм учраас мэргэжлийн эмчид хандах нь хамгийн зөв.
-Улиасыг
залуужуулах тайралт, огтлол хийхэд техник, тоног төхөөрөмжийн хувьд хүрэлцээтэй
байж чадаж байна уу?
-Хотын захирагчийн алба, хот тохижуулах хэлтэс бүх дүүргүүдэд залуужуулах
огтлол хийж эхэлсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс кран түрээслэх
бодолтой байна. Ингэвэл залуужуулах тайралтыг бүрэн хийх боломжтой. Үүнийг хоёроос
гурван жилдээ нэг хийдэг бол молцог тайралтыг жил бүр хийнэ.
Хамгийн гол нь тайралтыг зөв
хийх ёстой. Ингэсэн тохиолдолд залуужуулах огтлол хийлгэсэн улиас хэлбэржиж, зөв
хэлбэрээр дахин ургадаг.
М.УУГАН-ЭРДЭНЭ