Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна DNN.mn

Монгол Улсын хилээр иргэд эм бэлдмэл, витамин оруулж ирэх эрхгүй. Гадаадад олон жил ажиллаж амьдарсан иргэд тэндээ хэрэглэж дассан эм бэлдмэлээ Монголд ирэхдээ авчрах, захиалах боломжгүй. Монголд амьдарч буй ээж аавдаа гадаадаас хүүхдүүд нь хэрэгтэй эм тариа, чанартай эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлж чадахгүй байна. Монголын эмийн салбарын бүтээгдэхүүний чанар стандарт, үнийн асуудал маш ноцтой хэмжээнд хүрчихснээс иргэд баталгаатайг нь хэрэглэхийг хүсэх нь аргагүй. Гэвч үүнийг манай гаалийн байгууллага зөвшөөрдөггүй.

Байсхийгээд л гаалийн байцаагчтай холбоотой иргэдийн гомдол сошиал орчинд хөвөрдөг. Хилээр оруулж буй бараа таваар, илгээмжийг нь хайр найргүй задалж ухаж төнхөх энүүхэнд. Цаашлаад ихэнхийг нь хориглосон нэрээр оруулахыг зөвшөөрөхгүй, хурааж авдаг. Бөөн ажил явдал үүсгэж байж авсан барааг минь тоночихлоо гэх зэрэг бухимдсан иргэд олон бий. Эм бэлдмэл, витамин оруулж ирэх гээд чадахгүй байгаа иргэдийн цаана эрүүл мэндийн асуудал л яригдаж байдаг.

Саяхан Канадаас ханиадны эм бүхий бага оврын бараа захиалсан ахмад Б.Сандуйжав гааль дээрээс бараагаа хүлээж авах гэж бөөн бужигнаан болжээ. Энэ тухай түүнтэй ярилцлаа.


-Охиныхоо явуулсан эмийг хүлээж авах гэж гурав хоногийн ажил болсон гэв үү. Юу болсон талаар ярьж өгөхгүй юу?

-Хөгшин бид хоёр Канадад охин дээрээ нэлээд олон удаа ирж очсон. Ковидоос хойш явж чадаагүй. Канадад байхдаа эмнэлэгт үзүүлж, эм бичүүлж авч байсан. Аптекаар жоргүй зардаг эм ч байдаг. Түүнийг ч авч хэрэглэдэг байлаа. Д витаминаас эхлээд нэмэлт бүтээгдэхүүн ч чөлөөтэй. Гэтэл манайд тэр бүтээгдэхүүн байна уу үгүй юу, байлаа гэхэд баталгаатай юу, үнэ ханш нь ямар билээ. Хэд ч нугалж зардаг юм бэ. Үнэхээр хэцүү. Тэтгэврийн хөгшчүүл бид үр хүүхдээ бараадаж, жаахан эм захисан юм. “Теленол” гэж зунд уудаг, өвлийн хүйтний ханиаданд уудаг хоёр төрөлтэй эм бий. Шөнө, өдөр ч ууна. Маш сайн эм. Ийш тийшээ явдаг монголчууд маш сайн мэддэг юм билээ. Ердөө тэрнээс өвлийнхөөс нэг хайрцаг, зуныхаас нэг хайрцаг, нэмэлт витамин хоёр гурав, эрүүл мэндийн цай захисан. Хааш хаашаа 20 см хайрцагтай л бараа.

Ингээд Монгол руу илгээлээ гэсэн. Өмнө нь хоёр долоо хоноод ирдэг байтал хоёр гурван сар болоод ирсэн гэлээ. Баярлаад шуудан дээр очоод авах юм боллоо. Тэгсэн чинь гаалийн байцаагчид “Хориотой бараа ирсэн байна. Хураана” гэж байна. Би хэлсэн. “Ямар ч хориотой юм байхгүй. Хүний хэрэглэдэг эм л бий. Канадад байхдаа уудаг байсан, биед маш сайн таардаг эм” гэтэл “Эмчийн бичгээ үзүүл” гэж байна. Юу гэж канад эмчийн бичсэн резивтийг энд авч явах вэ дээ. Түүнийг гаалийнхан шалгах ямар ч эрхтэй юм бүү мэд. Тэгээд “Үүнийг зарж борлуулахгүй. Хөгшин бид хоёр л хэрэглэнэ. Үхвэл бид хоёр л хордож үхнэ. Хаяг нь тодорхой, охин маань явуулсан. Ээж аавдаа хор явуулах улс байхгүй” гээд ядлаа.

-Тэгээд авч чадаагүй байх нь?

-Тийм ээ. Ядаж эмийг маань өгчих. Нэмэлт бүтээгдэхүүнийг нь больё, хураалгая ч гэж хэлж үзлээ. Гаалийн тэр хүүхнүүд “Бүгдийг буцаана” гэлээ. Хөгшин бид хоёр нэлээд бухимдсан. Өгсөн ч үгүй. Буцаж таарлаа. Ингээд охиныхоо танил хил гаалиар бараа таваар оруулдаг хүмүүсээс лавлалаа. Тэгсэн “Гаалийнхан бараа буцаадаггүй юм аа. Тэр улс руу нь явуулах ч үгүй. Та ахиад хөөцөлд” гэсэн. Тэгэхээр нь маргааш нь өөр ээлж дээр нь явж очлоо. Учир явдлаа хэлсэн. Нөгөө ээлж рүүгээ ярьж байна. Өнөө хэд нь дургүйцсэн бололтой. Ахиад л өгөх шинжгүй болсон. “Та хэд маргааш ир. Өчигдрийн ээлжийн хүмүүс маргааш гарна. Тэр хүмүүстэйгээ учраа ол” гэнэ. Арга буюу маргааш нь ахиад явж очлоо. Хэдхэн эмээ авах гэж гурван өдрийн ажил болсон шүү дээ.

-Яг ямар үндэслэлээр өгөхгүй байсан хэрэг вэ. Гаалийн байцаагчид юу гэх юм?

-Хөгшин бид хоёр хэдхэн эмнийхээ төлөө ахиад явж очоод бүр загнуулсан шүү дээ. Хоёр гурван өдөр асуудал үүсгэж байна гэж их л дургүй байгаа бололтой. Ээлжийн ахлагч нь бололтой хүүхэн сэлбэлзээд “Та нар гаалийнхныг хооронд нь хагаралдууллаа, яс хаялаа” гэх зэрэг үг хаяж байна. Ашгүй хяналтын албаны нэг хүү эмийг маань нэлээд эргүүлж тойруулж харж байгаад “Гайгүй л юм байна. Ямар ч ноцтой юм алга. Хүний хэрэглэдэг цөөхөн тоотой юм байна” гэсэн бололтой өгөхөөр болсон. Өнөө хайрцгийг маань дөрөв задалж, дөрөв нааж бөөн юм болж байж арай гэж салгаж авсан даа.

Эндээс нэгдүгээрт, гаалийн байгууллагын ажилтнуудын харьцаа хандлагын асуудал яригдана. Хоёрт, хуулиа хэрэглэж сураагүйн илрэл шүү дээ. Хууль хэрэглэнэ гэж чухал юм байдаг. Би бол 1992 оны анхны Үндсэн хууль батлалцаж явсан, хууль эрх зүйн талаас гадарлахтайгаа хүн. Хуулийг зөв хэрэглэх ёстой байдаг. Ямар хүнд хаанаас ямар хүн юуг явуулсныг цаанатай наанатай бодох ёстой. Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодын Афганистан ч юм уу, эсвэл Латин Америкийн Колумбаас ирсэн бол хардах нь зөв. Канад бол өндөр хөгжилтэй улс, хилээрээ хамаагүй эд бараа гаргадаг улс биш.

Манайд бол хуульд тийм тийм барааг хувь хүн оруулж ирэхийг хориглоно гэдэг юм байна. Гэхдээ зарж борлуулахыг хориглодог. Харин угтаа бол тав арваар хэрэглээнд оруулж ирж байгааг ингэж хамруулж болохгүй. Ингэж хуулиа хэрэглэж мэддэггүй нөхөд байна. Манай улс өөрсдөө дэлхийн стандартад нийцсэн эм бэлдмэл гаргаж хэвшээгүй. Тэгсэн хэрнээ хуулиа түрүүлээд гаргачихсан. Хил гаалийн байцаагчид бидний хэдэн хөгшдийн эмийг онгичиж ухаж байхаар вагон вагон ачаагаа шалгаж, тэр нүүрсэн доор гаргаж байгаа Монголын үнэтэй зүйлсийг илрүүлж баймаар юм.

-Нүүрс гэснээс нүүрс тээврийн олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй хилээр гарсан хэрэг мандаж байгаа шүү дээ. Гаалийнхны л хийх ажил байсан?

-Тэр шүү дээ. Нүүрсний хэрэг гэж ямар лут хортой хэрэг мандаад байна. Улс орноо тоносон, хэдэн их наядаар хохироосон хэрэг гэж шуугиад байна. Монгол Улсын хилээр гарч байгаа тэр олон мянган машиныг гаалийн байгууллага шалгах ёстой байсан. Гэвч тэгээгүй. Тэр ноцтой хэргээ ярихгүй, чих нь дүлий, нүд нь балай өнгөрдөг хэрнээ хэдэн муу иргэдийнхээ эм тариаг хурааж аваад аархаж суух гэж дээ. Хуулийн хүмүүс ярина лээ. Олон мянган машины мэдээлэл алга боллоо, олон мянган машиныг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байна гэж ирээд зарлаад байгаа. Түүнийг нь сонсч л сууна. Гэтэл гаалийн байгууллага сая юу ярив даа, эм бэлдмэл оруулж ирвэл хураана шүү гэж сууна шүү дээ. Маш харамсалтай юм гэлээ.

Монгол Улсын гаалийн байгууллага өвчин зовлонтой иргэддээ ингэж л аархдаг. Үүнийг батлах хэвлэлийн хурлыг сая гурав хоногийн өмнө Гаалийн ерөнхий газраас зарлалаа. ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “Гаалийн байгууллага биологийн идэвхит бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна… Иргэд хувийн хэрэглээнд витаминыг захиалж авч болох уу гэдэг асуудал үүсдэг ба хил дээр энэ төрлийн асуудал их гардаг…Хэрэв бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхит бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон байх эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналт тавих үүрэгтэй, хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий, иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ирээд иргэдийг буруутгалаа.

Гэтэл нүүрсний хэрэг мандахтай зэрэгцэн гаалийн байцаагчид хууль зөрчсөн ноцтой үйлдлүүдийг зарласан. Энэ тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-нд нүүрсний хэргийг шалгах ажлын хэсэгт багтсан ГЕГ-ын зөрчилтэй тэмцэх газрын дарга Б.Сүхбаатар дараах мэдээллийг өгсөн нь анхаарал татна. Тэрбээр “Нүүрсний экспорттой холбоотойгоор Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дөрвөн удаагийн шалгалт хийсэн. Эхний шалгалтын үр дүнд нийтдээ 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд экспортын гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдүүлэг Гаалийн мэдээллийн автоматжуулсан системд байгаагүй. Өөрөөр хэлбэл, бүртгэгдээгүй гэсэн үг. Энэ нь дээрх хэмжээний нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр экспортод гаргасан байж болзошгүй байгаа тул тухайн үеийн ажлын хэсгээс цаашид эрх бүхий байгууллагад шилжүүлж, шалгуулах саналтай байна гэсэн дүгнэлт гаргасан байгаа.

Хоёр дахь шалгалт, 2018 оны зургадугаар сарын 5-наас 31-ний өдрүүдэд явсан. 2013-2017 онд Гашуунсухайт боомтоор экспортод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг хамруулсан. Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд Таван толгой ХК-иас худалдаж авсан нүүрснээсээ илүү тоо хэмжээтэй нүүрс гаргачихдаг. Зарим нь үлдэгдэлтэй байж байдаг гэх мэт эргэлзээтэй олон асуудал гарч ирсэн. Дээр дурдсан 2013-2017 оны хооронд нийтдээ 2527 машин 17 мянган удаагийн давтамжтайгаар хоосон гэсэн бүртгэлтэйгээр хилээр гарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарч ирсэн….” гэж мэдээлсэн байдаг. Үргэлжлүүлэн хоёр удаагийн шалгалт хийгдэж мөн л ноцтой үйлдлүүд илэрсэн байгаа юм.

Нүүрс тээврийн олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй хилээр орж гарна гэдэг бол гаалийн байцаагчийн эрх хэмжээний асуудал яригдсан гэсэн үг. Нэг ёсондоо олон мянган машин гаалийн бүрдүүлэлтгүй явахыг гаалийн байцаагч зөвшөөрсөн.

Өнөөдөр нүүрсний хэргийн хохирол хэдэн арван их наядаар яригдаж байгаа. Нүүрсний хэрэг ч хэдэн жилийн өмнөөс эхтэй. Тэр үеэс өнөөдрийг хүртэл гаалийн байгууллага улс эх орны төсөв, газрын доорх баялгийн хулгай явагдаж байгааг, түүнийг ажилтнууд нь хамжиж үйлдэж байгааг илрүүлж, зарлаж, үг дуугараагүй хэрнээ ард түмний өвчин зовлон дээр зоолж, эм бэлдмэл, витаминыг нь хамж хураах үйлдэл маш ёс зүйгүй харагдаж байгаа юм.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *